Монголчууд санхүүгийн чөлөөт бүс байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

Монголчууд санхүүгийн чөлөөт бүс байгуулна

Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сантай хамтарч “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус чуулга уулзалтаар санхүүгийн бүх салбарыг хамарсан асуудлыг авч хэлэлэх төдийгүй салбар хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, олон нийтийн зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэх, салбарын үр ашгийг нийтэд нь нэмэгдүүлэх зорилготой аж.

СЗХ-ноос Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулсан “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн төслийг 2015 онд салбарынхандаа танилцуулсан нь анхны урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон юм. Тийм ч учраас форумын хэлэлцэх асуудлын хүрээнд санхүүгийн зах зээлийн хөгжлийн урт хугацааны стратеги, хөрөнгө оруулалтын шинэ орчин, санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба ядуурлыг бууруулах арга зам, банк, даатгалын салбар, хөрөнгийн зах зээл дэх бизнесийн шинэ модель, компанийн засаглал, аудит, тайлагнал, хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль-эрх зүйн орчинд учирч буй тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх аргаз амуудыг тодорхойлоход өнөөдрийн форум чиглэх юм байна.

Үндэсний форумд банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын зохицуулагчид, бодлого боловсруулагчид, зах зээлд оролцогчид, судлаачдаас гадна гадаадын болон олон улсын байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Форумыг зохион байгуулж байгаа СЗХ-ны дарга З.Нарантуяагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн энэ форумыг зорилго юу вэ?

-Санхүүгийн зах зээлийг 10 жилийн хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг баримт бичгийг боловсруулаад байна. Бидний тавьж буй гол зорилго бол таван үндсэн чиглэлтэй. Нэгдүгээрт, санхүүгийн зах зээл улс орныхоо эдийн засагт үүрэг их гүйцэтгэдэг, ДНБ-ий 10 хувьд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийж чаддаг болоосой гэж зорилго тавьсан. Хоёрдугаарт, энэ зах зээлийг тэнцвэртэйгээр хөгжүүлнэ. Бүх хүмүүс мэдэж байгаа. Нийт активын хувьд 95 хувь нь банкны салбарт байдаг. Цаашид санхүүгийн зах зээлийн тэнцвэрийг хангана. Гуравдугаарт энэ зах зээл дээрх зардлыг бууруулна. Өнөөдөр энэ зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг өндөр байна. Яагаад өртөг өндөр вэ гэхээр эх үүсвэр буюу хадгаламжийн хүү өндөр байна. Ямар арга хэмжээ авч энэ хүүг хоёр дахин бууруулах боломж байгааг судална. Цаашид энэ зах зээлийг бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, өртгийг салбарын онцлогоос хамаараад 10 жилийн дотор 30-50 хувь бууруулна гэх мэт тодорхой зорилт тавьсан байгаа. Хамгийн гол нь бид энэ зах зээлээ нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын шинэ үүд хаалгыг нээнэ.

-Монгол Улс дотоодын зах зээлийг өргөтгөх зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?

-Аливаа улсын санхүүгийн зах зээл өөрөө даяарчлагдаж байна. Нэг улс дотроо өөрийн гэсэн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх боломжгүй болчихож. Санхүүгийн зах зээл хил хязгаар харгалзахгүйгээр үндэстэн хооронд чөлөөтэй явчихсан учраас бид өөрсдийнхөө зах зээлийг гадагш нь интеграцчилах хэрэгтэй. Бид санхүүгийн зах зээл дээр идэвхтэй тоглогч байж хөгжих учраас 10 жилийн дараа Зүүн Хойд Азийн худалдааны том урсгалыг түшиглэсэн санхүүгийн төв болгох зорилт дэвшүүлсэн. Үүний тулд бусад оронд туршаад амжилтанд хүрчихсэн чөлөөт бүс байгуулах санаа багтсан юм.

Т.НОМИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж