Өнгөрсөн онд хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн Монголын тэргүүлэгч компаниудын нэг болох 30 жилийн түүхтэй "Сэрүүн групп" АНУ-д салбараа нээж, албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн таатай мэдээ саяхан дуулдав.
АНУ-д инженерингийн чиглэлээр анх удаа үйл ажиллагаа эхэлж буй Монгол компанийн хувьд бэрхшээл, шалгуур олон байсан эсэх талаар бид холбогдож тодруулахад “Хууль эрх зүйн шаардлагуудыг бүрэн дүүрэн биелүүлэхээс гадна аюулгүй ажиллагааны дүрэм журмыг өндөр түвшинд хангах шаардлага тавигдсан. Бид өмнөө тавигдсан өндөр босготой бүх давааг давж, өнөөдөр албан ёсоор эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид үзүүлж байгаадаа баяртай байна” гэж "Сэрүүн групп"-ийн АНУ дахь оффисийн ажилтан бидэнд мэдэгдсэн.
АНУ-ын барилга байгууламжууд насжилт өндөр байхын хэрээр агааржуулалтын системийн шинэчлэл хийгдэх цаг хугацааны үечлэл ирж байгааг анзаарсан Японы ДАЙКИН брэнд тус улсын ТЕХАС мужид өөрийн үйлдвэрээ нээж, арав гаруй жил Монголын зах зээлд хамтран ажилласан "Сэрүүн групп"-ийг Лос Анжелест хамтран ажиллахыг санал болгосноор "Сэрүүн групп"-ийн АНУ-д салбарлах ажил эхэлсэн байна.
Одоогоор "Сэрүүн групп"-ийн АНУ дахь салбар компани болох AIR COMFORT EXPERTS компанийн үйл ажиллагааны 80% нь хувийн орон сууцны агааржуулалтын системийг шинэчлэхэд, 20% нь оффис, ресторан, худалдааны төвийн агааржуулалт, агаар сэлгэлтийн төхөөрөмжийг суурилуулахад чиглэж байна. Цаашид шинээр хэрэгжих барилгын төслүүд дээр ажиллахаар "Сэрүүн"-чүүд уйгагүй хөдөлмөрлөж байна.
АНУ дахь монгол бизнесүүдийн анхдагч төлөөлөл болж буй "Сэрүүн"-чүүдэд амжилт хүсье.
"Бид өмнөө тавигдсан өндөр босготой бүх давааг давж, албан ёсоор эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчид үзүүлж байна"
Б.БОЛОРЦЭЦЭГ
Холбоотой мэдээ