С.Баярт 5 жил, Ч.Даваанямд 2 жил хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

С.Баярт 5 жил, Ч.Даваанямд 2 жил хорих ял оноов

С.Баярт 5 жил, Ч.Даваанямд 2 жил хорих ял оноов

НЭМЭЛТ: 16.15 цагт 

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил хорих, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд  2 жил хорих ял тус, тус оноолоо.

Ингэхдээ шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис трейдинг” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн.

Мөн С.Баярын том охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд АНУ-д 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Давааням нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж давуу байдлаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн бизнес үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр 2010-2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, АНУ-ын банкин дахь С.Баярын болон эхнэр Судвынх нь дансаар 2011-2017 оны хугацаанд 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцлоо.

С.Баярт албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээс хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв. Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас  5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргажээ.

Хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэсэн юм.


С.Баяр, Ч.Давааням нарыг гэм буруутайд тооцож, ял оноов

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020.07.22-23-нд шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

1. Шүүгдэгч С.Баяр нь 2007 оны 11 дүгээр сараас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 51 дугаартай тогтоолоор “Оюутолгой” ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах яриа хэлэлцээр хийхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн,

Мөн Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор:

Найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн "Петровис трейдинг” ХХК, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-тай 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулах, энэ гэрээ 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис трейдинг” ХХК нь 418,385,173,982.34 төгрөгийн орлого олох боломжийг олгож буюу “Оюу толгой” болон “Петровис трейдинг” компаниудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний үр дүнд “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлыг урвуулан ашиглах/-ийн 263.2 дахь зааснаар,

Шүүгдэгч С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож,

2. Шүүгдэгч Ч.Давааням нь С.Баяртай бүлэглэн Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор С.Баярын охинтой хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын "Банк оф Америка" банк нь дахь С.Баярын болон түүний эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоож,

С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял бүгд нийлээд 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгчдээс дараах хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөг /хууль бусаар олсон орлого/

Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн үнэлгээтэй АНУ-д байрлах орон сууцыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

НЭМЭЛТ: 

Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурлын шийдвэр гарсан байна. Шийдвэрийг 16.00 цагт танилцуулахаар төлөвлөөд байна.

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох шүүх хурал завсарлав

НЭМЭЛТ: 

Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал завсарлаад байна.

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Оюутолгой төслийг хөдөлгөсөн. Энэ үед С.Баяр Ерөнхий сайдын алба хашиж байсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Петровис” компанид давуу байдал олгож, Оюутолгой компанид шатахуун нийлүүлэх гэрээ хийлгэсэн байж болзошгүй, мөн АНУ-д амьдардаг охиных нь нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Оюутолгой төслийг байгуулсны дараа бий болсон байж болзошгүй зэрэг хэрэгт сэжиглэгдэн, шүүгдэж буй юм.

Энэ тухай Ерөнхий сайд асан С.Баяр “Хийгээгүй хэргээр маань шүүж байна. Гэхдээ өчигдрийн шүүх хуралдаанаар шатахуун нийлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэдэг нь няцаагдлаа. 2009 онд байгуулсан гэрээг нь 2008 онд байгуулсан гэрээтэй харьцуулахад “Петровис” компанийн нөхцөл нь дордсон байгаа.

Хоёр дахь буруутгадаг асуудал нь АНУ-д олон хаустай гэдэг. Авлигатай тэмцэх газраас АНУ-ын хууль хяналтын байгууллагад хандахад Эрүүгийн хэлтсээс нь олон хуудас материал ирүүлсэн.  Миний охин, эхнэр, найз Ч.Даваанямын банкны хуулга ирсэн. Биднийгээ буруутгах биш харин ч цагаатгах баримт ирсэн.  АНУ мөнгөний эх үүсвэр талаас нь сайн нягталдаг. Хэрэв АНУ-ын нутаг дэвсгэр дээр мөнгө угаах ч юм уу хууль бусаар мөнгө эргэлдүүлж бизнес  хийсэн бол Монголын хуулийн байгууллагаас хандсан хандаагүй, нутаг дэвсгэр дээр нь гэмт хэрэг үйлдэгдэж байгаа учраас аль хэдийнэ биднийг шалгаад буруутай бол шийтгэл ногдуулчихсан байх ёстой. Банкных нь хяналт жигдэрчихсэн орон. Шүүх эцсийн шийдвэрээ удахгүй гарна" гэлээ.

Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр /2020.07.22/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шүүж буй юм.

Шүүх эл хэргийг Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарынхтай хамтад нь хэлэлцэж байсан ч Ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр эхний хуралдаанд оролцоогүй тул шүүх бүрэлдэхүүн хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг долдугаар сарын 22-нд болгон тогтоосон билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
141
ЗөвЗөв
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж