Коронавирус хэнээс Баллон д’Орыг булаав?

Хуучирсан мэдээ: 2020.07.24-нд нийтлэгдсэн

Коронавирус хэнээс Баллон д’Орыг булаав?

Коронавирус хэнээс Баллон д’Орыг булаав?

Тэртээ 1956 оноос хойш 63 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан Баллон д’Ор буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог Алтан бөмбөг шагналын эзэн энэ жил цар тахлын улмаас тодрохгүй болсон билээ. 2008 оноос хойш хоёр хүн өрсөлддөг болоод байсан энэхүү шагналын эзнээр 2018 онд Лука Модрич тодорч дунд нь салхи оруулсан. Тэр цаг үеэс л дэлхий нийт Месси болон Роналдо хоёроос өөр хөлбөмбөгчин энэ шагналыг хүртэж болно гэдгийг ухаарсан хэрэг. Гэвч өнгөрсөн 2019 онд Лионель Месси Баллон д’Ор шагналын эзнээр зургаа дахь удаагаа тодрон, таван алтан бөмбөгтэй Кристиано Роналдог ардаа хаяж, дээд амжилт тогтоож байлаа. Тэгвэл энэ жил Роналдо-Месси гэсэн Баллон д’Орын мөнхийн фаворитуудтай хэд хэдэн тоглогч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх боломжтой байсан юм.

Лионель Месси

Мэдээж Лионель Месси, Кристиано Роналдо гэх агуу хөлбөмбөгчдийн эрин үед бид амьдарч байгаа учир тэд энэ спортоос зодог тайлах хүртлээ Баллон д’Орын төлөөх өрсөлдөөний "хар, шар хүмүүс" хэвээр байх болно. Өдгөө 33 настай, дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси энэ улиралд өмнөх улирлуудаа бодвол хангалттай сайн байгаагүй ч Баллон д’Орыг хүртэх гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байлаа. Испанийн Ла лигтээ 25 гоол оруулж лигийнхээ мэргэн буучийн шагнал болох Пичичиг долоо дахь удаа хүртээд зогсохгүй 22 гоолын дамжуулалт өгч лигээ тэргүүлсэн түүнд долоо дахь удаагаа Алтан бөмбөг шагналын эзнээр тодрох боломж байлаа.

Кристиано Роналдо

Орчин цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдо 2019-2020 оны улирлыг тааруухан эхлүүлсэн ч яван чангарч, одоогийн байдлаар Италийн Сериэ-А лигтээ 30 гоол оруулсан үзүүлэлттэй мэргэн буучийн шагналыг хүртэхэд ойрхон байна. Түүнд Баллон д’Орын эзнээр зургаа дахь удаагаа тодорч, мөнхийн өрсөлдөгч Лионель Месситэй эн зэрэгцэх нууцхан хүсэл мэдээж байлаа. Өдгөө 35 настай тэрбээр энэ улиралд бүх тэмцээнийг оролцуулан 43 тоглолтод 34 гоол оруулжээ.

Кристиано Роналдо энэ улиралд Сериэ-А лигт 30 гоол оруулснаар Премьер лиг, Ла лиг, Сериэ-А лигт 50 гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болсон.

Роберт Левандовски

Баллон д’Орын эзнийг 1956 оноос хойш тодруулж буй France Football сэтгүүлийн гаргасан шийдвэр хамгийн хүндээр туссан хүмүүсийн нэг бол яах аргагүй Польш довтлогч Роберт Левандовски. Энэ улиралд Байерн Мюнхен багийнхаа төлөө бүх тэмцээнийг оролцуулан 43 тоглолтод оролцож, 51 гоол оруулсан гэх гайхалтай үзүүлэлтийг толилуулсан тэрбээр Европын алтан шаахай шагналын эзнээр тодрох магадлал өндөр байгаа юм. Баг нь ч Бундеслиг болон Германы цомдоо түрүүлсэн учир түүнийг энэ жилийн Баллон д’Орын эзнээр тодрох боломжтой гэж хөлбөмбөгийн аналистууд, сэтгүүлчид таамаглаж байлаа. Харин фэнүүд нь коронавирус түүнээс Баллон д’Орыг хулгайчихлаа хэмээн үзэж байна. Тэрбээр өөрөө ч "Хэрэв гоол оруулсан үзүүлэлтээ харвал би энэ улиралд Бундеслигт л гэхэд 34 гоол орууллаа. Та нар одоо Бундеслигийн тамирчин хэрхэн Баллон д’Орын эзэн болж болохыг бодоод үз. Яагаад би энэ жил Баллон д’Орын эзэн болж болохгүй гэж?" хэмээн ярьж байжээ.

Кевин Де Брюйне

Пеп Гвардиологийн удирдлага дор бүрэн чадамжаараа тоглож буй Бельги хагас хамгаалагч Кевин Де Брюйне энэ улиралд үнэхээр "ганган" байгаа. Талбайн төвийн найруулгыг өндөр түвшинд гүйцэтгэж, Английн Премьер лигт хэдийнэ багийнхаа нөхдөд 19 гоолын дамжуулалт өгч, өөрөө ч 11 гоол оруулжээ. Тьерри Анри 2002-2003 оны улиралд Арсенал багт хүчин зүтгэж байх хугацаандаа 20 гоолын дамжуулалт өгч дээд амжилт тогтоож байсан бол Кевин Де Брюйнед энэ амжилтыг давтах эсвэл эвдэхэд ердөө нэг л тоглолт дутуу үлдээд байна.

Карим Бензема

2018 онд Кристиано Роналдо Испанийн Реал Мадрид багаас явж, Италийн Ювентус багт элсч байхад олон хүн Реал Мадридыг ойрын жилүүдэд амжилт үзүүлэхгүй гэж хэлж байлаа. Тэд энэ улиралд Испанийн Ла лигт Лионель Мессигийн Барселонаг ардаа орхин лигтээ түрүүлсэн. Энэ бүх Реал Мадридын гайхалтай амжилт Франц довтлогч Карим Бензематай салшгүй холбоотой. Ла лигтээ л гэхэд 21 гоол оруулж, Лионель Мессигийн араас мэргэн буучдын жагсаалтанд хоёрдугаар байранд бичигдсэн түүнийг Баллон д’Орын санал асуулгад дээгүүр явах байсан гэж Испанийн хэвлэлүүд үзэж байна. Реал Мадрид багийн ерөнхийлөгч Флорентино Перез түүний тухай "Бензема Баллон д’Ор хүртэх эрхтэй. Энэ жил түүнээс илүү байгаа тоглогчийг би олж харсангүй" гэжээ.

Серхио Рамос

Энэ улирлын Реал Мадрид багийн Ла лигт түрүүлсэн томоохон шалтгаануудын нэг бол Серхио Рамос. Багаа үнэхээр сайн удирдан чиглүүлж, өөрөө багийнхаа хамгаалалтын гол түшиг тулгуур болж байсан тэрбээр хамгаалалтаас гадна Ла лигийн 35 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулж, довтолгооны мэдрэмж өндөр гэдгээ харуулсан.

Дээрх тоглогчдоос гадна хэд хэдэн битүү морьд бий. Жишээлбэл, 30 жилийн дараа Английн дээд лигтээ түрүүлсэн Ливерпүүл багаас Сенегал довтлогч Садио Мане болон өнгөрсөн 2019 оны Европын шилдэг хөлбөмбөгчин, Нидерланд хамгаалагч Виржил Ван Дик, ПСЖ багийн залуу авьяастан, энэ улиралд бүх тэмцээнийг оролцуулан 30 гоол оруулсан Килиан Мбаппе, Италийн Сериэ-А лигт 31 гоол оруулж Кристиано Роналдотой мэргэн буучийн төлөө өрсөлдөж буй Итали довтлогч Чиро Иммобиле зэрэг хөлбөмбөгчид мөн санал асуулгад дээгүүр өрсөлдөх боломжтой байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж