Төсвөө тогтворжуулахыг хэр удаан хүлээх вэ

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Төсвөө тогтворжуулахыг хэр удаан хүлээх вэ

УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа хэд хэдэн чухал хууль баталсны нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудын болчимгүй алхмуудаас үүдэн төсвийн алдагдал дийлдэхээ больж, эдийн засаг элгээрээ хэвтэх дөхсөн. Товчхондоо сонгуулийн амлалт нэрийн дор иргэдэд хоёрын хооронд бэлэн мөнгө тараасан нь инфляцийг хоёр оронтой тооноос давахад хүргэсэн. Гэвч манай улстөрчид үүний бурууг дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал руу чихэж, өөрсдөө гэмгүй мэт харагдахыг хичээж байв. Харин манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын донор байгууллагууд, тэр дундаа Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан “Төсвөө тогтворжуулах арга хэмжээ яаралтай авах, энэ чиглэлийн хууль тогтоомжтой болох”-ыг удаа дараа сануулж, зөвлөсний эцэст өнгөрсөн хавар дээрх хуулийг баталсан билээ. Гэвч зөвхөн хууль баталснаар асуудал шийдэгдэнэ гэж үгүй. Хамгийн гол нь баталсан хуулиа бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэх нь чухал. Харамсалтай нь манайд зайлшгүй шаардлагын дагуу хууль баталсан ч түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулдаггүй том дутагдал байсаар. Жишээ нь уул уурхайн үйл ажиллагааг хэт замбараагүй явуулснаас байгаль, экологийн тэнцвэр алдагдаж, улмаар улс оронд аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг харгалзан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал эрэх хайх, олборлохын хориглох тухай хууль гаргасныг дурьдаж болно. Хэрэв хэрэгжүүлж чаддаг сан бол уг хууль  аль хэдийн үр дүнгээ өгөөд эхлэх цаг хугацаа өнгөрсөн. Гэвч өдгөө “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болчихоод буйг бүгд мэдэж байгаа. Мөн төсвийг аврах зорилго бүхий Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ч дээрх хуулийн нэгэн адил “Мянгуужингийн үлгэр” болох вий гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрөх болов. Яагаад гэвэл өдгөө төсөв зохиогч эрхмүүд уг хуулийн хэрэгжилтийг хангах талаар дорвитой үйл ажиллагаа явуулж, зохих үйлдэл хийхгүй байна гэхэд болно.

Аливаа хуулийн хэрэгжилтийг дүгнэхийн тулд ямар зорилгын хүрээнд баталсныг эргэн харах шаардлагатай. Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилго нь төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих төрийн байгууллагуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршиж буй. Мөн эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэх гэсэн гол зорилготой. Гэтэл өнөөдөр төрийн эрх бүхий байгууллагаас эдгээрт чиглэсэн тодорхой алхам хийсэн нь үгүй. Яах вэ. Энэ оны төсөв хийгээд тодотголоо нэгэнт баталчихсан болохоор одоохондоо энэ тухай ярих нь утгагүй гэсэн тайлбар хэлж болох байх. Гэхдээ энэ хууль зөвхөн ирээдүйд хамаатай бус, өнгөрсөн цагт гаргасан шийдвэрүүдээ эргэж харахад ч хамаатай байх учиртай. Ялангуяа уг хуульд голлох үүрэгтэй төсвийн тусгай шаардлага гэсэн ойлголтод өнгөрсөн хугацааны шийдвэрүүд ихээхэн хамаатай. Тодруулбал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн тэнцлийн зорилтыг тодорхойлж тусгах гэсэн зарчим бий. Мөн үүнийг дөрвөн жилд нэг удаа өөрчлөн тогтоож байхаар тусгасан. Харин Засгийн газар өдгөө хэрэгжүүлж буй хөтөлбөрөө энэ хуулийг сураггүй байхад боловсруулчихсан. Тиймээс үйл ажиллагааны хөтөлбөрөө шинээр баталсан хуульдаа нийцүүлж өөрчлөх шаардлагатай баймаар. Өөрөөр хэлбэл нэгэнт баталсан хөтөлбөр гээд улайрах бус, алдаатай алхам хийсэн бол засч залруулах арга авч гэмээнэ шинэ хуулиа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэтэл үгүй юм аа. “Бид амласнаа биелүүлдэг, хэлсэндээ хүрдэг хүмүүс” гээд л зүтгэцгээж байна. Бүр тодорхой хэлбэл, төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүйгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах болон үүнд нийцүүлэхгүйгээр төсвийн төсөл боловсруулах, баталсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гээд заачихсан байдаг. Гэтэл төсвийн тодотголоор юу боллоо. Алдагдлаа хянаж, хязгаарлах бус, бүр дэвэргээд авсан шүү дээ. Тусгай шаардлагатай холбоотой зарим нөхцөлийг 2013 оноос биелүүлж эхлэх тухай заалт бий нь бий. Гэхдээ дээр дурьдсан хэсгүүд бол хамаагүй. Ямартай ч, манай улстөрчид “Тэгж байгаад болгонодоо” гэсэн байдлаар хандаад байх шиг. Басхүү Тогтворжуулалтын санд хөрөнгө хуримтлуулна гэдэг мөн л өдий байгаа бололтой юм. Уг нь уул уурхайгаас олсон атга чимх ашгийг ч одооноос цааш нь хийж байвал ирээдүйд хэрэгтэй. Даанч өнөөдөр олсон ашгаа юун хуримтлуулах манатай. Иргэдэд хувааж тараах тухай л хүчтэй ярьж буй. Энэ нь ирэх сонгуулийн гол пиар болох нь ч тодорхой болчихоод байна. Уг нь Монголбанк болон Дэлхийн банкнаас эдийн засаг, мөнгө, санхүүгийн төлөв байдлын талаар гаргадаг тайлангуудаас хямралын сүүдэр холдож буй эерэг дүр зураг нэлээд тод ажиглагдах болсон. Чухам ийм таатай үед л төсвийн ирээдүйг тодорхойлох хуулиа хэрэгжүүлэх эхний алхмуудыг хийж эхлэх ёстой баймаар санагдана. Цаг бол алт гэдэгсэн биш билүү.  

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж