“Асем Вилла”-д ус алдсан, гэхдээ шугам хагараагүй

Хуучирсан мэдээ: 2016.01.15-нд нийтлэгдсэн

“Асем Вилла”-д ус алдсан, гэхдээ шугам хагараагүй

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх 51 орны төрийн тэргүүн, өндөр хэмжээний зочдыг хүлээн авах “Асем Вилла” хотхоныг Их тэнгэрийн аманд барьж байгаа. Нэг хэсэг улсаас олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт нь шийдэгдэхгүй багагүй хугацаа алдаж байна хэмээн хэвлэлээр цоллуулсан тус хотхонтой холбоотой бас нэгэн мэдээлэл гарах болсон юм. Бүтээн байгуулалтын ажил нь дуусаа ч үгүй яваа хотхоны шугам нь хагарч, их хэмжээний ус алдсанаас бүх хоолойг солихоос аргагүйд хүрсэн. Үүнээс болж ажил багагүй цалгардсан гэх мэдээлэл гарах болов. Хотхоны бүтээн байгуулалтын ажилд “Эм Си Эс проперти” компани ажиллаж байгаа тул тус компани руу утас цохин тодруулсан ч тусыг эс олов. “Өөр газартай андуураад байгаа байх. Манайд шугам хоолой хагарсан зүйл байхгүй. Дарга байхгүй учир ирэх хавраас нэг мөр мэдээлэл өгье” гэв.

“Багагүй хөрөнгө гаргаж усыг зайлуулсан”

Ямартай ч бид мэдээллийн мөрөөр “Асем Вилла” хотхоныг зорилоо. Хотхоныг тойруулан хашаа барьсан, гарч, орох машин, зорчигч бүрийг хамгаалалтынхан шалгаж байна. Шугам хоолой задарч, ус алдсан байлаа ч цас ихээр орж, хучигдсан байх тул харах ямар ч боломжгүй байлаа.

Ийнхүү хотхоны хашаа руу нэвтэрвэл зочдыг хүлээж авах нэгэн ижил байшингууд эгнээстэй. Бид Төслийн удирдагч, зөвлөх инженер Д.Ганзулаас тодруулбал, ус ихээр алдсан нь үнэн гэв. Гэхдээ шугам хоолой задарснаас ус алдсан зүйл байхгүй гэлээ.

-Оны өмнө “Асем Вилла” хотхоны шугам задарснаас их хэмжээний ус алдсан мэдээлэл байна?

Ус гарч ирсэн нь үнэн. Гэхдээ шугам хоолой задарсан зүйл байхгүй. Манайх цэвэр усны шугам өргөлтийн шахуургатай л даа. Хотхон байрладаг хэсэг бол Туул голын сав газар гэдэг утгаараа ус ихтэй. Тиймээс шугам татахдаа усны түвшин доошилсон үед буюу өвлийн цагт хийх нь бий. Энэ хүрээнд бид тодорхой судалгаа, шинжилгээтэйгээр усны түвшин доошиллоо гэж үзсэн үедээ шугам татахаар газар ухалтын ажлаа эхэлсэн. Тухайн үед ухсан газар дороос ус гарч ирж байсан. Мэдээж шугам татахын тулд усыг зайлуулах хэрэгтэй. Тиймээс манайхаас багагүй хөрөнгө гаргаж ус зайлуулах ажлыг хийсэн. Үүнийг л иргэд шугам хоолой задарсан гэж ойлгосон бололтой.

-Хоолойнуудыг бүгдийг сольж эхэлсэн гэх мэдээлэл ч бий?

-Тийм зүйл байхгүй. Ер нь шугам хоолой хөлдөх, хагарах ямар ч асуудал байхгүй. Учир нь бид дулаанаа газрын гүнээс 180 м өрөмдөж байж гаргаж байна. Тиймээс хөлдөх асуудалгүй. Дээрээс нь барилгын бүх шугам шинэ. Шугамууд нь шинэ учраас ашиглаагүй байхад хагарна гэж байхгүй.

“Гурван сард хүлээлгэж өгнө”

Төлөвлөөгүй зардал, асуудал ийнхүү гарсан ч бүтээн байгуулалтын ажил 82 хувьд хүрсэн гэдгийг тэд дуулгалаа. “Асем Вилла” хотхоны бүтээн байгуулалтад 60 гүйцэтгэгч компани ажиллаж байна. Санхүүжилт нь цаг хугацаандаа орж ирэхгүй хүндрэл гарах зүйл байгааг ч энэ үеэр хэлэв. Санхүүжилтийн асуудал үүссэн ч цалгардуулахгүйгээр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад өгөхөөр ажиллаж байгааг инженерүүд дуулгав. Хотхоны ажил үндсэндээ гуравдугаар сараас эхэлжээ. 10 сарын дотор газар шороо, барилга угсралт гээд гаднах ажил бүрэн дууссан гэв. “Шугам хоолойг бүтнээр нь сольж, хольж янзлах ажил хийсэн бол өдийд юун 82 хувьтай байх вэ” хэмээн ажилтан нь хэлэв. Одоогоор хотхоны шугам сүлжээний ажил 70 гаруй хувьтай. Цэвэр усыг Туул гол дээр гүүр барих замаар төвөөс татах ажил үлдсэн гэв.

Харин байшингийн гадна газар шорооны ажил дуусч дотор засал чимэглэлийн ажилдаа оржээ. Энд нийтдээ 54 байшин бий. 53 нь зочдыг хүлээж авах, харин нэг нь үйлчилгээний зориулалттай байр юм. Байшингийн хувьд 500 м2, 300 м2 хэмжээтэй гурван янзынх аж.

Ингээд гуравдугаар сар гэхэд ажил үндсэндээ дуусна гэв. Гуравдугаар сарын 15-нд техникийн комисс, харин 28-нд улсын комисс ажилласнаар “Асем Вилла” хотхон бэлэн болох юм байна.

Б.ЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж