УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага хүргүүлсэн тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар өнөөдөр "Морин цаг" мэдээллийн цагаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Уг шаардлагад, улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан МАН-ын бүлэг 2014 оноос өнөөг хүртэл тэтгэвэр, цалин, малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Гэвч эрх баригчид зах зээл өөрөө зохицуулдаг зүйлийг захиргаадалтын аргаар шийдэж болохгүй, арилжааны банк иргэн хоорондын харилцаанд төр оролцдоггүй гэсэн тайлбар хийж өнөөг хүрсэн. Гэтэл шинэ он гарангуут нэгдүгээр сарын 6-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувьд хүргэх мэдэгдэл хийсэн. Инфляцийн түвшин 2,9 хувьд хүртэл буурсан нь зээлийн хүүг бууруулах үндэслэл аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Зээлийн хүүг бууруулах эрх зүйн боломж ч бий. Банкны тухай хуулийн 9-ийн 1-ийг удирдлага болгоод бууруулах боломжтой. Санхүүгийн эх үүсвэр ч бий. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд дөрвөн их наяд төгрөгийг хэвлэж, аж ахуйн нэгжүүдэд үүнийг жилийн гурван хувийн хүүтэй олгож байсан. Дээр нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлээр тэтгэврийн болон цалингийн, малчны, мөн жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах боломжтой" гэв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Эрх барьж буй нөлөө бүхий хүмүүс тооцоо, судалгаагаа хийгээд зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзсэн. Энэ шийдвэр бүх салбарыг хамрах ёстой. Ер нь арилжааны банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд буулгах боломжтой юм байна гэж бид үзэж байгаа" гэлээ.
Т.НОМИН