Хөл хорионоос болоод урлаг, соёлын арга хэмжээнүүд цуцлагдах нь цуцлагдаж, хойшлох нь хойшилж, зарим нь цахим хэлбэрээр зохион байгуулагдсан билээ. Цаг үеэ дагаад Лондоны загварын долоо хоногууд ч цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Анхных болохоор уу цахим загварын долоо хоног эрэгтэй загварын хувьд төвөгтэй байлаа. Гэвч Vogue сэтгүүл хэд хэдэн чухал зүйлсийг анзаарснаа эмхлэн онцолжээ.
Цахим загварын долоо хоногоос авууштай талуудыг зах зухаас нь дурдвал, загвар зохион бүтээгчид харь хол газраас онгоцоор нисч ирэх шаардлага гарсангүй. Загвар зохион бүтээгчид, үзэгчид бүгд гэртээ зөөлөн буйдан дээрээ тухлан суугаад, унтлаганы хувцастайгаа дараа жил юу өмсөж болох тухайгаа сонирхоцгоосон юм. Загварын тайз, шилдэг загвар зохион бүтээгчдийн шинэхэн коллекцүүдыг бодитоос ч илүү сайн үзэж сонирхох боломжтой байсан ч цахимаар бүрэн үзэж чадахгүй нэг салбар бий. Тэр бол гудамжны стиль.
Ерөнхийдөө эрэгтэй загварын шоунууд цөөхөн үзэгчтэй, шуугиан багатай даруухан болж өнгөрдөг. Тиймдээ ч оролцогчид зарим нь зүгээр л хуучин хувцсаа өмсөөд ирэх нь ч бий. Хэдий одууд, моделиуд хараа булаам хувцас өмсдөг ч тэдгээр нь шууд өмсөөд гудамжинд явахад тохиромж муутай байх нь олон. Гэхдээ сүүлийн үед Виржил Абло, Луй Уйттон, Ким Жонс гэх мэт загвар зохион бүтээгчид эрэгтэй загварт анхаарал хандуулах нь ихэссэн. Загвар бүр өөр, өөрийн онцлогтой ч залуус сэтгэл дотроо юу өмсөхийг хүсч байгааг эрэлхийлдгээрээ нийтлэг төдийгүй өдөр тутамдаа өмсөж болохоороо давуу.
Энэ зуны хувьд хамгийн эрэлттэй загварууд ихэнх нь гудамжнаас үүссэн байна. Үүнээс харахад хүмүүс загвар зохион бүтээгчдийн бүтээж өгсөн хувцсыг өмсдөг үе өнгөрч, загвар зохион бүтээгчид хүмүүсийн юу өмсөж байгаагаас суралцах цаг ирсэн байна.
БОГИНО ШОРТ
Нэг их олон жилийн өмнө ч биш, саяхныг хүртэл эрэгтэй хүн зуны аагим халуун өдөр байлаа ч загварын тайзан дээр шорт өмсөх нь хууль бус мэт л байлаа. Харин өнөөдөр эрчүүд шорт, тэр дундаа 1980-аад оны теннисчдийнх шиг бүүр богино шорт өмсөж байна. Магадгүй эрчүүд зуны халуунд өмдөн дотроо боодог болж явахаас үнэхээр залхсан байх. Мөн сүүлийн үед хувцас загварт хүйсийн ялгаа багасч байгаа явдал ч үүнд нөлөөлсөн буйзаа. Тэртэй тэргүй нэгэнт гуя хасаа гялалзуулах нь хүмүүсийг нэг их цочроохоо больчихсон шүү дээ. Эрчүүдийн бодол санаа ийн өөрчлөгдөж буйг Даньел Ли, Ким Жонс зэрэг загвар зохион бүтээгчид гярхай анзаарч өөрсдийн бүтээлдээ өргөнөөр тусгаж эхэлсэн байна.
ЦАМЦ ер нь хэнд хэрэгтэй юм бэ?
Зуны аагим халуунд хэний ч толгойд сэрүүцэхээс өөр бодол төрөхөд үнэнхүү бэрх. 2017 онд зарим залуус цамцыг зүгээр л алгасч байсан нь дараа жилийнх нь загварын долоо хоногт ихээр нөлөөлж, задгай, торон, нэхмэл, богино гээд олон янзын сэрүүн цамцнууд олноор гарч ирсэн юм. Харин өдгөө хүмүүс тэртэй тэргүй гэрээс гарахгүй байгаа нь цамцыг бүр мартах шалтгаан болж буй биз.
Өмсвөл ямар цамц ШИЛДЭГ НЬ вэ?
Өнгөрсөн жил Vogue сэтгүүлийн онцолж байсанчлан хагас ханцуйтай цамц бол зөвхөн зуны гэлтгүй бүх улиралд хамгийн тохиромжтой цамц. Мөн энэ бол хамгийн ардчилсан цамц. Хагас ханцуйтай, том цамцыг хэн ч, хэзээ ч, хаанаас ч хямдхан олж аваад, хаана ч өмсөж болно. Өвөлдөө товчлоод, зундаа задгайлаад хэзээ ч өмсөж болно. 2017 онд цайвар, тод, зурагтай цамцнууд гарч эхэлснээс хойш маш олон брендүүд өөрсдийнхөө хувилбаруудыг гаргасаар байгаа билээ.
ГЯЛ ЦЯЛ бүхэн зөвхөн хүүхнүүдийнх биш
Олон тооны шигтгээтэй гял цял эрэгтэй загвар Рей Кавакубогийн 2018 оны хаврын коллекцөөс эхлэлтэй гэж болно. Тэрбээр дисконы гэрэл шиг гял цял хүрэмнүүдийг шорт, ягаан, нил ягаан, неон гээд завсрын өнгөнүүдтэй хэний ч санаанд оромгүйгээр хослуулж үзүүлсэн юм. Түүнээс хойш удалгүй эрчүүд гудамд бараг анх удаа олон шигтгээтэй хувцас өмсөж, өдрийн нарыг өөр дээрээ ойлгож гялалзах болсон билээ.
Наймаачин гэж БИТГИЙ БОДоорой
Нью Йоркын гудамд та цээжин дээрээ наймаачдын задгай мөнгөө хийдэг паск шиг жижиг цүнх үүрсэн өсвөр насныхныг бишгүйдээ л харсан байх. Энэ цүнх загвар зохион бүтээгчдийн хараанд өртөж, 2017 онд загварын тайзан дээр алхахаасаа ч өмнө өргөн хэрэглээ байсаар ирсэн юм. Харин одоо бараг бүх л бренд өөр өөрсдийн онцлогийг шингээсэн энгэрийн жижиг цүнхнүүдийг урлах болж.
ХАЛААС хэзээ ч илүүдэхгүй
Дээр дурьдсан жижиг цүнхийг олон халаастай хантааз орлож бас чадна. Гар утас, түлхүүр, хэтэвч, бичиг цаас, дэвтэр гээд хүний биедээ авч явах шаардлагатай зүйлс ямар мундах биш. Гэтэл тэд бүгд нэг л хувцасны халаасанд, тэр байтугай тус тусдаа, цэгцтэй нь аргагүй багтчихна гэж бодохоор тайвширсандаа сэтгэл амармаар эвтэйхэн. Сүүлийн үед эдгээр ашигтай талаас нь ч болсон уу хантааз өмсөх эрчүүд олширсныг загварынхан овжин ашиглаж, энгийн биш дэгжин, есөн шидийн есөн шид нь бүрдсэн хантаазнууд урлах болж. Ялангуяа энэ оны загварын долоо хоногт Фенди, Аликс, Офф Уайт, Прада зэрэг брендүүд тун сонирхолтой хантаазнуудыг бүтээснээ танилцуулсан юм.
70 ОНы танхайчуул
Сүүлийн үед 70 оны загварын бараг бүх онцлог элемэнтүүд эргэн ирж байна. Охид эргээд дэрвэгэр даашинз сонирхож, залуус трапец өмд өмсөх болж. Ялангуяа Бен Коббын загварын долоо хоногт өмсөж ирсэн хувцас 70 оны загварыг хүн болгон санагалзахад хүчтэй нөлөөлөв. Драйс Ван Нотен, Гүччи, Сэйнт Лаурент гэх мэт бусад загварынхан ч энэ боломжийг алдалгүй ашиглаж, мартагдсан загварыг өөр өөрсдийнхөөрөө дахин сэргээж эхэлжээ.
Эх сурвалж: VOGUE
Холбоотой мэдээ