Мэргэжлийн боксын аварга, баатруудын баатар Бриджер Уокер

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Мэргэжлийн боксын аварга, баатруудын баатар Бриджер Уокер

Мэргэжлийн боксын аварга, баатруудын баатар Бриджер Уокер

АНУ-ын Вайоминг мужид аж төрдөг зургаан настай Бриджер Уокер хэмээх хүү өөрийн амь насыг үл хайхран охин дүүгээ нохойноос аварсан тухай дуулиан цахим орчинд маш хурдан тарж, олон хүнийг, тэр дундаа Марвелын супер баатруудыг гайхшруулаад байгаа билээ.

ЭР ЗОРИГ

Долдугаар сарын 9-нд Уокер хүү дөрвөн настай охин дүү рүү нь айлын уяанаасаа алдуурсан нэг настай эрлийз немц овчарка нохой дайрахад урдуур нь орж, өөрөө нүүрнийхээ талыг хазуулж хүнд бэртсэн юм. Нохойг түр сатаарах хооронд тэрбээр дүүгийнхээ гараас хөтлөөд, аюулгүй газарт зугтан иржээ. Хүүд хоёр цагийн турш хагалгаа хийж, нүүр болон биед нь нийт 90 гаруй оёдол тавьсан аж.

Хожим хүүгийн аав түүнээс яагаад дүүгийнхээ урдуур орсныг асуухад хүү “Хэрвээ хэн нэгэн нь үхэх ёстой бол тэр нь миний дүү байснаас би байсан нь дээр гэж бодсон” хэмээн хариулсан байна.

Хэрэг явдал хүүгийн хөрш буюу нохойны эзний гэрийн хажууд болсон гэнэ. Болсон явдлыг анзаармагцаа нохойны эзэн хүүг гэртээ оруулан шархыг нь дарж,  шаардлагатай анхны тусламж үзүүлэн, түргэн тусламж дуудсан байна. Хожим Бриджерийн эцэг эх “Бид хүүд минь яаралтай анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэнд хөршдөө маш их талархаж байгаа” хэмээн ярьжээ.

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ

Хүүгийн гэр бүлийнхэн уяанаасаа алдуурсан нохой болон түүний эздэд гомдол гаргах битгий хэл уурлаагүй гэнэ. Тэд “Нохойны эзэд бол үнэхээр сайн хүмүүс. Бид тэднийг мэднэ. Тэд Бриджерт маш их тусалж байгаа. Бид тэдэнд уурлаагүй ээ” хэмээн бичсэн аж.

Хөрш нь түргэн тусламж дуудаж, хүүг эмнэлэгт хүргэсний дараа эцэг эх нь эмнэлэг дээр очоод болсон явдлын тухай мэджээ. Эмнэлэг дээр амьтны хяналтын мэргэжилтэн ирж, хүү рүү дайрсан нохойг нэг настай эрлийз немц овчарка болохыг дуулгасан байна. Нохойны эзэд харгис зан гаргасан нохойгоо унтуулах шийдвэр гаргахад Бриджерийн эцэг, эх эсэргүүцэж, нохойг амьд үлдээн, өөр газарт нүүлгэн амьдруулахыг хүссэн аж.

Гэвч нохойг цаашдаа ч аюул учруулахаас сэргийлж, эзнийх нь хүсэлтээр Чэйенне амьтны асрамжийн газарт унтуулсан байна.

ТОМ АХ

Бриджер хүү 2016 онд буюу хоёр настайдаа бяцхан дүүгээ мэндлэх үеэс эхлэн үргэлж хамтдаа байх болжээ. Эцэг эхийнх нь хэлснээр хүү хэзээ ч дүүгээ орхин хол явалгүй үргэлж хажууд нь тоглодог аж. Мөн хүү охин дүүгээ үргэлж магтаж, тэвэрч, хайраа илэрхийлдэг байна.

Удалгүй хүү өөрийн аав болон ахтайгаа хамт Бразилийн жиү жицү хэмээх бие хамгаалах урлагаар хичээллэж эхэлсэн гэнэ. Тэрбээр ангийнхаа хамгийн залуу, жижиг нь байсан ч огт шантралгүй үргэлж өөрөөсөө том, туршлагатай өрсөлдөгчидтэй ач тач үзэлцдэг байж.

Хэрэг болдог өдөр Бриджер дүүтэйгээ, найзтайгаа гурвуулаа хөршийнхөө гэрт тоглож байгаад, найз нь нохой харах санал тавьсанд гурвуулаа арын хашаа руу гарсан байна. Гэвч харамсалтай нь нохой хүүхдүүд рүү дайрсан аж.

Болсон явдлыг Бриджер хүү “Нохой бидэн рүү дайрахад би дүүгээ гэмтээлгэхгүйн тулд урд нь орж зогссон. Нохой ирж намайг хазсан ч би түүнийг дүү рүүгээ явуулахгүйн тулд ноцолдсоор байлаа” хэмээн дурссан байна.

БААТРУУДЫН БААТАР

Хүүгийн гаргасан эр зоригийн тухай дуулаад хамгийн түрүүнд ахмад Америк буюу жүжигчин Крис Эванс түүнд мэндчилгээ дэвшүүлж, кинонд ашигласан жинхэнэ бамбайгаа бэлэглэсэн байна. Тэрбээр хүүд явуулсан бичлэг дээрээ “Найз минь, чи бол жинхэнэ баатар. Чиний хийсэн үйлдэл үнэхээр эрэлхэг байлаа. Дүү чинь чам шиг том ахтай байгаадаа үнэхээр азтай юм. Аав ээж чинь мундаг хүүгээрээ бахархаад барахгүй байгаа” хэмээн ярьсан байна.

Харин түүний дараа Халкын дүрд тоглодог Марк Руффало “хүндэт Бриджер, би чамд юу тохиолдсоныг мэдээд нэг зүйл хэлэхийг хүслээ. Бусдыг өөрөөсөө илүүд үздэг хүн бол энэ дэлхийн хамгийн ухаалаг, баатарлаг хүн байдаг. Би чамайг сэтгэлийнхээ гүнээс биширч, хүндэтгэж байна. Жинхэнэ баатар байна гэдэг нь бусдыг удирдаж, бусадтай зодолдож, мундаг эр шиг харагдах биш юм шүү. Жинхэнэ баатар гэж юу хийх ёстойгоо мэддэг, түүнийхээ төлөө айхыг үл мэдэн тэмцэхийг хэлдэг юм. Чи бол миний таньдаг ихэнх эрчүүдээс илүү эр хүн юм. Зүйргүй ихээр хүндэтгэн ёсолж буйг минь хүлээн авна уу. Марк Руффало” хэмээн захидал илгээсэн байна.

Мөн хүн аалз дүрд тоглодог Том Холланд хүүтэй видео дуудлага хийж, түүний эр зоригийг гайхан биширч байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хүүгээс дуртай супер баатрыг нь асуухад Бриджер ичсэндээ хариу хэлээгүй ч дуудлага хийхдээ хүн аалзын хувцас өмссөн байж. Мөн Томын хүүд өгсөн нэгэн гайхалтай бэлэг бол удахгүй зураг авалтаа хийж эхлэх “Хүн аалз 3” киноны зураг авалтад оролцох, хүссэн үедээ түүнтэй уулзах урилга юм.

Төмөр хүн буюу Роберт Доуни Жр ч багийнхнаасаа хоцролгүй хүүд “ахмадын бамбайнаас дээр” онцгой зүйл бэлэглэхээ амлажээ. Тэрбээр “Бриджер, чи бол жинхэнэ рок од. Миний нэр бол Роберт Доуни Жр. Би Тони Старкын дүрд тоглодог. Тиймээс би ахмад Америкийн эртний анд гэсэн үг. Түүнийг чамд бамбайгаа бэлэглэж байгаа гэж сонслоо. Харин би түүнээс нь илүү зүйл явуулна гэдгээ амлаж байна. Дараагийн төрсөн өдрөөрөө намайг дуудаарай. Би чамд гайхалтай бэлэгтэй очих болно. Энэ бол амлалт. Бамбайнаас илүү амлалт” хэмээн хэлсэн гэнэ.

Бас эдгээрээс гадна бусад супер баатрууд болох Жереми Реннер, Бри Ларсон, Анне Хатавэй тэргүүтэй одууд ч хүүтэй холбогдож мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу бэлэг илгээжээ. Анне Хатавэй “Би супер баатрын дүрд тоглоогүй ч тэдэнтэй нэгдэн чамд хүндэтгэл үзүүлэхийг хүслээ. Би лав хэзээ ч чиний гаргасан зоригийн талыг ч гаргаж чадахгүй байх байсан байх” хэмээн хэлсэн юм.

БОКСЫН АВАРГА

Дэлхийн мэргэжлийн боксын хорооны ерөнхийлөгч Маурисио Сулаймэн охин дүүгээ амиараа хамгаалсан Бриджер хүүгийн эр зоригийг үнэлэн сайшааж, аваргын бүс гардуулжээ.

Охин дүүгээ нохойны дайралтаас өмгөөлөн өөрөө хүнд бэртэж, нүүр болоод биедээ нийт 90 гаруй оёдол тавиулсан Уокер хүүг дэлхийн мэргэжлийн боксын хороо твиттер дээрээ “Бид зургаан настай Бриджер Уокерын алдрыг хүндэтгэж, дэлхийн мэргэжлийн боксын хүндэт аварга болгон өргөмжиллөө. Тэрбээр охин дүүгээ аврахын тулд хүн төрөлхтний хамгийн агуу чанар болох эр зоригийг бяцхан биедээ баймгүйгээр дайчилсан билээ. Бриджер бол жинхэнэ баатар” хэмээн онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж