Дэлхий дахинд цар тахал дэгдсэнээс хойш эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл огцом мэдэгдсэн талаар НҮБ-ын Хүн амын сан мэдээлж байна. Тодруулбал, НҮБ-ын Хүн амын сангийн хийсэн олон улсын судалгаагаар цар тахлын тусгаарлалт ирэх зургаан сарын турш үргэлжилбэл эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учрах бөгөөд бага болон дундаж орлоготой орны нийт 47 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомсдолд орж, цаашлаад долоон сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүйг анхааруулжээ.
Монгол Улсад ч гэсэн энэ асуудал тойроод өнгөрөх биш дайраад өнгөрч байгааг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийхан учирлаж байна. Тухайлбал, 2020 оны эхний гурван сард НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байруудаар үйлчлүүлэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87 хувиар нэмэгдсэн байна.
“Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлан гарсантай холбогдуулан өнөөдөр /2020.07.23/Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яам болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй хамтарсан цахим уулзалт зохион байгууллаа.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава: Та бүхний мэдэж байгаачлан, Засгийн газраас эртлэн авсан арга хэмжээ, иргэдийн хариуцлагатай байдлын ачаар Монгол улс Covid-19 цар тахлын тархалтыг амжилттай барьж байгаа билээ. Гэвч Монгол улсад Covid-19 цар тахлын дүнд үүсээд байгаа ноцтой асуудлуудын нэг яах аргагүй жендэрт суурилсан хүчирхийлэл юм. Мөн хүүхдийн эсрэг бие махбодийн, сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэл нэмэгдэж байна.
Хөл хорио тогтоож сургуулиудыг хаах зэрэг цар тахлын эсрэг хамгаалалт, урьдчилсан сэргийлэлтийн дэглэмүүдтэй холбоотойгоор гэр бүлд сэтгэлзүйн болон эдийн засгийн дарамт нэмэгдэж, энэ нь цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл болох тохиолдол нэмэгдэж байна.
НҮБ-ын Хүн амын сангийн тооцооллоор иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах дэглэм хүчинтэй байх зургаан сар тутамд дэлхий даяар нийт 31 сая орчим жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэнэ гэсэн таамаг бий. Энэ бол зөвхөн одоогийн нөхцөл байдал. Харин ирээдүйд “сүүдрийн цар тахал” гэгдэх асуудал үүнээс ч илүү муудаж болзошгүй.
Иймээс бид Монгол Улсын Засгийн газар болон бусад хамтрагчиддаа охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд таньж, шаардлага хэрэгцээгээр хангахад чадах бүхнээ хийхийг уриалж байна.
Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра: Охид эмэгтэйчүүдийн эрүүл, аюулгүй байдал нь НҮБ-ын Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрт амин чухал асуудал болон туссан билээ. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн Зорилт 5 буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, бүх охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилт нь дэлхийн өнцөг булан бүрд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг тусгайлан онцолдог юм.
Гэвч Covid-19 цар тахал нь бидний өнгөрсөн 10 жилд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ололтуудыг хойш татахуйц нөхцөл байдал үүсээд байна. Хямралын үед эмзэг бүлгийнхэн жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх магадлал улам нэмэгддэг.
Хөл хорионы дэглэм Монголд Covid-19 цар тахал тархахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч үүний дүнд олон эмэгтэйчүүд, залуучууд аюултай нөхцөл байдалд орж байна. Монгол даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж, тусламж эрж буй хохирогчдын тоо нэмэгдэж байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа: Улсын хэмжээнд 2020 оны эхний сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 71 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Харин 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3131 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61.6%-иар өссөн үзүүлэлт гарлаа. Үүнтэй холбоотойгоор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн ариун цэвэр, халдваргүйтгэлийн хэрэгцээ нэмэгдэж, зардал өсч, санхүүжилтийн хомсдол үүссэн. Тодруулбал, хамгаалах байрны хоол хүнс, цахилгаан, халаалт, цэвэр бохир, ажилтнуудын цалин, бусад урсгал зардлууд гэх мэт. НҮБ-ын Хүн амын сангаас итгэлтэй утасны үйлчилгээг өргөжүүлж, гурван зөвлөгчийг 24 цагаар ажиллуулах зардлыг төслийн хүрээнд зохицуулалт хийж өгсөн. Энэ хугацаанд 158 хүн зөвлөгөө авсан. Хамгаалах байранд байрлаж буй эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн багц бэлтгэн хандивласан. Харин манай байгууллагын зүгээс энэ хугацаанд дотоод, гадаадын донор, санхүүжүүлэгчдээс ариун цэвэр, халдваргүйтгэлийн зардал, хөрөнгө босгож байна. Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ. Үүнд:
- Зөвлөгөө өгөх үйлчилгээ, түр хамгаалах байруудын ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хоол хүнсний нөөцийг бүрдүүлэх;
- Үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах;
- Итгэлийн утасны 24 цагийн үйлчилгээг цаашид үргэлжлүүлэх;
- Эрчүүд, олон нийт рүү чиглэсэн ухуулга, сурталчилгааны ажлын хүртээмжийг дээшлүүлэх;
- Эрүү, зөрчлийн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгоход нөлөөлөх;
- Улс, орон нутгийн төсөвт нөлөөлөх шаардлага бий болж байна.
Цахим уулзалтын үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол улсын хууль 2016 онд батлагдаж, Гэр бүлийн хүчирхийллийг /ГБХ/ гэмт хэрэгт тооцох болон хохирогч хамгааллын тогтолцоо болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгосон_
Бодлого боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай тоон мэдээлэл цуглуулахад онцлон анхаарч, Жендерт суурилсан хүчирхийлэл /ЖСХ/ Үндэсний хэмжээний судалгааг анх удаа хийж, хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэх eGBV болон хохирогчдод үзүүлэх үйлчилгээний мэдээллийн санг байгуулсан.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах үндэсний зөвлөл, орон нутгийн дэд зөвлөл, анхан шатны түвшинд ажиллах хамтарсан багууд байгуулагдан, чадавхжиж, үйл ажиллагаа нь тогтмолжсоноор ЖСХ/ГБХ-тэй тэмцэх салбар хоорондын олон талт хамтын ажиллагаа бэхэжсэн.
Хүчирхийллийн хохирогчдод зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрууд 20 аймаг, Улаанбаатар хотод байгуулагдан хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай цогц үйлчилгээг үзүүлэн улсын болон орон нутгийн төсвөөс 2019-2020 онд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажиллаж байна.
Олон нийтийн мэдлэг хандлагад нөлөөлөх ухуулга нөлөөлллийн аяныг салбар хоорондын хамтын ажиллагаагаар үндэсний хэмжээнд зохион байгуулснаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2016-2020 оны хооронд 32%-иар буурч, зөрчил нэмэгдсэн нь хүчирхийллийг үл тэвчих хандлага олон нийтийн дунд нэмэгдэж, хүчирхийллийн тохиолдлыг мэдээлэх болсныг харуулж байна гэсэн юм.
Холбоотой мэдээ