Ливерпүүл Английн Премьер лигийн аваргын цомоо гардлаа | News.MN

Ливерпүүл Английн Премьер лигийн аваргын цомоо гардлаа

Ливерпүүл Английн Премьер лигийн аваргын цомоо гардлаа

Ливерпүүл Английн Премьер лигийн аваргын цомоо гардлаа

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 37-р тойргийн оргил тоглолт өнөөдөр/2020.07.23/ Ливерпүүлийн Энфилд цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Талбайн эзэд Ливерпүүл Челсиг талбайдаа хүлээн авч 5:3 гэсэн харьцаатай хожоод зогсохгүй аваргын цомоо гардан авсан юм. Ерөнхийдөө аварга авах нь тодорхой болсон Ливерпүүл багийн хувьд Челситэй хийх тоглолтод бус 30 жилийн дараа хүртэж буй Английн хөлбөмбөгийн дээд лигийн цомдоо анхаарлаа хандуулсан гэхэд хилсдэхгүй. Харин Челси энэ өдөр Ливерпүүлээс оноо салгах хүндхэн даалгавартай талбайд гарсан. Учир нь ирэх улирлын УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатанд өрсөлдөх сүүлийн хоёр эрхийн төлөө Манчестер Юнайтед, Лэйстер Сити, Челси гэх гурван баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байгаа. Манчестер Юнайтед болон Челси багууд 63 оноотой байгаа боловч гоолын зөрүүгээр Манчестер Юнайтед хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байгаа бол Лэйстер Сити дээрх хоёр багийн араас тавдугаар байранд 62 оноотой бичигдэж байна.

Премьер лигийн сүүлийн буюу 38-р тойрогт Манчестер Юнайтед-Лэйстер Сити, Челси-Вулверхэмптон гэсэн сонирхолтой тоглолтууд явагдана.

Энфилд цэнгэлдэх хүрээлэнд явагдсан хоёр багийн тоглолтод Ливерпүүлээс Трент-Александер Арнольд онцгой байсан бол Челсигээс хоёрдугаар үед талбайд сэлгээгээр гарч ирсэн Кристиан Пулисич гайхалтай байлаа.

Тоглолтын дараа Премьер лигийн аваргын цомоо гардсан Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп "Бид бол аваргууд. Энэ бол цорын ганц үнэн. Бидний түрүүлсэн дөрвөн цомын хамгийн том нь энэ байлаа. Үүнээс илүү бахархаж чадахгүй нь. Би ихэнхдээ цомтой зургаа даруулдаггүй. Гэхдээ би энэ дөрвөн цомтойгоо зургаа даруулна. Ийм зүйл барагтаа бол тохиохгүй шүү дээ" хэмээжээ.

Ливерпүүл баг Юрген Клоппын удирдлага дор Английн Премьер лиг, УЕФА Аваргуудын лиг, УЕФА Европын Супер цом, ФИФА клубуудын ДАШТ зэрэг дөрвөн томоохон тэмцээнүүдэд жил дараалан түрүүллээ.

Харин Ливерпүүл багийн ахлагч Жордан Хендерсон "Бид энэ мөчийг удаан хүлээлээ. Тэнд зогсоод тэр цомыг өргөх гайхалтай байлаа. Залуус маань энэ мөчийг хүртэх эрхтэй. Мөн биднийг үргэлж дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа. Энэ цомыг хүртэх үнэхээр онцгой байлаа. Өнгөрсөн улирлаас ч илүү онцгой улирлыг бид үдэж байна. Бид Аваргуудын лигийн цомыг өргөж байхдаа л дуусгаагүй ажил үлдсэн гэдгийг мэдэж байсан. Премьер лигт түрүүлэх миний хүүхэд насны мөрөөдөл байлаа. Энэ цомыг хүртэхийн тулд л би Ливерпүүлд ирсэн. Энэ бүхэн ахиц дэвшил, аялал байлаа. Орой болгон тохиогоод байдаггүй мөч. Улирлын ингэж дуусгах нь үнэхээр гайхалтай" хэмээжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж