Австралийн иргэний агаарын тээврийн "Кантас" компани сүүлийн "Боинг 747" онгоцоо тэтгэвэрт гаргажээ. Онгоц тэтгэвэрт гарахынхаа өмнө сүүлийн нислэгээ үйлдэхдээ тэнгэрт компанийнхаа бэлгэ тэмдэг болох харайлгаж буй имжийг дүрсэлжээ. Онгоц цаашаа АНУ-ын зүг ниссэн бөгөөд Можавын цөлд үлдэх аж.
"Кантас эйрлайнс"-ын сүүлийн "Боинг 747" болох QF7474 онгоцыг эцсийн нислэгт нь үдэхээр иргэд өчигдөр/2020.07.22/ Сиднейн нисэх буудалд цугларч, онгоцны ханан дээр сэтгэлийн үгээ бичиж, салах ёс хийжээ.
Тус онгоц төлөвлөгөөний дагуу зургаан сарын дараа тэтгэвэрт гарах байсан ч коронавирусээс болон ийнхүү тэтгэвэрт гарах хугацаа урагшилжээ.
“Covid-19 цар тахал зөвхөн энэ онгоц төдийгүй Австрали болон бусад улс орны агаарын тээврийн салбарт асар хүнд нөлөө үзүүлж байна. Тэтгэвэрт гарсан энэ онгоц жолоодоход маш эвтэйхэн, найдвартай, өөрийн үүргийг онц сайн биелүүлдэг байв. Онгоц олон хүмүүсийг зорьсон газарт нь хүргэж, амьдралд нь шинэ боломжуудыг нээж өгсөн” хэмээн "Кантас"-ын гүйцэтгэх захирал Алан Жойс хэлжээ.
Өнгөрсөн сард "Кантас" компани цар тахлаас болж 6000 ажлын байраа цомхотгосон билээ.
Онгоцтой салах ёс гүйцэтгэхээр 150 орчим хүн цуглаж, усан ёслолын буудлага хүртэл хийжээ. Тус онгоц хагас зууны туршид ажиллахдаа Хатан хаан Элизабет II, Австралийн олимпын баг тэргүүтэй нийт 250 сая хүнд үйлчилсэн гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт Британийн иргэний агаарын тээврийн компани ч бас бүх "Боинг 747" онгоцоо тэтгэвэрт гаргахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC.COM