Ипотекийн зээл таван хувь болбол байрны үнэ өсөх үү?

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл таван хувь болбол байрны үнэ өсөх үү?

Ипотекийн зээлийн хүү таван хувь болж буурах сургаар Зайсанд баригдсан зарим орон сууцны үнэ өсчээ. Тодруулбал, “Энхжин” хорооллын орон сууцны 1м2-ын үнэ 1.9 сая төгрөг байсан бол 2.3 сая төгрөг болж, 1м2 тутамдаа 400 мянган төгрөгөөр өссөн аж.

Энэ асуудлыг тойрч УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компанийн удирдлага мөн холбоод, ассиоцацынхныг оролцуулан ярилцлаа.

Зах зээлд өнөөдөр 18882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24661 айлын орон сууц баригдаж буй аж. Өөрөөр хэлбэл, энэ онд багтаад нэмж 40 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох бололцоотой гэсэн үг. Харин эрэлт бол үүнээс бага юм байна. Тиймээс үнэ өсгөх боломжгүй болохыг Монголын барилга үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн хэллээ.

Мөн УИХ-ын дарга орон сууцны үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдсэнийг тодруулав. Нэгдүгээрт, барилга барихад шаардагддаг цемент, арматурыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Тухайлбал, цементийг 100 хувь дотоодоосоо хангах бололцоо бүрджээ. Дээр нь энэ төрлийн импортын бүтээгдэхүүний татвар таван хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. 2012 онтой харьцуулахад барилга барихад шаардагддаг дагалдах зарим бүтээгдэхүүн болох вакум цонх зэргийг ч дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Одоо валютын ханш өндөр байгаа ч эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо авах бололцоотой учраас валют зарах шаардлагагүй.

Хоёрдахь шалтгаан нь барилгын салбарт олон зуун компани өрсөлдөж байгаа. Ашиглалтад оруулсан орон сууцаа зарж дараагийн барилгаа барих нь чухал. Ингэж байж ашиг орлоготой ажиллана, олон зуун ажилтнаа ажилтай болгох юм байна. Нэг үгээр хэлбэл, орон сууцаа өндөр үнэлбэл худалдан авах эзэн олдохгүй байх магадлалтай аж.

Уулзалтын үеэр хөндсөн хоёр дахь асуудал нь УИХ-аас батлах хууль хэр урт удаан настай байх вэ, ипотекийн зээл тасралтгүй үргэлжилж чадах уу. Энэ баталгааг өгч чадах уу гэдэгт барилгын компанийн удирдлагууд хариулт нэхэв.

УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр нь эдийн засгийн суурь ухагдахуунаа үгүйсгэсэн, мөн олон мянган залуус байртай болох, дээр нь барилгын салбарт ажиллаж байгаа олон мянган залуусын эрх ашгийг хөндсөн шийдвэр байсныг онцлоод энэ сардаа багтаан хоёр чухал хууль батлагдахыг хэллээ.

Ингэхдээ АНУ-д анх 1933 онд хэрэгжүүлсэн арга туршлагаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Тус улс ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ 30 жилийн турш сангаа төрөөс санхүүжүүлсэн байна.

УИХ Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль батална. Уг хууль батлагдсанаар Ирээдүйн тэтгэврийн сан нь 2.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй болно. Энэ нь Засгийн газрын иргэдэд өгөх ёстой өр нь. Тодруулбал, НДС-д хуримтлуулж ирсэн шимтгэлийнх нь тодорхой хувийг үе үеийн Засгийн газар өөр зүйлд ашигласан учраас тэр өрөө төлж санд хөрөнгө болгож 2.5 их наядыг өгч буй аж. Үүн дээр Монголбанк, Монголын ипотекийн корпораци менежмэнт хийн иргэдээ орон сууцтай болгох ажлыг арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх юм байна.

Мөн УИХ-ын даргын тайлбарласнаар инфляци нам төвшинд орж ирсэн учраас ипотекийн зээлийн хүүг таван хувь руу буулгах бололцоо бүрдсэн. Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийг олгохдоо тодорхой шалгуур тавина. Үүнд барилгын материалаа дотоодын үйлдвэрээсээ авсан, монгол хүмүүсээ ажлын байраар хангаж ажиллан орон сууц барьсан компанид олгогдоно. Энэ жил гадаадаас ажиллах хүчин авахгүй байх саналыг Засгийн газарт уламжлахаа мэдэгдсэн. Эцсийн дүндээ энэ нь монгол хүнээ ажилтай, орлоготой байлгах зорилго болохоо онцоллоо.

Дээрх уулзалтад барилгын салбарын 20 шахам төлөөлөл оролцлоо.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж