Д.Нямбаяр: Халдвартай хүнийг халдваргүй гэж алдах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямбаяр: Халдвартай хүнийг халдваргүй гэж алдах эрсдэлтэй

Д.Нямбаяр: Халдвартай хүнийг халдваргүй гэж алдах эрсдэлтэй

Covid-19-ийн оношлуур тойрсон асуудлаар хүний их эмч, иммунологич /дархлаа судлаач/, ХБНГУ-ын "Транслатум" анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, АШУҮИС-ийн зочин профессор, зѳвлѳх, анагаах ухааны доктор Д.Нямбаяртай цахимаар холбогдож ярилцлаа.


-Анх-Отгон буюу Монгол Улсад Covid-19 халдварыг анх зөөвөрлөж ирсэн франц иргэнийг халдвартай гэж буруу оношилсон байх магадлалтай гэж үзэж байгаа таны таамаглалаас ярилцлагаа эхлүүлье. Яагаад тэгж таамаглаж байгаа юм бэ?

-Анх-Отгоныг Covid-19-ийн халдвартай гээд буруу оношилсон байх магадлал тун өндөр. Энэ хүн хагас сар гаруйн хугацаанд Монголд чөлөөтэй явсан хэрнээ халдвар авсан хүн гараагүй. Хоёрт, манайд хэрэглэгдэж байгаа Германы оношлуур нь хоёр шатлалаар хийдэг их ярвигтай эд байгаа юм. Эхний удаад нь жирийн ханиад үүсгэгчийг хүртэл илрүүлдэг бүх төрлийн коронавирус илрүүлэх Sarbeco Е тест. Дараагийн удаад нь Covid-19 үүсгэгчийг үздэг RdRp тест юм. Хэрвээ зааварчилгаагаа англиар бүрэн гүйцэд зөв уншиж дийлэхгүй бол хариу нь будилсан байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, зүгээр ханиадтай байсан франц эрэгтэйг Covid-19-өөр өвчилсөн гэж буруу оношилсон байх магадлалтай гэсэн үг. Баталгаатай гэж хэлээгүй магадлалтай гэж хэлснийг анхаарна уу.

-Та ХБНГУ-ын Засгийн газрын захиалгаар Covid-19-ийн эсрэг эм, вакцин болон оношлуур боловсруулах төсөлд уригдан ажиллаж байгаа гэсэн үү. Эм, вакцин бүтээх ажил хэр амжилттай явна вэ?

-Дэлхийд биотехнологийн ширүүн дайн удаан үргэлжлэх шинжтэй байгаа тул хөгжингүй орнууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор дор бүрнээ хөдлөөд эхэлсэн. Миний хувьд саяхнаас ХБНГУ-ын Засгийн газрын тусгай захиалгаар дөрвөн том их сургууль оролцож хэрэгжүүлэх Covid-19-ийн эсрэг эм, вакцин болон оношлуур боловсруулах төсөлд уригдан ажиллаж эхлээд байна. Ирэх аравдугаар сараас мөн Японы оношлуурыг сайжруулах төсөлд эрдэм шинжилгээний багийн удирдагчаар ажиллах урилга ирсэн. Одоо төслөө боловсруулах шатандаа ороод явж байна.

-Covid-19-ийн оношлуурыг дотоодод үйлдвэрлэх санааг та гаргаж, ЭМЯ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Ковид-19-ийн PCR шинжилгээнд ашигладаг оношлуурын бүрдлийг бүтээсэн гэсэн. Уг бүрдлийн давуу тал нь юу вэ. Монголд ашиглаж байгаа оношлуураас юугаараа ялгаатай вэ? 

-Бидний бүтээсэн оношлуур нь одоо Монголд ашиглаж байгаа оношлуураас хоёр дахин бага хугацаанд буюу хоёр цагийн дотор хариу нь гардгаараа давуу талтай. Мѳн түүнчлэн Covid-19-ийг үүсгэгч вирусыг илрүүлэх мэдрэг чанар маш өндөр, өвөрмөцөөр таньдаг оношлуур. Мэдрэг чанар ѳндѳр оношлуурын нэг ач холбогдол нь хуурамч сѳрѳг үр дүнг багасгах юм. Нэмээд хэлэхэд, вирус үргэлж мутаци буюу хувьсан өөрчлөгдѳж байдаг онцлогтой. Одо-огоор манайд гадаадаас худалдан авч ашиглаж буй арилжааны оношлуурууд нь вирус мутацид орсон тохиолдолд оношлогоонд хэрэглэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг бол бидний бүтээсэн оношлуур нь вирус мутацид орсон тохиолдолд тухай бүрт нь таарсан ѳѳрчлѳлтийг оруулж хэрэглэх боломжтойгоороо давуу талтай. Шинжлэх ухааны салбарт 20 гаруй жил Япон болон Герман улсад ажиллаж буй хүний хувьд хэлэхэд бидний бүтээсэн оношлуур нь одоогийн байдлаар дэлхийд хамгийн шилдэгт тооцогдохоор хийгдсэн.

Харин одоо Засгийн газар нь Covid-19-ийг илрүүлэх оношлуур бүтээсэн арга зүйгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай. Ингэж бүртгүүлснээр эрдэмтдийн бүтээл дэлхий нийтэд нээлттэй болох юм. Одоогоор ХБНГУ, БНХАУ, Япон, АНУ зэрэг орны эрдэмтдийн бүтээсэн бүтээл нээлттэй байгаа.

-Дотоодод оношлуурын бүрдэл хэсэг бүтээх ажлын санхүүжилтийг хаанаас гаргасан бэ?

-Эрүүл мэндийн яам оношлуур бүтээх төслийн бодлогыг зангидаж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Санхүүжилт Covid-19 өвчний цар тахалтай тэмцэхэд зориулж ард иргэд, олон нийтээс Эрүүл мэндийн яаманд өгсөн хандиваас гарна.

-ЭМЯ нь "Глобал" сангийн санхүүжилтээр 524 мянган ам.доллароор оношлуур болон Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгсэл авах гэж байгаа. Үүнийг та эсэргүүцэж, цахим хуудаснаа өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. ЭМЯ-ны авах гээд байгаа оношлуур нь яагаад Монголд тохирохгүй гэж та үзэж байгаа юм бэ?

-Хаалттай систем буюу вирус мутацид орсон тохиолдолд хэрэглэж болохооргүй, мѳн Covid-19-ийн халдвараас хамгаалах био аюулгүйн ѳндѳр шаардлагад нийцэхгүй АНУ-ын GeneXpert оношлуурыг манай ЭМЯ-ныхан худалдан авах гэж байна. Түүнчлэн PCR шинжилгээний оношлуурыг хэт олон тоогоор авах нь вирус мутацид орсон тохиолдолд үр дүнгүй худалдан авалт болох юм.

-Таныг оношлуур бүрдэл хэсэг бүтээсэн болохоор тэрийгээ ашиглуулах гээд ЭМЯ-ны ашиглаж байгаа, захиалсан оношлуурыг шүүмжиллээ, ард нь өөрийнх нь эрх ашиг явж байна гэж хардах хүмүүс байгаа байх. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Германы захиалга, Японы урилгаар ажиллаж байгаа талаар дурдсан. Герман ч тэр Япон ч тэр ялгаагүй АНУ-аас хараат бус, өөрийн улсын материал түүхий эдэд тулгуурласан мэдрэг чанар өндөртэй оношлуур бүтээх асуудалд шийдэл гарц олохыг зорьж байна. Миний эрхэм зорилго гадаадад олон жил хамгийн өндөр түвшинд өрсөлдөж ирснийх, мэдлэг туршлагаа эх орондоо зориулах. Түүнээс өөр эрх ашгийг бодоогүй. Намайг төрүүлсэн ээж маань, ах дүү, хамаатан садан найз нөхөд маань Монголд байгаа цагт хичнээн бухимдсан ч тэвчээд ажлаа дуусгаж үр дүнг нь үзмээр санагдаж байна. Тиймээс ч өдөр болгон өөрийн цагаасаа хумсалж энэ ажлыг бүтэмжтэй болгох гээд хичээж байна.

-Дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурын бүрдэл хэсэг нь хэрэгцээгээ хангахуйц хэмжээгээр үйлдвэрлэгдэж чадах уу?

-Манай улс яг энэ хэвээрээ хил хаалттай, гаднаас ирсэн хүмүүсээ цөөн тоогоор татаж байгаа бол цөөхөн тоотой оношлуурт хангалтын хувьд асуудал байхгүй. Харин олон хүнийг хамруулж үзэх нөхцөл гарвал улсын захиалга байдлаар түүхий эдээ татаж авах шаардлагатай болно. Ганцхан ХӨСҮТ гэлгүй бусад PCR төхөөрөмжтэй био аюулгүйн зохих шаардлагыг хангасан олон газарт үздэг болгох хэрэгтэй. Мөн оношлуур, түүний түүхий эдийн зах зээл дээрх эрэлт их, нийлүүлэлт бага байгаа учир энэ нь оношлуурын үнийг хөөрөгдөх эрсдэл дагуулана. Бид дотооддоо хийх учир гадаадаас бэлэн арилжааны оношлуур худалдан авснаас үнийн хувьд хямд тусах болно.

-Монгол Улс нь өдөрт 3000 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол заавал 21 хоног тусгаарлах шаардлагагүй гэж та үзэж байгаа юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Миний бодлоор манай улс стратегийн чухал ач холбогдолтой урд хойд хил болон бүсийн оношилгооны төвүүдийн оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг даруй авах хэрэгтэй байна. Хойд хилээр орж ирж буй хүмүүсийн сорьцод шинжилгээ хийх маш чухал төв болох Дархан-Уул аймгийн оношилгооны хүчин чадал нь одоогоор хоногт 48 сорьцод шинжилгээ хийж байна. Ийм сул хүчин чадалтай болохоороо ихэнх сорьцоо ХӨСҮТ рүү илгээж байна. Иймэрхүү шалтгаануудаас болж ХӨСҮТ -ийн ачаалал ихэсч, тусгаарлалтад байгаа хүмүүсийнхээ шинжилгээг цаг тухайд нь хийхэд хүндрэл учирч байж магадгүй. Тиймээс хүчин чадлаа нэмэгдүүлж, оношилгоонд хувийн хэвшлүүдийг ашиглаж болно. Хоногт ядаж 3000 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай болчихвол 21 хоног тусгаарлаад байгаа одоогийн энэ байдал эрс дээрдэх болов уу.

