Дэлхий нийтээр шинэ коронавирус цар тахалтай тэмцэж буй өнөөгийн нөхцөл байдалд “Бүс ба Зам” төслийн улс орнуудын хамтын ажиллагаа нь шинэ өөрчлөлт, шинэ үүрэг, шинэ боломжтой нүүр тулаад буй. Коронавируст цар тахлын дэгдэлт нь “Бүс ба Зам” төсөл болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах ажлын хэрэгжилт, тэр дундаа Хятад, Монгол хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн салбарт саад бэрхшээл учруулсаар байна.
БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын "Зун-Хуа" нийгэмлэг нь Хятад, Монгол хоёр талын салбарын судлаачид, эрдэмтэн мэргэжилтнүүдийг урин, цар тахлын нөлөө ба түүнийг даван туулах асуудлаар “Коронавируст цар тахлын үеийн Хятад, Монгол хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа" цахим форумыг 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав. Энэхүү форумоор судлаач эрдэмтдийн цар тахлын хүнд үеийн нөлөөг хэрхэн даван туулах, цар тахлын үе дэх хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн салбарын харилцааг зохих ёсоор сэргээж эхлүүлэх тухай ярилцсан юм.
Форумын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын "Зун-Хуа" нийгэмлэгийн ерөнхийлөгч Ян Шаочи Хятад, Монгол хоёр орны эрүүл мэндийн салбарын нэгдмэл цогц байдал ба цар тахлын эсрэг хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавив. Тэрбээр хэлсэн үгэндээ, хэдийгээр Covid-19 цар тахлын улмаас улс орнуудын эдийн засаг хүнд байдалд орсон ч Монгол, Хятад хоёр орны төр засаг идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Улмаар “Хоёр орны төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаануудыг сэргээж, эхний ээлжинд Засгийн газрын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр эдийн засгийг сэргээх чухал эхлэл болно” гэж хэлээд, зогсонги байдалд орсон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ" гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
МОНГОЛЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨВӨРМОНГОЛД БОРЛУУЛАХ БОЛОМЖИЙГ БИД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Энэхүү форумд Монголын талаас Элчин сайд асан, судлаач, профессор Д.Баярхүү оролцож, “Цар тахлын үед Хятадын эдийн засаг ба Монгол-Хятадын хамтын ажиллагааны зарим гарц хувилбар” сэдэвт илтгэл тавив.
Тэрбээр “Цар тахлаас үүдэлтэй зогсонги байдлын үед хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцэж буй нь чухал ач холбогдолтой юм. Хятад улс эдийн засгийн хувьд хамгийн анх хүнд цохилт авсан. Эдийн засаг нь зогсонги байгаа, гадаад харилцаа хүндэрсэн ийм нөхцөлд Хятадын гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хуучин замаараа зогсолтгүй урагшилна гэдгийг батлан нотоллоо.
Дэлхийн хоёр дахь том зах зээл, Азийн хамгийн том зах зээл Хятад нь цар тахлын цохилтын анхны бай болсон ч нийгмийн даатгалын шимтгэл, газар ашиглалтын түрээс, үл хөдлөх хөрөнгийн татварыг хойшлуулах замаар жижиглэн худалдаа, тээвэр, аялал жуулчлалын салбаруудад татаас өгөх, бага орлоготой өрхүүдэд дэмжлэг үзүүлэх тусгай хөрөнгө оруулалтын сан хүртэл байгуулаад ажиллуулж байна. Цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөө Хятадад хүчтэй мэдрэгдсэн. 2020 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хэрэглээ, төрийн байгуулалтын гол гол үзүүлэлтүүд буурсан ч энэ оны хоёрдугаар улирлаас өсөлт гарч эхэллээ.
Хятадын эдийн засаг сөрөг өсөлтөөс эерэг өсөлт рүү шилжээд байна. Энэ сарын 16-ны өдрийн мэдээгээр, хоёрдугаар улиралд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 дахин өссөн байна. Энэ эрчээрээ үлдэх хагас жилд Хятадын эдийн засаг илүү хүчтэй байх бололтой байна.
