Ковид-19 оос болж гадаадад гацсан иргэдээ Эх орондоо түргэн шуурхай авчрах зорилгоор нэгдсэн Иргэний онцгой комиссын /ИОК/ төлөөлөл Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар болон УОК-ийн гишүүдтэй 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр уулзлаа. Уулзалтын гол зорилго нь дараах асуудлуудаар ярилцаж шийдэл гаргах байсан. Үүнд,
- ИОК-т өөрсдийн нөхцөл байдлаа танилцуулж, санал хүсэлтээ илгээсэн нийт 3000 гаруй Монгол иргэдийн мэдээллийг нэгтгэж танилцуулах,
- Яаралтай иргэдээ татаж авчрах үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс боловсруулсан саналаа танилцуулах,
- Иргэдийн зүгээс ирсэн гол гол асуултуудад хариулт авах зэрэг байлаа.
ИОК-ийн зүгээс иргэдээ татан авахтай холбоотой УОК-ийн мэдээлэл хүртээмжгүй ил тод биш байгаа дээр голлож санал хүргэсэн гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь мэдээлэл дутмагаас иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүсч, уур бухимдал нэмэгдэж байна. УОК-ийн гишүүд үүнийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч ИОК-ийн зүгээс тавьсан шаардлагын дагуу
- УОК-оос өгөх мэдээллийг ард иргэдэд илүү дэлгэрэнгүй, ил тод байлгах, мэдээлэл хүргэх давтамжийг нэмэгдүүлж мэдээлэл түгээх менежментийг сайжруулж ажиллах
- Түүнчлэн ОУ байгууллага болоод дотоодын иргэд байгууллагаас цугласан хандив тусламжийн зарцуулалтын мэдээллийг илүү ойлгомжтой болгох
- Мөн ирэх 7 хоногоос ЭСЯ-дууд өөрсдийн вэб болон сошиал хуудсуудаар дамжуулан иргэдийн асуудлыг шийдэх, мэдээлэл түгээх, яаралтай хариулт өгч ажиллахаар боллоо.
ИОК-ийн хувьд мэдээллийн урсгалыг сайжруулах ил тод байдлыг хангахад нь хяналт тавих мөн албан ёсны мэдээллүүдийг өөрсдийн сувгаар түгээж ажиллах юм.
А.ТУЛГА