"Урт цагаан"-ы барилгыг актлан буулгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

"Урт цагаан"-ы барилгыг актлан буулгаж байна

"Урт цагаан"-ы барилгыг актлан буулгаж байна

"Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр блокийг өнгөрсөн шөнөөс эхэлж буулгаад байна. Тус төвийн 12 блокоос хамгийн баруун тал буюу спорт заалны эл хэсгийн үйл ажиллагааг зогсоож, түрээслэгчдийг гаргасан байгаа юм.  Энэ асуудлаар өнөөдөр /2020.07.23/ Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тайлбар өглөө.


ДАМ ТҮРЭЭСЛЭГЧ 30 ИРГЭН, ААН-ТЭЙ ЦААШИД ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙ

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.РЭНЦЭНБЯМБА: 

-Нийслэлийн Засаг даргын 216 дугаар захирамжаар "Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ дагуу НИТХ-ын тэргүүлэгчдээс тус төвийн нэгдүгээр төвийг нийслэлийн өмчөөс хасч, акталлаа. Тус блокийг буулгах шийдвэрээр өчигдрөөс эхлэн нурааж байна. "Урт цагаан" төвд түрээсээр ажил амьдралаа залгуулдаг байсан иргэдийг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас Улаанбаатар банкны шилэн барилгад ажлын байраар хангасан. Өнөөдрөөс илүү олон түрээслэгч шинэ ажлын байр руу нүүж орсон. Харин 30 иргэн, ААН Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай 2020 онд гэрээ байгуулаагүй. Ус дулаан, тог цахилгаан гээд бүх газартай гэрээгээ цуцалсан тул өнөөдрийн байдлаар "Урт цагаан" үйлчилгээний төв тог цахилгаангүй байна. Цаашид "Урт цагаан" төвийн корпусуудыг буулгаж шинэчилнэ. Түрээслэгч 30 иргэн, ААН-ийн зүгээс "Урт цагаан" төвийг буулгах нь хуульд нийцээгүй хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хотын А цэгт зургаан мянган төгрөгөөр түрээсэлдэг байсан асуудлыг таслан зогсоосон. Дам түрээслэгч 30 иргэн аж ахуй нэгж одоо болсон хангалттай. Цаашид эдгээр иргэн, аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулахгүй. Тэд өнгөрсөн 20, 30 жилийн хугацаанд бусдад дам түрээс хийж болсон.

"УРТ ЦАГААН" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН НЭГДҮГЭЭР КОРПУСЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС ХАССАН

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга  Ш.ҮНЭНБАТ: 

-"Урт цагаан" төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон. Мөн тус төвийн нэгдүгээр корпусыг акталж, буулгаад байна. Тус төвийг дам түрээсэлж байсан 30 иргэний төлөөлөл "Урт цагаан" үйлчилгээний төвийг нураах нь хуульд нийцээгүй гэх тайлбарыг хийдэг. Нэр бүхий 9 иргэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 279 дүгээр тогтоолоор тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн юм. Энэ нь тухайн актыг хуульд нийцсэн нийцээгүй хүртэл асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хариуцагч талуудаас аль аль нь үйл ажиллагаа явуулахгүй гэх шийдвэр гарсан. Энэ асуудал өнөөдөр шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, анхан шатны шүүхэд хянагдаж байна. "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг нийслэлийн өмчөөс хасч акталсан тул буулгах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн Хот байгуулалт хөгжлийн газраас авсан тул "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгах тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хангасан гэлээ.

"Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг өнөөдөр шөнө үргэлжлүүлэн буулгана. Харин тус төвд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн төлөөлөл уг асуудлыг хувийн өмчид зөвшөөрөлгүйгээр халдаж, хууль бусаар барилгын ажлыг нураасан хэмээн үзэж байна.

ХУУЛЬ БУСААР БАРИЛГЫН АЖЛЫГ НУРААСАН НЬ БИДНИЙ ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ЗӨРЧЛӨӨ

“Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын ТУЗ-ын гишүүн Б.ТӨМӨРӨӨ:   

-"Урт цагаан" үйлчилгээний төвийг зогсоох захирамж гарсан. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхийн нэг, хоёрдугаар захирамжаар үйлчилгээний төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх тогтоол гарсан байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх шатанд нь Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагууд хүч түрэмгийлж хашаа хатгах нэрийдлээр зөвшөөрөлгүйгээр барилга нураалаа. Хууль бусаар "Урт цагаан" үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгасан гэж хүмүүс эгдүүцэж байна. Ер нь аливаа хэрэг маргаанд шүүхээс эцсийн шийдвэр гараагүй нөхцөлд нэг талыг барихгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх ёстой. Гэтэл зөвшөөрөлгүй барилгыг буулгаж байгаа нь түрээслэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Хэрэв "Урт цагаан" үйлчилгээний төв нурах аюулд хүрсэн бол түрээслэгчид өдийг хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх байсан. Олон нийтэд "Урт цагаан" үйлчилгээний төвийг өнөө маргаашгүй нурах мэтээр ташаа ойлголт мэдээлэл өгч байна. Бид шат шатны байгууллагад "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг шинэчлэх асуудлыг эсэргүүцэж түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах хүсэлтээ өгсөн ч зарим албаны хүмүүс төрийн ажилд саад болж гэж дарамт шахалт үзүүлж байна. Төрийн ажилд саад боллоо гэдэг "Урт цагаан" үйлчилгээний төвд ч бас түрээслэгчид ажил явуулж байна. Гэтэл төрийн нэр барьж хувийн өмчид халдаж байгаа нь хууль бус шүү дээ.

"Урт цагаан" үйлчилгээний төв дэх “Алаг даага” ХК-ны захирал Ч.ДОРЖХОРЛОО:

-"Урт цагаан" үйлилгээний төвд 400 гаруй хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүс хоёрдугаар сараас хойш орлогогүй болж эрүүл мэнд эдийн засгаараа элгээрээ хэвтэж байна. Учир нь, үйлчилгээний төвийн ус, цахилгааныг тасалсан. Шүүхийн шийдвэр бидний талд гарч Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн байхад Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас үйлчилгээний төвийн барилгын нэгдүгээр корпусыг нураалаа. Тус төвийн удирдлагуудад хууль үйлчлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон гэсэн үг хэмээлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж