УИХ-ын дарга Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцтай танилцлаа.
Энэ чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. Тус төмөр зам нь 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар баригдаж байна. Одоогоор уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилчин, 510 гаруй машин механизм ажиллаж байна.
Цар тахлын улмаас зарим техник хэрэгслүүдийг гаднаас оруулж ирэх боломж хомсодсон тул монгол инженерүүд төмөр зам барихад шаардлагатай зарим техник хэрэгслүүдийг өөрсдөө зохион бүтээн, ажиллуулж байгааг УИХ-ын дарга сайшааж, коронавирусийн нөхцөл байдлыг боломж болгон ашиглаж байгаа Тавантолгой төмөр замын хамт олонд баяр хүргэлээ.
Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой. Түүнчлэн БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу далайн боомтын хотууд болон гуравдагч оронд тээвэрлэлт хийх боломж нээгдэж, Монгол Улсын уул уурхайн компаниуд хямд үнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ.
Одоогоор газар шорооны ажил 92.3, эвдрэл гэмтэл засварлах ажил 94.2, ус зайлуулах хоолойн ажил 79, гүүрийн ажил 56 хувьтай, нийтдээ доод бүтцийн ажлын 83.5 хувь нь хийгдсэн бол дээд бүтцийн ажил 16.7 хувь буюу 42 км төмөр замын үеийг угсраад байна. Барилгын ажил 2022.07.01-нд дуусна.
Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажиллаж байна.
Холбоотой мэдээ