 -ЭМЯ-наас болон ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа нар таны сошиалд байршуулсан мэдэгдлийн эсрэг няцаалт хийсэн. Одоо иргэд хэнд нь итгэхээ мэдэхгүй, эргэлзээ бий болоод байна?

-Би эрдэм номын мөр хөөж олон жил явсны хүчинд аливаа дүгнэлтийг баримт факт дээр үндэслэн тавьж сурсан билээ. Японоос авсан засагдсан зѳв оношлуур гэж Б.Дармаа эмчийн мэдэгдсэн оношлуурынх нь риверс праймерийн нуклеотид дараалалд нэгдүгээр сарын дундуур засагдсан нэг алдаанаас нь гадна мѳн нэг алдаа одоог хүртэл байгааг би хэлж тайлбарласан. Гэтэл Б.Дармаа эмч үүнийг ойлгоогүй өөр зүйл ярьсан.

Мөн PCR аппаратын талаар мэдэн будилж худал мэдээлэл өгсөн. Орхон аймаг болон Дарханд ашиглагдаж байгаа ТАКАРА компанийн PCR төхөөрөмж хоёр өнгөөр л унших техник үзүүлэлттэй. Нэг нь FAM нөгөөх нь ROX. Дармаа эмч Дархан Орхоны PCR аппаратанд тохирохгүй оношлуур явуулж шинжилгээ хийж байгаа нь халдвартай хүнийг халдваргүй гэж алдах маш том эрсдэлтэй. Үүнийг мэргэжлийн бус хүн ч ойлгох байх гэж найдаж байна.

Уг асуудлыг удаа дараа анхааруулсан авч одоог хүртэл засахгүй зөрүүдлээд яваад байгаа нь ганц хүний хувийн асуудал бус, харин энэ улс орныг аюул руу хөтлөх эрсдэл дагуулах юм.

Мѳн Б.Дармаа эмчийн хамгийн шилдэг нь гээд байгаа Германы оношлуур бол хамгийн мэдрэг чанар муутай, муу оношлуур гэдэг нь “Нэйча” сэтгүүл дээр нотлогдчихоод байна. Энэ фактыг үгүйсгэх баримт нотолгоо Б.Дармаа эмчид байвал гаргаж тавих хэрэгтэй байх. Чадахгүй бол ДЭМБ-ын нэрийг барьж өөрийгөө хаацайлах нь эрдэмтэн профессор хүнд дэндүү ичгүүртэй явдал. Мөн юм болгон дээр ДЭМБ-ын нэрийг барих хэрэггүй. Яагаад гэвэл, ДЭМБ хэзээ ч аль нэг арилжааны оношлуурыг хамгийн сайн нь, үүнийг хэрэглэ гэж зөвлөхгүй.

Оношлуурын хэрэглээний алдааг нь арай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Германы оношлуурын вирус илрүүлэх RdRp хэсэг FAM өнгөөр, харин дотоод хяналт нь Cy5 өнгөөр уншигддаг боловч Дарханд ашиглагдаж байгаа ТАКАРА PCR төхөөрөмж нь зөвхөн FAM болон ROX өнгийг таних чадвартай. Тиймээс Су5 ѳнгѳѳр уншигдах ёстой дотоод хяналтыг дээрх ТАКАРА PCR аппарат бүртгэх боломжгүй гэсэн үг. Дотоод хяналтыг бүртгэх нь тухайн хүний сорьцоос РНХ материал зөвөөр ялгарсан эсэх, урвал зѳв явагдсан эсэхийг тодорхойлох чухал ач холбогдолтой учир дотоод хяналт уншигдаагүй тохиолдолд шинжилгээний хариу хүчингүй болгоно. Тиймээс сөрөг буюу халдваргүй хэмээн оношлогдсон хүн яг үнэн хэрэгтээ бол халдвартай буюу эерэг байх өндөр магадлалтай. Ийм алдаатай шинжилгээний хариунд үндэслэвэл яг жинхэнэ халдвартай хүнийг эрүүл хэмээн алдах, цаашлаад хүн амын дунд халдвар тараах маш их эрсдэлтэй.

Тиймээс хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хэрнээ үнэнийг илтээр мушгин гуйвуулсан, олон түмний бодол санааг эргүүлсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн ЭМЯ-ны Д.Нарангэрэл дарга болон ХѲСҮТ-ийн Б.Дармаа эмч нар залруулга хийж, иргэдээс албан ёсоор уучлал хүсэх хэрэгтэй. Энэ нь эмч, эрдэмтэн хүний ёс зүйд нийцэх болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж