Украин: 20 хүн барьцаалсан этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Украин: 20 хүн барьцаалсан этгээдийг баривчилжээ

Украин: 20 хүн барьцаалсан этгээдийг баривчилжээ

Украины Луцк хотод өчигдөр/2020.07.21/ өглөө зэвсэглэсэн этгээд автобусаар зорчиж явсан 20 хүнийг барьцаалсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл гэмт хэрэгтнийг тус улсын тусгай албаныхан орой нь баривчилсан байна. Сэжигтэн автомат зэвсэг болон тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн байсан ба иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төв хэсгийн замыг бүхэлд нь хаагаад байсан юм.

Зэвсэглэсэн этгээд өөрөө цагдаагийн газар руу утсаар залгаж автобусны зорчигчдыг барьцаалсан тухайгаа мэдэгдэж, автобусыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж байв. Түүнчлэн тэрбээр хотын хаа нэгтээ өөр нэг автобусыг барьцаалсан тухай ярьсан юм. Мөн барьцаалагч этгээд яг ямар шалтгаанаар хүмүүсийг барьцаалсан, ямар шаардлага тавьж буй нь тодорхой бус байсан бөгөөд өөрийн твиттер хуудаснаа Украины эрх баригчдад сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байжээ.

Гэмт этгээд Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй холбогдохыг хүссэн ба Зеленський хүсэлтийг нь ёсоор болгож түүнтэй холбогдтол түүнийг ард иргэддээ Америкийн уран бүтээлчдийн бүтээсэн “Earthlings” киног үзэхийг уриалахыг шаардсан байна. Зеленський зэвсэгт этгээдийн шаардлагыг хүлээн авч түүний хэлснээр өөрийн цахим хуудсандаа видео бичлэг хийн байршуулжээ. Үүний дараа гэмт этгээд барьцааны хүмүүсийн гуравны нэгийг сулласан байна. Ийнхүү хүмүүсийг суллах үеэр автобусанд ойртож очсон цагдаагийн офицер руу болон цагдаагийн газрын дрон руу зэвсэгт этгээд гал нээж, тэсрэх бодис шидсэн байна. Энэ үеэр тус улсын тусгай албаныхан гэмт этгээдийг баривчилжээ.

“Earthlings” нь 2005 онд бүтээгдсэн хүн төрөлхтөн мал амьтан, байгаль дэлхийтэй хэрхэн харгис харьцаж буй тухай өгүүлдэг баримтат кино бөгөөд барьцаалагч автобусанд байсан барьцааны хүмүүст уг киног хүчээр үзүүлсэн байна.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, гэмт этгээд нь Орос гаралтай, Максим Гривош гэгч бөгөөд өмнө нь хоёр ч удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байсан аж. Мөн тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү хүн барьцаалсныг тодруулахаар ажиллаж байна.

Ерөнхийлөгч Зеленський барьцаалагчийн шаардлагаар нийтэлсэн бичлэгээ цахим сүлжээнээсээ устгаад “Хүний амь бол хамгийн чухал зүйл. Бид нэг ч хүний амийг хохироолгүй зэвсэгт этгээдээс суллаж чадлаа. Барьцаалагдсан хүмүүсийн ар гэр, найз нөхөд нь тэднийгээ тэврэн уулзлаа. Аль ч улс оронд терроризм гэж зүйл байх ёсгүй” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Tengrinews.kz

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж