УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Улс төрийн намын тухай хуулийг яаруу сандруу баталж болохгүй
-Улс төрийн намын тухай хуулийг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн лхагва гарагийн хуралдааны үеэр танай намын бүлэг уг хуулийн төслийг судлах шаардлагатай гэж үзэн хойшлуулах санал гаргасан. АН намрын чуулганы хугацаанд зайлшгүй батлах ёстой хуулийн нэг гэж үзэж байна лээ?
-Монголын улс төрийн системийг өөрчлөх зүйлүүд бий. Тиймээс өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр улс төрийн намууд санал нэгдсэн. Энэ хүрээнд Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ ажлын хэсгүүдийн ахлагчаар Н.Батбаяр, С.Баярцогт, Р.Бурмаа нар ажилласан юм. Эдгээр хуулийг улстөржүүлэхгүйгээр, сонгуулийн уур амьсгал ороогүй байхад батлах нь зүйтэй гэдгийг манай намын бүлэг удаа дараа илэрхийлсэн.
Харамсалтай нь эдгээр хуулийн төслийг ажлын хэсгийн ахлагч нар цаг хугацаанд нь өргөн барихгүй байсаар сонгуулийн уур амьсгал орсон үед чухал хуулиудыг оруулж ирсэн нь улстөржих сэдэв болж байгаа юм. Энэ хуулиудыг улстөрөөс, нэг удаагийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийт системийнх нь хэмжээнд тооцоо судалгаатай, олон талаас нь иргэдийн, судлаачдын саналыг авч, нухацтай хэлэлцэж байж шийдэх ёстой. Тэр утгаараа Сонгуулийн хууль цаг хугацаанд баригдан үндсэндээ өөрчлөлт орохгүйгээр батлагдлаа. Үндсэн хууль цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Одоо Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байна. Долоо хоногийн баасан гарагт өргөн бариад 3-4 хоноод хэлэлцэж болохгүй.
-Хуулийн төслийг хэлэлцэхээс 10 хоногийн өмнө гишүүдэд тараасан гэх тайлбарыг байнгын хорооны дарга өгч байсан л даа?
-Улс төрийн намын тухай хууль парламентад суудалтай улс төрийн 2-3 намд хамаатай асуудал биш юм. Энэ бол нэгдүгээрт, иргэдийн эвлэлдэн нэгдэх тухай асуудал. Хоёрдугаарт ардчиллын суурь зарчим юм. Гуравдугаарт, улс төрийн намаар дамжиж хүн төрөлхтөн төрийн эрх мэдлийг хуваарилж байгаа. Тэгэхээр энэ хууль цаашилбал Монголын төрийн ажлыг хэрхэн явуулах вэ гэдэг хууль болчихоод буй юм.
Тиймээс энэ хуулиудыг маш сайн ярьж, олон талын байр сууринаас авч үзэх ёстой. Тиймээс энэ хуулийг яаран сандран хэлэлцснээс аль аль талдаа ойлголцож, санал нэгдээд явъя гэсэн юм. Улс төрийн намыг шинэчлэх шаардлага байгаа. Намуудын нэр хүнд асар их унаж байна. Үүнийг дагаад улс төрийн намыг үгүйсгэх үгүйсгэл нийгэмд түгж байгаа. Тиймээс улс төрийн нам яагаад ийм байдалд орчихов гэдэгт бид өнөөдөр дүгнэлт хийх ёстой. Миний хувьд улс төрийн нам гурван алдаа гаргалаа гэж харж байна.
-Ямар гурван алдаа вэ?
-Нэгдүгээрт, улс төрийн намын үндсэн мөн чанар болох нийгмийг манлайлах чанар алдагдсан байна. Хоёрдугаарт, улс төрийн нам боловсон хүчнийг бэлтгэдэг үндсэн бааз суурь. Нэг ёсондоо намууд төрд очиж байгаа боловсон хүчинг бэлтгэдэг газар шүү дээ. Тэгэхээр намуудын боловсон хүчний бодлогод алдаа гарч, хэт бүлэг фракц дагасан, цөөн хүмүүсийн бодлогоор, боловсон хүчнүүдэд тавих шаардлага босгоо хэт намсгасанаас болоод нэр хүнд нь нийгэмд унаад байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэгчээр улс төрд хөрөнгө мөнгөнд дуртай, нүднийх нь хор, суудлынх нь хий гараагүй хүмүүс орж ирснээс иргэдийн намд хандах байдал муудсан.
Гуравдугаарт, санхүүжилттэй холбоотой. Намууд үйл ажиллагаагаа явуулахын тулд янз бүрийн эх үүсвэрээс мөнгө авснаас болоод эргээд эдийн засаг, улс төрийнхөө бүлэглэлийн гарт ордог. Эргээд хандив мөнгөө дагаж орж ирсэн захиалгыг гүйцэтгэх шаардлагатай болдог. Энэ нь эргээд ард иргэдийн дунд эргэлзээ тээнэгэлзэл бий болгох, улс төрийн намыг дагасан авлига хээл хахуулын асуудал хөндөгдөж гарч ирдэг байсан. Ийм алдаануудаас болоод улс төрийн намуудыг нийгэм үгүйсгэх хандлагатай болсон байна. Нөгөөтэйгүүр хамгийн чухал зүйл нь үндэсний эв нэгдэл, ойлголцлолыг чухалчлах ёстой.
Гэтэл үүнийг хамгийн их тарааж, бутаргаж байгаа институц субьект нь улс төрийн нам болчихоод байна. Нэг ёсондоо намчирхал талцал хэрээс хэтэрч байна. Ард иргэдээс юу болохгүй байна вэ гэж асуухаар олон намд хуваагдсан, намын нэрээр янз бүрийн луйвар булхай хийдэг талцал хуваагдлыг хэлдэг. Тиймээс энэ удаагийн Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр улс төрд үүсээд байгаа энэ зүйлийг засах ёстой. Энэ чиглэлийг хуулийн төсөлд тусгаасай гэж байгаа юм.
-Таны яриад байгаа эдгээр санал хуулийн төсөлд хэр туссан байна вэ. УИХ-ын намрын чуулганы хугацаанд энэ хуулийн төслийг баталж амжихгүй гэсэн үг үү?
-Салхинд хөөгдөж байгаа юм шиг ийм чухал хуулийг яаран сандран батлах хэрэггүй. Олон талаас нь ярилцаж, парламентад суудалгүй улс төрийн намуудын саналыг сонсч, улс төр судлаач, эрдэмтдийн байр суурийг тусгах ёстой. Ард иргэд юу хүсч байгааг сонссоны дараа урт настай, тооцоо судалгаан дээр үндэслэсэн, амьдралд нийцсэн хууль гарах ёстой. Одоогийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг харсан. Гурван зүйлтэй санал зөрж байгаа.
-Тэр нь юу юм бол?
-Нэгдүгээрт, улс төрийн намуудыг бүртгэдэг, татан буулгадаг гээд намын үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлийг Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэхээр оруулсан байна лээ. Гэтэл СЕХ-нд улс төрийн намын төлөөллүүд очдог. Гэтэл энэ хууль урт хугацаатай. Засгийн эрхийг, олонхийг ямар ч нам бүрдүүлж болно. Тэр нам бусад улс төрийн хүчнээ улс төрийн зорилгоор хавчин гадуурхах, ялгаварлах шахах бодлогыг СЕХ-оор дамжуулан хийж болзошгүй. Өмнө нь энэ асуудал Дээд шүүхэд харьяалагддаг байсан юм. Харьцангуй улс төрөөс хол байсан.
Улс төрийн намыг татан буулгах, бүртгэх гээд бүх ажлыг Дээд шүүх хийдэг байв. СЕХ-ын одоогийн дарга гэхэд АН-ын гишүүн, намаасаа УИХ-д сонгогдож байсан хүн. Энэ хүнээр дамжуулаад бусад улс төрийн намыг хавчих, татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох ажил явуулбал яах вэ. Тиймээс нэгдүгээрт, СЕХ-нд энэ ажлыг шилжүүлж байгаа нь хэр оновчтой хувилбар бэ. Хоёрдугаарт, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллагыг татан буулгахаар тусгасан байсан.
Нам боловсон хүчний хүний нөөцийг бэлтгэж, боловсруулж, дадлага суулгадаг газар. Тэдний бэлтгэсэн боловсон хүчин төрийн албан хаагч болоод явдаг. Нэг ёсондоо төрийн боловсон хүчнийг бэлддэг нэг том бааз юм. Улс төрийн нам боловсон хүчнээ бэлтгэдэг олон улсад шалгарсан арга бий. Төрийн бус байгууллагуудаараа дамжиж иргэддээ хүрэх үндсэн механизм нь намын дэргэдэх төрийн бус байгууллага юм. Тэгэхээр улс төрийн нам иргэн хоорондоо холбоо тасарчихна. Харин ч эсрэгээрээ тэр байгууллагуудыг хүчирхэгжүүлмээр байгаа юм.
-Яаж?
-Хүчирхэг болгож байж залуус улс төрд орж ирэх үүд хаалга нээлттэй болно. Энэ төрийн бус байгууллагуудыг татан буулгавал улс төрд орохын тулд залуус өнөөдөр улс төрд байр сууриа эзэлсэн нөхдүүдийг ирж гуйдаг, цүнхийг нь барьдаг, тэднийг дагаж фракцилдаг болно. Намын дэргэдэх залуучуудын байгууллагын залуус үеийнхэн дотроо чадвараараа хүлээн зөвшөөрөгдөөд зүтгэвэл улс төрд гарч ирэх нэг үүд хаалга болох юм. Дэлхийн ихэнх улсын нам дэргэдээ залуучуудын байгууллагатай. Гуравдугаарт, намуудын санхүүжилтийг шилэн болгох чиглэлд тодорхой заалтууд орох ёстой.
Одоогийн хуулийн төсөлд хандив мөнгөтэй холбоотой зохицуулалтууд хуучнаараа явж байсан. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг юунд зарцуулж байгааг бүх иргэнд нээлттэй болгох ёстой. Төслийн хүрээнд бодлогын байгууллага болох руу шахаж байгаа, намууд дэргэдээ бодлоыг институц, сан байгуулж, түүгээрээ дамжуулж санхүүжилт авдаг, тодорхой хэсэгт намын үйл ажиллагааг хязгаарлалт хийдэг гээд олон сайн тал бий. Уг нь энэ хуулийн төслийг эргүүлж татаж аваад дахин олон нийт, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсний дараа дахин өргөн мэдүүлмээр байгаа юм.
Сонгуульд зориулаад ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгочихоор гурван хувийн зөрүү гарна
-Ипотекийн зээлийг таван хувь болгох асуудлыг ярьж байна. Сонгуулийн шоу гэж харах нэг хэсэг бий. Яагаад гэхээр эдийн засаг сайжраад инфляци бууруугүй шүү дээ?
-Манай улс 2004 оноос хойш иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр гаргаад ажиллаж байна. “40 мянган айлын орон сууц хөтөлбөр”, дараа нь “100 мянган айл хөтөлбөр” хэрэгжүүлсэн. 2009 оноос хойш моргейжийн хөтөлбөр хэрэгжиж байна. Үл хөдлөх хөрөнгөө барьцаалан урт хугацаатай зээл авах тогтолцоо хэрэгжиж байгаа. Эхний үед 6 хувийн хүүтэй гаргасан дараа нь 8 хувь болоод байсан. Өнөөдөр 5 хувь болгохоор ярьж байна. Арилжааны банк хүнээс хадгаламж татаад, эсвэл гадаад дотоодоос бонд босгон түүнийхээ хүүнээс өндөр хувиар хүнд зээлүүлж, дундаас нь ашиг олдог байгууллага.
Гэтэл Монголын банкууд хадгаламжийн хүүнээс доогуур гадны арилжааны банкнаас 9-11 хувийн хүүтэй мөнгө босгож байна. Иргэдийн хадгаламжаас хүүний зөрүү байгаа. Энэ хоёрын хоорондын зөрүүг хэн төлөх вэ. Сү.Батболдын Засгийн газрын үед энэ зөрүүг төсөвт суулгаад үе шаттайгаар төлж байсан. Үүнийг хэн нэгэн төлөх ёстой. АН энэ зөрүүг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд мөнгө хэвлэн зах зээлд оруулж, төлсөн. Одоо 5 хувь болгож байгаа бол энэ зөрүүг Монголбанк мөнгө хэвлэж төлөх үү эсвэл төсөвт суулгаж төлөх үү гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй.
Таван хувь болгох зөв. Гэхдээ хоорондын зөрүүг яаж төлөх вэ. Их хэмжээний мөнгө хэвлээд зах зээл рүү хийчихвэл валютын ханш өснө, эдийн засаг дийлэхгүй шүү гэдгийг сануулж байгаа. 2012 оны сонгуулийн дараа АН засгийн эрхэнд гараад гурван их наяд төгрөгийг ямар ч бодлогогүйгээр хэвлэж зах зээлд оруулснаас болоод өнөөдөр 1370 төгрөг байсан нэг ам.долларын ханш 2000 давчихлаа. Дахин сонгуульд зориулаад ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгочихоор гурван хувийн зөрүү гарна. Энэ гурван хувийн зөрүүг төлөхийн тулд зах зээлд мөнгө хэвлэж оруулбал валютын, орон сууцны ханшид яаж нөлөөлөх вэ гэдгийг тооцсон уу гэж асууж байна.
-Гурван хувийн зөрүүнээс үүдэн гарах үр дагаврыг тооцсон гэнэ үү?
-Энэ талаарх тооцоо судалгааг гаргаж өгөхийг хүссэн. Ипотекийн зах зээлийг сэргээх, банкуудад үүсээд байгаа үл ойлголцлыг шийдэх нь зөв. Тиймээс дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг сонгуулийн жил гарсан гэж бодоод сонгуульд зориулж, аль нэг улс төрийн хүчин ялангуяа тухайн улстөрийн хүчний дарга нь иргэдийн саналыг авах зорилгоор хүү бууруулах, бэлэн мөнгө амлахыг хуулиар хориглосон.
-Тэгэхээр тийм ч урт настай хөтөлбөр биш юм байна гэж ойлгож болох уу?
-Барууны орнуудад моргейжийн зээлийн хүү гурван хувиас хэтэрдэггүй. Тэгж байж моргейж, урт хугацааны зээл иргэнийхээ амьдралд дарамт болохгүй, үл хөдлөх хөрөнгөтэй болж, иргэн хуримтлалтай болдог олон улсад байдаг сайн туршлага юм. Үүнийг эдийн засгийн ерөнхий багтаамж, ерөнхий өнгөтэй уяхгүй бол эргээд эдийн засгийн хүндрэлийг авчирдаг. Энийгээ тооцоорой гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулаад нэг асуудлыг ярьмаар байгаа юм.
-Ямар..?
-Энэ асуудлыг анх улстөржүүлсэн газар нь АН өөрсдөө юм. Яагаад гэхээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргахад МАН улс төрийн агуулгаар оролцох ямар нэг боломж байгаагүй юм. Үндсэн хуулийн цэцэд улс төрч нөлөөлдөг бол нөлөөлж чадах ганц улс төрийн хүчин нь АН юм. Цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч, Дээд шүүх, УИХ-ын дарга санал болгодог. Энэ албан тушаалуудад АН-ынхан алба хашиж байна. Цэцийн гишүүдийн 80 хувь АН-ын эрх барьж байх үед Ерөнхийлөгч, сайд, агентлагийн дарга нар байсан хүмүүс байдаг. АН сонгууль ойртоод ирэхээр хэвийн явж байсан 8 хувийн зээлийн хөтөлбөрийг өөрсдөө зогсоогоод ард иргэдэд сануулах байдлаар бухимдал үүсгээд эргээд тайлал хийлээ.
Энэ бол сонгуульд зориулж хийдэг олон улсад хэрэглэдэг хар пи-арын нэг арга. Тухайлбал, “Хэний гавьяа вэ” гээд самбар гаргалаа. Үүнд ард түмэн долоо хоног ярьж, бухимдсан. Уурлаад ирэнгүүт “Энэ ард түмний сонголтын гавьяа” гэсэн. Нэг ёсондоо нийгэм бухимдалтай байх үед уурлуулаад хэлэлцүүлэг өрнүүлээд дараа нь зөв тайлал хийж гаргадаг нь сонгуулийн хар пи-арын хамгийн шалгарсан арга юм. Ипотекийн зээлийг бууруулах ажил Засгийн газар, Монголбанкны хийх ажил. Гэтэл УИХ-ын дарга өрөөндөө хүмүүсийг суулгаж байгаад өөрөө самбар дээр тайлбарлаж ярина гэдэг сонгуулийн пи-арынх нь нэг хэлбэр. АН буюу эрх баригч сонгуулийн пи-араа эхлэхийн тулд ард иргэдийн амьжиргаагаар хоёр сар тоглолоо гэж харж байна. Сонгууль хүртэл 2-3 ийм ажил явагдах байх. Энэ ажлыг зогсоогоогүй бол 18 мянга гаруй иргэн зээлээ шийдүүлэээд байрандаа ороод явж байх байсан.
Улстөржилтөө хойш тавьж, эдийн засаг, хөгжлийнхөө асуудалд нэгдэн том бодлого гаргах ёстой
-Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг дөрвөн үндсэн чиглэлээр хөгжүүлэхээр тогтоолын төсөлд тусгасан байсан. Парламентад суудалтай бүх намын төлөөлөл ажлын хэсэгт багтсан байна лээ. 2030 он хүртэл ямар чиглэлээр хөгжүүлэхээр тусгасан бэ?
-Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөн гаргаж, бүс нутгийн хөгжилтэй уялдуулж, цаашид бодлоготой хөгжих асуудал чухал байна. Өнгөрсөн 25 жилд бид сайн зүйл их хийсэн. Гэхдээ алдаатай зүйлийн нэг нь Монгол эдийн засаг, улс төрдөө урт хугацааны тогтвортой бодлого баримтлаагүй юм байна.Сонгуулиас сонгуулийн хооронд иргэдэд таалагдах маягаар явсаар байгаад мухардалд орж байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатайгаар сонгуульд таалагдсан мөрийн хөтөлбөрт баригдсан бодлого нь төрийн урт хугацааны хөгжлийн бодлого болж чадахгүй байна гэж олон хүн шүүмжилдэг.
Иймээс энэ удаагийн парламентад суудалтай гурван намын бүлгийн дарга нар энэ ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Хөгжлийн бодлогыг урт хугацаагаар төлөвлөх хуулийн үзэл баримтлалыг гаргая гээд гурван жил явсан. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Одоо энэ хуулийг дагуулаад үзэл баримтлалаа батлахаар өргөн бариад байгаа. Монгол Улс ганцаараа арал дээр байгаа орон биш. Тэгэхээр Хятад, ОХУ, Зүүн хойд Азийн, дэлхий нийтийн хөгжлийн бодлоготой уялдаж явах ёстой.
Манай хоёр хөрш тав таван жилээр хөгжлийнхөө бодлогыг тодорхойлоод 20, 20 жилээр бодлогоо зарлаад явж байна. Казакстан гэхэд 2030 он гэхэд дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 30 орны тоонд орно гэх зорилт тавиад явж байна. Үүнтэй адил ойрын 15 жилд Монгол Улс ямар түвшинд очих ёстой вэ гэдэг бодлогоо гаргая гэж байгаа юм. Тиймээс тодорхой зорилтууд дэвшүүлсэн. Хүрэх үр дүнг нь хэмжих нэгжтэй нь оруулж өгсөн. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт ямар үр дүн хүрэх вэ гэдгийг хөндөж байгаа. Урт хугацааны бодлогын хүрээнд зарчмын 3-4 зүйл анхаараасай гэж хүсч байгаа.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт, төрийн бодлого тогтвортой байх ёстой. Тогтвортой бодлого үр дүн гаргадаг. Тиймээс гадныхан, дотоодын хөрөнгө оруулагч иргэдийн хэлж байгаа зүйл нь Монгол төрийн бодлого хуйсагнуур салхи шиг өнөөдөр нэг юм хэлээд маргааш өөрчлөгддөг. Тэгэхээр бид түншүүдээ алдаж байна. Тиймээс нэгдүгээрт, зөв бодлогыг тогтвортой олон жил мөрдөх ёстой. Нэг нам гарч ирээд өөрчилдгөө болих хэрэгтэй.
Гадаад, дотоод өрсөлдөгч нартаа тулгуурлаж, тооцоо судалгаан дээр үндэслэсэн бодлогоо гаргаж тавиад түүндээ хүрэхийн тулд гурван жилд хүрэх зүйлийг нэг, 10 жилд хүрэх зүйлийг яаж таван жилд ямар арга замаар хүрэх үү гэдгээрээ уралддаг байх ёстой. Төрөөс гаргаж байгаа аливаа бодлого, шийдвэр судалгаа тооцоон дээр үндэслэж баймаар байна. Мэргэжлийн хүмүүсийн оролцоотой шийддэг байх ёстой. Тэгэхгүй бол 76 хүн бүгдийг мэдэгч биш. Эсвэл тэнд байгаа нэг сайд ч бүгдийг мэдэгч биш юм. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаа, оролцоо, эрх нь хөндөгдөж байгаа хүмүүсийн санал бодол яаж туссан юм.
Асуудал бүрийг төрийн гэдэг байр сууринаас хараад байж болохгүй. Үүний цаана бизнес эрхлэгчдийн эрх ашиг яаж хөндөгдөж байгаа. Хүний эрх хэрхэн хөндөгдөж байгааг байнга асуудал бүр дээр авч үзэх ёстой. Тиймээс Монгол төрийн бодлого цаашид аль болох судалгаа тооцоо, шинжлэх ухаан суурилж гарч байх нь хамгийн зөв. Гуравдугаарт, Монголын нийгэмд хамгийн их санаа зовоож байгаа зүйл баян хоосны ялгаа. Нийт хүн амын 50 хувь нь амьжиргааны доод түвшинд, 40 хувь нь дундаж, 10-аад хувь нь баян байна. Тэгэхээр дундаж давхаргаа 80 хувьд яаж хүргэх вэ. Тэгж байж нийгмийн тогтвортой байдал хангагдана.
Гуравхан сая хүн амтай хэр нь баян хоосны ялгаа их байвал аюултай. Баян хоосны ялгааг арилгах, чинээлэг дундаж түвшинг нэмэгдүүлэх байдалд Монгол төрийн бодлого яаж явах ёстой вэ гэх бодлого байх ёстой. Нэг ёсондоо хэчнээн км зам тавих вэ, хаана станц, үйлдвэр барих вэ гэдэг чухал. Түүнээс чухал асуудал бол хүний хөгжил юм. Монголын баялаг бол монгол хүн юм. Эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай, эрдэм мэдлэгтэй, өндөр ёс суртахуунтай, олон улсад өрсөлдөж чадах XXI зууны Монголыг бий болгох механизм нь хаанаа байх юм гэдгийг гаргаж тавих ёстой. Тэгэхгүй бол олон жил материаллаг зүйл рүү явсан. Төдөн км зам, станц, үйлдвэр баръя гэж явлаа. Өрсөлдөх чадвартай, зөв, эрүүл чийрэг Монгол хүн болоод ирвэл бусад баялгийг бүтээж чадна. Хүний хөгжил ч намуудын бодлогын цөм байх ёстой.
-Яаж?
-Сонгуульд намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэхдээ заавал Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай мөн урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах ёстой. Үүнийг нь аудитын байгууллага шинжилгээ хийж, уялдуулсан эсэхэд дүгнэлт өгнө. Аль нэг улс төрийн нам гарч ирээд дураараа амлалт өгч болохгүй. Манай улсын өрсөлдөх чадвар ямар байна, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал ямар байна вэ. Бид дэлхийд юугаараа өрсөлдөж чадах вэ гэдгээ тооцох ёстой. Бид дэлхийд болон бүс нутагт өрсөлдөж чадах тавхан зүйл байна.
-За…?
-Нэгдүгээрт уул уурхай. Хоёрдугаарт эрчим хүч. Хүн төрөлхтөн одоогоор гурван эх үүсвэрээс эрчим хүч гарган авч байна. Нүүрс, нар салхи буюу сэргээгдэх эрчим хүч, уран. Энэ гурав гурвуулаа манайд бий. Дэлхийд энэ нөөцөөрөө ч дээгүүрт бичигддэг. Тиймээс бид Зүүн хойд Азийн эрчим хүч дутагдалтай бүс нутагт эрчим хүчээ экспортлох боломж байна. Гуравдугаарт, хөдөө аж ахуйн гаралтай органик бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломж бий.
Гэхдээ үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, брэндийн хэмжээнд гаргаж ирэх маркетинг менежментийг хийх нь хамгийн чухал байна. Дөрөвдүгээрт, нүүдлийн адал явдалт байгалийн аялал жуучлалыг хөгжүүлэх боломж байгаа. Тавдугаарт, Монгол хүн оюуны чадавхиа ашиглан тодорхой салбаруудад зохих хэмжээгээр хөрөнгө оруулалт хийн зөв хөдөлвөл бидэнд боломж байна. Монголчууд бид нэг завин дээр явж байгаа. Түүнээс гадагшаа гараад АН, МАН-ын Монгол гэж байхгүй. Тиймээс улстөржилтөө хойш тавьж, эдийн засаг, хөгжлийнхөө асуудалд нэгдэн том бодлого гаргах ёстой.
ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN