ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав

ГБХЗХГ:Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллав

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон сумдын Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчид хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж8 хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа.

Тухайлбал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 29-нөөс бүртгэл явуулж эхэлсэн бөгөөд долоодугаар сарын 09-нөөс 13-ны өдөр хүртэл тав хоногийн хугацаанд Хүй долоон худагт байрлаж, уралдаанч хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг явуулж баяр наадмын өдрүүдэд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, хангах зорилгоор үүрэг гүйцэтгэсэн юм.

Баяр наадмын үеэр уралдаанч хүүхдүүд бэртэж гэмтээгүй

Баяр наадмын үеэр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд Үндэсний их баяр наадамд 9785 хүүхдийн мэдээллийг наадмын бүртгэл мэдээллийн системд бүртгэж, давхардсан тоогоор 30990 хүүхдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018” стандартын дагуу хяналтыг зохион байгууллаа. Уралдааны явцад  Хүй 7 худагт 9 насны уралдаанд 9 хүүхэд, 21 аймгийн хэмжээнд 188 хүүхэд мориноос унасныг эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан анхны түргэн тусламж үзүүлж, үзлэг шинжилгээнд хамруулж дараагийн шатны үйлчилгээ болон даатгалын үйлчилгээнд холбон зуучилсан.

Мөн уралдааны үеэр моринооос унасан хүүхдүүд ямар нэг байдлаар бэртэж гэмтээгүй бөгөөд зарим хүүхэд уралдааны явцад мориноосоо өөрсдөө буусан тохиолдол гарсан юм.

Уралдаанч хүүхдүүдийг шагнаж урамшууллаа

Хүй 7 худагт зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг унаж хурдалсан 45 уралдаанч хүүхдүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул мөн “Үндэсний их баяр наадам 2020”-ын албан ёсны түнш  “TOYOTA МОТОР КОРПОРАЦ”-ын Монгол дахь албан ёсны дистрибьютер “Тоёота Сейлс Монголиа” ХХК-ийн төлөөлөгчид өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулж урамшууллаа.

Түүнчлэн “Монгол даатгал” компанийн хамт олон даатгалд хамгийн эхэнд бүртгүүлсэн уралдаанч хүүхэд болон даага насны уралдааны баян ходоодны хүүхдэд унадаг дугуй бэлэглэсэн юм.

Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллав

Хүй долоон худаг дахь бүртгэлийн байранд коронавируст “КОВИД-19” цар тахлын үеийн бэлэн байдал, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажилласан. Мөн уралдаанч хүүхдүүдийн бүртгэл, гарааны хяналтын үед халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгах, гарааны зурхай руу гарах үед нь амных нь хаалтыг авахуулах зэрэг үйл ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав.

Уячид унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй тохиолдол бүртгэгдэв

Хүй 7 худагт зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт шаардлага, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн талаарх брошур материалыг тараан, зөвлөгөө өгч, стандартын хэргэжилтийг хангаж ажилласан.

Гэвч энэ үеэр уяачид хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тодруулбал, стандартын бус малгай өмсгөсөн, богино холбооны станц биед зүүлгэсэн, стандарт хэмжээнээс урт ташуур бэлдэж өгсөн мөн урт олс, бүс,  гялгар уут, тод өнгийн даавуу зэргийг  биед зүүлгэсэн зөрчлүүд илэрсэн. Иймээс унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх зүйлсийг хураан авч, унаач хүүхэд болон уяачдад дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар зөвлөгөө өгч ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж