Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

 

ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ Пүрэв гаригт /I.14/ Баруун Африкт гарсан Эбола вирусын халдвар дарагдсан болохыг зарласан билээ. Гэвч ДЭМБ-ын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Сьерра-Леонед нэг эмэгтэй Эбола вирусын халдвараар нас баржээ. Гвинейн хилийн ойролцоох Сьерра-Леоне улсын хойд хэсэгт орших Бамой Лума тосгонд нас барсан эмэгтэйн биеэс Эбола вирус илэрсэн байна.

 

Эболагийн халдвар хоёр жилийн хугацаанд хэд хэдэн оронд тархаж 11 мянган хүний амийг авсны эцэст Либери улс өвчнөөс ангижирснаар дэлхий дахин үхлийн аюулт вирусийг дарж чадлаа хэмээн ДЭМБ пүрэв гаригт /I.14/ мэдэгдсэн юм. Эбола вирусын өвчлөл 2013 оны арванхоёрдугаар сард Гвинейн өмнөд хэсгийн бөглүү тосгоноос эхлэн гарч хөрш орнуудад тархаж, АНУ, Европт хүртэл халдвар авсан хүмүүс бүртгэгдэж байв. Хохирогчдын олонх нь алдварын голомт Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леоне улсын иргэд байсан юм. Олон улсын зүгээс Эбола вирусын халдвар тархалтын эсрэг арга хэмжээг яаралтай авч шуурхай ажиллаагүйд ДЭМБ-ыг буруутгаж байв. Эбола вирусын халдварын дараа ДЭМБ 100 сая ам.долларын яаралтай санг байгуулсан билээ.

 

Үүний зэрэгцээ Оросын эрдэмтэд Эбола вирусын өвчлөлийн эсрэг өндөр үр дүнтэй эм гарган авсныг ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдээлсэн юм. Одоогоор Оросын эрдэмтдийн бүтээсэн шинэ эмийн талаар мэдээлэл байхгүй байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж