Залуучуудын уран гулгалтын дэлхийн аварга Екатерина Александровскаягийн цогцос Москва хотод байрлах байрных нь гаднаас олджээ. Түүнийг байрныхаа зургадугаар давхрын цонхноос үсэрч, амиа хорлосон байх магадлалтай хэмээн эх сурвалж мэдээлж байна. Мөн эх сурвалжийн хэлж буйгаар Екатерина Александровская хүнд өвчтэй болохоо мэдсэнийхээ дараа амиа хорлох гэж оролдож байсан тухай ярьжээ.
Тэрээр "люблю" хэмээн цаасан дээр бичиж үлдээжээ.
Екатерина Александровская энэ оны хоёрдугаар сард татаж унадаг өвчтэй гэж оношлогдсон бөгөөд түүнийхээ улмаас их спортоосоо зодог тайлсан аж. Түүний дасгалжуулагч Андрей Хекалогийн хэлснээр Екатерина Александровская хүнд өвчнийхөө улмаас сэтгэл санааны гүн хямралд орсон гэв.
2000 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Москва хотод мэндэлсэн Екатерина Александровская 2016 он хүртэл ОХУ-ын тамирчин байсан бөгөөд Австрали улсын урилгыг хүлээн авч 2016 оноос хойш тус улсын далбаан дор тэмцээн уралдаанд оролцож байсан аж. Тэрээр 2017 онд залуучуудын уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд Австралийн Харли Уиндсортой хослон түрүүлж, үүгээр ч зогсохгүй 2017 оны залуучуудын дэлхийн Гран При тэмцээнд мөн түрүүлсэн юм.