Хятадын эдийн засаг цар тахлын үед яагаад эргээд сэргэх хандлагатай болов, ямар туршлага байна вэ гэдгийг дэлхий нийтээр судалж эхэлж байна. Ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр, Хятадын эдийн засаг маш уян хатан байдаг. Эдийн засгийн талаар баримтлах бодлого нь бүр ч хүчтэй байна. Хятад нь цар тахлын үед өсөлтөө сэргээсэн хамгийн анхны эдийн засаг боллоо гэж үзэж байна. Дэлхийн бусад оронтой харьцуулахад дор хаяж 1-2 сарын өмнө эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж чадлаа. Хятадын эдийн засаг эргэн сэргэсэн нь дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлж, сайн мэдээ дуулгалаа гэж үзэж байна.
Аливаа цар тахлын үед төр засаг нь макро бодлогоо хатуу барьж, хянаж ажиллах ёстой юм байна гэдгийг Хятадын туршлага харууллаа. Мөн аж ахуйн нэгжийн хүчинд тулгуурласан бодлого явуулах ёстой. Банк санхүүгээ дэмжиж, ажил олголтыг чухалд тавих ёстой гэж үзэж байна. Дэлхийн худалдааны байгууллага дэлхийн худалдаа 13-30 хувиар буурна, НҮБ 20 хувиар буурна гэсэн төсөөлөлтэй байна. 2020 оны хагас жилд импорт, экспортын байдалд хүндрэл бэрхшээл учирна. Өнөөгийн уналтын байдалд байх эсэх нь бас тодорхойгүй байна.
АСЕАН Хятадын худалдааны хамгийн том түнш болж хувирсан. Хятадын гадаад худалдаанд хувийн хэвшлийн эзлэх хувь 45.1 хувь болсон байна.
Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаанд ямар боломж байх вэ гэдэг талаар ярья. Монголд Хятадын эдийн засгийн өсөлт болон гадаад худалдааны өсөлт хэрхэн тусах вэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Интернэтэд суурилсан худалдааг бүх салбарт хийх хэрэгтэй. Хятадтай нүүрс тээврээс гадна худалдаа хийх өөр олон боломж харагдаж байна. Ялангуяа Өвөрмонголд Монголын жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг бид ашиглах хэрэгтэй байна.
Арьс шир, модон, даавуу, баримал хөөмөл эдлэлүүд, монгол үндэсний дээл хувцас чамин эдлэл, морин хуур, эмээл, хазаар ташуур гээд өвөрмонголчуудын сонирхлыг татах бүх бараа бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулах хэрэгтэй. Хүнсний салбарт архи, пиво, ундаа, чихэр, гурилан бүтээгдэхүүний худалдааг Өвөрмонголд хийхийг бодох хэрэгтэй. Бүх төрлийн урлаг уран сайхан, ном хэвлэл дуучдын тоглолтыг Хятадтай хийх худалдаанд экспорт болгож болно гэж бодож байна.
Монгол, Хятадын хамтын ажиллагаанд бас нэг шинэ боломж байна гэж үзэж байна. Энэ нь Хятадаас суралцах. Хамгийн түрүүнд Хятад улс ядуурлаас яаж гарсан бэ, ядууралтай хэрхэн тэмцсэн бэ гэдгээс бид суралцсаар байх шаардлагатай. Өнгөрсөн зууны жар, далаад онд Хятад орныг дампуурлын ирмэгээс суга татан гаргаж ирсэн түүхэн туршлагыг бид мартаж болохгүй, түүнээс суралцсаар байх шаардлагатай гэж үзэж байна.
Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн бодлого хэрэгжүүлээд 40 жилийг туулахдаа 740 сая хүнийг ядуурал, гуйланчлалаас ангижруулж чадсан. Хятад нь ядуурлыг арилгасан, үлгэр жишээ улс болжээ. Хятадын иргэдийн 70 гаруй хувь ядуурлаас гарсан. Ядууралтай тэмцдэг туршлагыг Монгол Улс судалж, сурталчилж, хэрэгжүүлэх нь Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэг хувилбар гэж би үзэж байна" гэв.