5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ байгаа оносонгүй юу?

Хуучирсан мэдээ: 2020.07.23-нд нийтлэгдсэн

5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ байгаа оносонгүй юу?

5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ байгаа оносонгүй юу?

Монгол Улсын Засгийн газар Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засагт учирч буй сорилтыг даван туулахын тулд 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг авсан. Ингэхдээ иргэдийн хэрэглээний болон ипотекийн зээлийг тодорхой хугацаагаар хойшлуулах, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлээс аравдугаар сар хүртэл чөлөөлөх, хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх, коронавирусийн улмаас орлого нь буурсан аж ахуй нэгж, байгууллагын ажилчдад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа билээ. Үүний зэрэгцээ, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед НӨАТ урамшууллын буцаан олголтын мөнгийг улирал тутамд өгч байна. Мөн Монголбанкны зүгээс иргэд, аж ахуй нэгжийн орлогыг огцом буурахаас сэргийлж, бодлогын хүүг хоёр хувиар буулгаж, 11 хувиас 9 хувьд хүргэж, арилжааны банкуудад төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5%-иас 8.5% болгон бууруулж, зээл олголтыг тасралтгүй үргэлжлүүлэх арга хэмжээг авсан. Харамсалтай нь, энэ арга хэмжээний үр дүн хараахан ажиглагдаагүй байгаа тул бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрийг Монголбанк зургадугаар сард гаргасан.

Гэсэн хэдий ч цар тахлын үед арилжааны банкууд зээлийн нөхцөл, шаардлагадаа өөрчлөлт оруулж, орлого нь буурсан иргэн, аж ахуй нэгжид зээл олгохоо түр зогсоож эхэлсэн. Мөн Засгийн газрын зүгээс 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авч, эдийн засгаа дэмжиж, өрхийн орлогыг огцом бууруулахгүй байх арга хэмжээ авч байгаа ч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа нь судалгаанаас харж болох юм.

Тодруулбал, Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг тавдугаар сарын 22-29-ны хооронд хийж, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт үр дүнгээ танилцуулсан билээ.

Судалгаанд үндэсний хэмжээний түүвэр болох 1334 өрх оролцсон байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүд мэдэгдэхүйц өртөж байна.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь тэг орлоготой, 73 хувь нь 1 сарын сүүлээс хойш орлого алдсан байна. Энэ нь COVID-19-ийн улмаас худалдан авагч цөөрсөн, ажлын байр хаагдсан, ложистик тасалдсантай холбоотой.
  • Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн 70 хувь нь орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдэгдсэн.

Цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн байдал COVID-19-ийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан гэж мэдээлсэн.

Өрхүүдийн дөрөвний гурав, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан) 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн байна

  • Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон
  • Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн
  • Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурдсан.

Ядуу давхаргын хувьд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна

  • Ядуу өрхүүдийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгох эсэхдээ эргэлзэнгүй байсан байна. Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автсан байна.
  • Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа долоо хоногийн хүнсний олдцын талаар зовнил илэрхийлсэн.

Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байгааг мэдэгдсэн

  • Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараагийн сарын санхүүгийн байдалдаа зовниж байна

Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурвых нь хүүхдүүд зайн сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байна.

Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй гэсэн үр дүн гарчээ. 

Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио хэдий хүртэл үргэлжлэх, цаашид коронавирусийн дэгдэлт хэрхэх нь тодорхойгүй байгаа Монгол Улс иргэд, аж ахуй нэгжээ дэмжих чиглэлд хэрхэн анхаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна. 2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан төсвөө тодотгоно гэхээс өөр мэдээ өнөөдөр хараахан алга. Гэтэл Засгийн газраас авч хэрэгжүүлж буй  5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ тун удахгүй хугацаа нь дуусах гэж байна. Тодруулбал, коронавирусийн улмаас орлого нь буурсан аж ахуй нэгж, байгууллагын ажилчдад олгож буй 200 мянган төгрөгийн тэтгэмж зургадугаар сараар дуусгавар болсон бол дээрх дурдсан бусад арга хэмжээнүүд аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Харин аравдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газар ямар арга хэмжээ авах бэ? Монголчууд бидний хувьд аравдугаар сар гэдэг бол хамгийн өндөр эрсдэлтэй үе гэж ХӨСҮТ мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж