ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Осол 59 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Осол 59 хувиар буурчээ

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Осол 59 хувиар буурчээ

Хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр авто ослууд ч шил шилээ даран гарсаар байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтжээ. Ослын улмаас амь насаа алдах тохиолдол  аялал зугаалгын улиралд нэмэгддэг гэж Тээврийн цагдаагийн алба мэдээлэв. Тус алба нь Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-тай хамтран “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аяныг хэрэгжүүлснээс хойш зам тээврийн осол, зөрчил 59 хувь буурчээ. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уг аян хоёр дахь жилдээ хэрэгжиж буй.

Энэ сарын 1-ны өдрөөс эхэлсэн аяны хүрээнд ослын хар цэгүүдэд хяналт тавьж байгаа юм.Мөн аяны өдөрлөг  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт өнөөдөр /2020.07.22/ боллоо. Өдөрлөгт олны танил эрхэмүүд залуус оролцон“ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аянд нэгдэж буйгаа илэрхийллээ. Залуусын төлөөлөл орон нутгийн замд зорчиж буй жолооч нарт зорьсон газраа яаралгүй хүрч, аян замдаа хурд хэтрүүлэлгүй өөрийгөө  болон бусдыг хүндлэхийг уриалав.

ЖОЛООЧ НАР ӨӨРТӨӨ БОЛОН БУСДАДАА ХАЙРТАЙ БАЙГААСАЙ

 “Эмоушн” хамтлагийн дуучин Ц.САРНАЙ: 

Манай гэр бүлийн зүгээс иргэний үүргээ хүлээж “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аянд нэгдсэнээрээ нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаадаа баяртай байна. Ялангуяа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж бусдыгаа хүндэлж хайрлаж замын хөдөлгөөнд оролцоосой гэж жолооч нартаа уриалъя. Хэрэв та аян замд гарах гэж байгаа бол тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа маш сайн шалгаарай. Замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа хасч, бусдыгаа хүндлэх хэрэгтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ битгий жолоо бариарай. Хэт их ядарсан бол жолоо барихаас татгалзаарай. Өөрөөс шалтгаалдаг анхаарах ёстой зүйлсээ анхаарах нь тийм ч хэцүү зүйл биш.

Харамсалтай нь нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж бусад нь хохирч байгаа эмгэнэлт явдлууд гарсаар байна. Энэ жилийн баяр наадмаар иргэдийн замын хөдөлгөөнд оролцсон дүр зураг, орон нутагт гарсан зам тээврийн ослуудыг харахад  сэтгэлээр унаж сөхөрч унамаар байна.

Тиймээс жолооч нар өөртөө болон бусдадаа хайртай байгаасай. Өөртөө хайртай хүн бие биенээ хайрлана. Иймд “яараад яах вэ дээ” залуусаа.

МОНГОЛЧУУД МИНЬ “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ”

 “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин  Б.ЧИНБАТ: 

“Яараад яах вэ дээ” аянд хоёр дахь жилдээ оролцож  дуу хоолойгоо хүргэж байна. Өнгөрсөн жилийн аянд “Никитон” хамтлагт нэгдэж байлаа. Энэ жил манай гэр бүл нэгдэж жолооч нартаа замын хөдөлгөөнд оролцохдоо бие биенээ хүндэлж хайрлаж зөв соёлтой оролцохыг уриалж байна. Энэхүү аянд цаашид ч оролцох болно. Миний хувьд 1991 оны жолооч, аль болох хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцдог ч надаас шалтгаалахгүй хүчин зүйлс өдөр тутамд тулгарна. Тиймээс монголчууд минь “яараад яах вэ дээ” гэж уриалъя гэлээ.

Судалгаанаас үзэхэд орон нутгийн замд нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг аж. Иймд жолооч нар орон нутгийн замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг шалгаж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж