Дүрмээ мэддэггүй жолооч нарын балаг амины үнэтэй юу?

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

Дүрмээ мэддэггүй жолооч нарын балаг амины үнэтэй юу?

Дүрмээ мэддэггүй жолооч нарын балаг амины үнэтэй юу?

Өвлийн турш дөрвөн уулынхаа дунд утаа, түгжрэл хоёртоо бухимдаж залхсан нийслэлийнхэн хөхүүрийн ам наашлахтай зэрэгцэн майхан, ачаа тээшээ зэхээд хөдөө нутгийн зүг жолоо залдаг. Орон нутгийн замд салхи татуулан хурдлах жолооч нар 80 км/цагийн хурд хэтрүүлэхгүй байх ёстой. Гэвч хотын шалган нэвтрүүлэх цэг, цагдаа хоёрыг ардаа орхисон даруйдаа л жолооч нар 120 км/цагаас дээш хурдалдаг нь нууц биш. Ийм л шалтгаанаас болж олон арван айлын охин, аавын хүү, бяцхан үрс цаг бусаар хорвоог орхиж байна. Зам тээврийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн 70 хувь нь орон нутгийн замд осолдсон байдаг аж. Авто ослоор жил бүр 500 гаруй хүн амь насаа алддаг нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд өндөр тоо юм. Өнгөрсөн онд зам тээврийн осол, хэргийн улмаас 561 хүн амиа алдсан бол энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар 220 хүн мөнх бусыг үзжээ.

Зөвхөн баяр наадмын өдрүүдэд гэхэд л 25 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр жолооч нар хурд хэтрүүлээд зогсохгүй согтуу жолоо барьж, хэн нэгнээсээ өрсөж, гүйцэж түрүүлэх гэснээс болж аян зам нь эмгэнэлт явдлаар төгсөх шалтгаан нь болдог байна. Иймд зам тээврийн ослыг бууруулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-тай хамтран “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг санаачлан хэрэгжүүлснээс хойш хоёр дахь жилээ угтаж байна. Энэ жил долдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн аяны хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг А0201 автозамд өчигдөр /2020.07.22/ цагдаагийн алба хаагчид жолооч нарт хяналт тавьж ослоос сэргийлэх зөвлөмж өгөх арга хэмжээг зохион байгуулав. Энэ чиглэлийн замд долоо хоногт 60 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчдог ба зам тээврийн осол хэрэг ч цөөнгүй гардаг тул ослын “хар цэг”-т бүртгэгджээ.

Хяналт шалгалтаар гэр бүлээрээ аялалд явж буй хүмүүс цөөнгүй ч жолоочоос бусад нь хамгаалах бүс зүүгээгүй, арын суудлын зорчигчид бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй ихэвчлэн ах, эгч, эмээ өвөө нар нь өвөр дээрээ суулгасан дүр зураг ч угтав. Жолооч нарын тухайд “Яараад яахав дээ” аяны талаарх мэдээлэл сайтай байв. Гэсэн ч хурд хэтрүүлдэг, хамгаалах бүс зүүдэггүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг, шөнийн цагаар хурд хэтрүүлдэг зэрэг зөрчил цөөнгүй гаргадаг гэнэ.

ЖОЛООЧ НАР АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙ ОРОН НУТГИЙН ЗАМД ЗОРЧИЖ БАЙНА

Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Э.БОЛДМАНДАХ: 

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших улсын хэмжээний А0201 автозам бол Улаанбаатар Сайншанд чиглэлийг холбосон босоо тэнхлэгт орших зам гэдгээрээ онцлог. Энэ чиглэлийн замд ослын хоёр, гурван ч “хар  цэг” бий.  Зам тээврийн осол зорчиж буй жолооч нар хурд хэтрүүлдэг, хамгаалах бүс хэрэглээгүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг, орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангадаггүй зэрэг зөрчлүүд гаргадаг. Энэ мэтчилэн шалтгаанаас болж зам тээврийн осол ч цөөнгүй гардаг. Осол аваар гарч буй шалтгаан нь жолооч нар анхаарал болгоомжгүй орон нутгийн замд зорчиж байгаатай холбоотой. Мөн жолооч нар хүн тээвэрлэж байхдаа хамгаалах бүсийг зүүлгэж хэвшүүлэх ёстой. Бас зам дагуу зорчиж буй жолооч нараас гадна энэ бүс нутагт төв суурин амьдарч буй иргэд согтуугаар жолоо барьдаг, насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцох зөрчил ч цөөнгүй гаргадаг. Тиймээс цагдаагийн алба хаагчид “ЯАРААД ЯАХАВДЭЭ” аяны хүрээнд “Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний зорилго нь жолооч нарт замын хөдөлгөөнд оролцох эрхзүйн боловсрол олгох юм. Хэрэв жолооч нар эрхзүйн боловсрол мэдлэгтэй бол зам тээврийн осол, зөрчил ч буурна гэлээ.

ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЛИЙГ БУРУУ ХИЙСНЭЭС ОНХОЛДОЖ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙНА

Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо хурд хэтрүүлээд зогсохгүй гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс болж мөргөлдөж онхолдох нь зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг эзэлдэг байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр улсын хэмжээнд бүртгэлтэй автомашины дийлэнх хувийг приус маркийн автомашин эзэлдэгтэй холбоотой аж. Учир нь тухайн машин нь буруу рультэйгээс осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Үүнээс болж жолооч нар гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг, буруу рультэй тул сандрахдаа эсрэг чиглэл руу дардаг зэргээс мөргөлдөж онхолдох осол хамгийн их гардаг аж.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Н.МӨНХ-ИТГЭЛ: 

-Энэ жилийн хувьд цар тахлын улмаас дотоодын аялал жуучлал ихэсч, иргэдийн хөдөлгөөн нэмэгдснээрээ онцлог. Зөвхөн баяр наадмын өдрүүдээр Улаанбаатарт замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 350 мянган тээврийн хэрэгслээс 239 мянга нь хотоос гарсан. Үүнийг дагаад зам тээврийн осол ч цөөнгүй бүртгэгдлээ. Орон нутагт нас баралтын түвшин өндөр байна. Эсрэгээрээ нийслэлд нас баралт цөөн бүртгэгддэг ч бэртэж гэмтэх хүмүүс их. Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлж бас хамгаалалтын бүсээ зүүгээгүйн улмаас осолддог, эрүүл мэндээрээ хохирч улмаар амь насаа алдах эрсдэл үүсч байна.

Ослын шалтгаан нөхцлийн нэг хүчин зүйлс нь Prius маркийн автомашин. Буруу рультэй тул жолооч нар гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийдгээс болж осол гарч, мөргөлдөх, онхолдох зэргээр эрүүл мэнд амь насаараа хохирч байна.Ердөө л амралт зугаалгын хоёр сард осол аваар жилд бүртгэгддэг ослын тоог давчихдаг. Зуны цагт буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 15-н хүртэл зам тээврийн осол маш их гардаг. Цагдаагийн алба хаагчид жолоо барьж буй хүн бүрийн дэргэд байж хяналт тавьж дагах боломжгүй учраас жолооч нартаа “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” хэмээн уриалж аяныг хэрэгжүүлээд хоёр дахь жилээ угтаж байна. Энэхүү аянаар дамжуулан жолооч нарт зөв хандлага төлөвшүүлж, зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцох эрхзүйн боловсрол мэдээлэл олгох зорилготой. Жолооч нар хурдаа тохируулж замын хөдөлгөөнд соёлтой оролцвол хүний амь нас эрсдэх ослын тоо ч буурна гэлээ.

СПОРТ МАШИН СОНИРХОГЧ ЗАЛУУС  ЖОЛООЧ НАРТ ХУРДАА ХАСАХЫГ УРИАЛАВ

Зуны цагт зам тээврийн осол шил шилээ даран гарч буй харамсалтай мэдээлэл олныг цочроосон ч “Яараад яахав дээ” аяныг долдугаар сард хэрэгжүүлснээс хойш өнгөрсөн онд зам тээврийн ослын шинжтэй гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар буурч, хүний амь нас эрсэдсэн осол 11 нэгжээр буюу 21.7 хувиар буурчээ. Мөн гэмтсэн иргэдийн хувьд 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үр дүн гарсаг байна. Энэ жил ч бас долдугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн аяны хүрээнд зам тээврийн осол 59.2 хувиар буурсан гэх мэдээлэл байна. Тус аяныг дэмжихээр UB Bikers Club, Монголын мэргэжлийн спорт авто машины холбооны залуус нэгдэж дуу хоолойгоо хүргэсэн юм. Залуус жолооч нартаа хурдаа хасч, өөрийгөө болон гэр бүлээ хайрлаж бусдыгаа хүндлэхийг уриалж байв.

НИЙГЭМД ЭЕРЭГ ХАНДЛАГА ТӨЛӨВШҮҮЛЭХЭД  ЗАЛУУС БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ЧУХАЛ

Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэд ерөнхийлөгч Б.ЖИГМЭДДОРЖ: 

-Нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлэхэд залуус бидний дуу хоолой чухал. Тиймээс жолооч нар орон нутгийн замд хурдаа тохируулж ядарсан үедээ битгий жолоо бариарай, бусдыгаа хүндэлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг урилаж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг дэмжихээр манай клубын 40 гаруй залуус нэгдэн оролцож байна. Орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах нь хүн бүрийн үүрэг хариуцлага. Таны гарт таны гэр бүл байгааг жолооч нар ухамсарлаж бие биенээ хайрлая гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж