Монголын төр эдийн засгийн “зэвсэг”-ээ Хятадтай адил анхаарах цаг иржээ

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Монголын төр эдийн засгийн “зэвсэг”-ээ Хятадтай адил анхаарах цаг иржээ

Хятад улс газрын ховор элементийнхээ экспортыг хязгаарлах бодлого баримтлахаа дэлхий нийтэд зарлажээ. Дэлхийн эдийн засгийн гол хөшүүрэг, тэр дундаа электроникжсон, техникжсэн зууны хамгийн чухал хэрэгцээ болоод буюу кобальт, литий, тантал, магни, индий, галий тэргүүтэй газрын ховор элементгүйгээр энэ цаг үе урагшлахгүй гэдэг нь аль хэдийнэ тодорхой болсон. Иймээс ч дээрх нэр бүхий газрын ховор элементийг дэлхий нийт шинэ зууны зэвсэг хэмээн нэрийдэж, нийлүүлэлтийнх нь төлөө санаа тавих болжээ. Тодорхойдоо бол Хятадын Засгийн газар газрын ховор элементийн экспортоо хязгаарласнаар дэлхий, тэр дундаа Европын холбооны орнууд сандралд орж, түүхий эдийн шинэ нийлүүлэлтийн эрэлд гараад буй. Гэхдээ Европын холбооны орнуудын хувьд Хятадын Засгийн газрын энэ шийдвэр гэнэтийн цохилт байгаагүй юм.

Учир нь 2009 онд болсон Европын холбооны орны Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр энэ сэдвийг онцгойлон хэлэлцсэн тохиолдол бий. Тухайн үед газрын ховор элементийн нийлүүлэлтийг эрж хайн, шинэ ханган нийлүүлэгч олохгүй бол байдал бишдэх нь гэдгийг тэд ярилцаж байсан. Улмаар Европын холбооны орнуудад Хятадаас нийлүүлж байгаа газрын ховор элементийн эзлэх хувийг тодорхойлж, “Хятадын гэнэтийн бодлого хийгээд бэрхшээлээс хэрхэн ангижрах вэ” гэдэг сэдвээр дотооддоо ч нэмэлт хайгуул судалгаа хийх шаардлагатай гэдгийг бүхий л хүрээнд анхааруулсан нь бий.

Тэгвэл манай улсын хувьд газрын ховор элементдээ төдий л анхаарал хандуулдаггүйн дээр олборлолт явуулж буй орд газрыг хэрхэн ашиглаж байгаад нь төрийн тусгайлсан бодлого гээд байх зүйл үгүй аж. Энэ талаар Ашигт малтмалын тухай хуулиас эрж хайхад  зөвхөн 46 дугаар зүйлийн “Үнэт металл, эрдэнийн чулууг бүртгэх, худалдах тухай” хэсгээр зохицуулагддаг гэх. Уг заалтад нь газрын ховор элемент гэхээс илүү үнэт металл, эрдэнийн чулууг л хэрхэх тухай зааварладаг. Хэдийгээр салбарынх нь мэргэжилтнүүд үнэт металл гэдэгт дээр нэр дурдсан газрын ховор элементийг оруулж болно хэмээж байгаа ч орууллаа гэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар заалтын цөөн хэдэн бүрхэг тайлбараар зохицуулдаг бол үүн шиг ор нэр төдий төрийн бодлогын ач тусыг хүртэх нь юу л бол.

Гэтэл өдгөө төмрийн хүдэр хийгээд ураны орд газрыг дагасан газрын ховор элементийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тухайн ордын Техник, эдийн засгийн үндэслэлийг батлахдаа онцгойлон үздэггүй баримт нэгээр тогтохгүй байна. Үүний нэг жишээ нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийн эзэмшиж байсан Улааны холимог металийн ордын Техник, эдийн засгийн үндэслэлээс тов тодорхой харагддаг. Тухайлбал уг ордод БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Ашигт малтмалын нөөцийн комиссын тогтоолд сульфид, теллура, селени, кадмий тэргүүтэй газрын ховор элемент багагүй хэмжээгээр бий гэдгийг баталсан байдаг. Газрын эдгээр ховор элементийн хэмжээг үйлдвэрлэлийн аргаар олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой эсэх талаар мэргэжлийн химичдээс тодруулахад “Болно” гэдэг хариулт өгч байсан. Өөрөөр хэлбэл, газрын энэхүү ховор элемент нь байгальд төмрийн хүдэр, алт, зэс мэт их хэмжээгээр байхгүй ч бага тунгаар ихийг бүтээж болох “ид шид”-тэй аж. Харин манайхны хувьд одооноос л энэ төрлийн хайгуул хийж эхэлж байгаа гэх ч Улааны холимог металийн ордыг япончууд газрын дээрх ховор элементэд нь олзуурхаж судалж байсан нь бий. Гэвч уг ордыг япончууд бус хятадуудад УИХ-ын гишүүн асан нэгэн эрхэм үнэ хүргэн зарсан нь аль хэдийнэ нууц биш болсон яриа. Гэхдээ салбарынхны хувьд шүү дээ. Ийн монголчууд зөвхөн алт, зэс, нүүрс гэсэн түгээмэл ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулж, төсвийн цоорхойг нөхөхийг санаархаж байх зуур газрын ховор элементийн далд наймаа цэцэглэж эхэлжээ. Нэг ёсны Монголын төрийн бодлого газрын ховор элементээ тойроод гарчихсан учраас бодлогогүй баялгийг бодлоготойгоор ашиглах ухаан хөрөнгө оруулагчдад бий гэдэг нь дамжиггүй юм.

Эндээс Хятадын газрын ховор элементийн сэдэв рүү эргэн ороход тус улс энэ төрлийн баялгаа хязгаарласнаар хамгийн бага эрсдэл нь гэхэд Европын холбооны орнуудын 30 сая хүн ажилгүй болох цаг ойрхон байгаа гэнэ. Учир нь тэд түүхий эдгүй бол нэг алхам ч урагшилж, ажил хийж чадахгүй нь тодорхой.  Дээрх ажилтнуудыг зөвхөн үйлдвэрлэлд ажилладаг гэдгээр бодож болохгүй. Сүүлийн үед хүн төрөлхтөний хөгжлийн нэг илэрхийлэл болж буй цахилгаан автомашин, хатуу диск, өндөр бүтээмжийн соронзон, сансрын тоног төхөөрөмжүүд, хавтгай дэлгэц, гар утас, цахилгаан бараанууд, химийн салбар, нанотехнологи гээд та бидний хэрэглээнд чухлаар тавигдаж буй бүхий л бүтээлд газрын ховор элементүүд амин судас нь болдог аж. Иймд тэдгээрт шаардлагатай газрын ховор элементийн бүхэл бүтэн 95 хувийг хангадаг Хятад улс экспортоо хязгаарласнаас үүсэх бэрхшээл та бидний амьдрал руу ч өнгийх эрсдэлтэй гэсэн үг. Мөн Хятад улс өөрийн орноос газрын ховор элемент экспортолдог компанийг юунд, хэрхэн ашигладаг тухай мэдээллээ өгөхийг шаарддаг нь эргээд зохиогчийн эрхийн хулгай болж буйг ч дэлхийн улс орнууд шуугиж байна. Цаашлаад Японы эрдэмтдийн тодорхойлоод байгаа шиг үнэхээр энэ төрлийн баялаг нь энэ зууны эдийн засгийн зэвсэг мөн юм бол Хятад улам бүр хүчирхэгжих нь лавтай.

Тэгээд ч тус улсын Засгийн газрын шийдвэрээс улбаалаад дээрх бүтээлийг үйлдвэрлэхэд шаардлагатай 40 гаруй нэр төрлийн газрын ховор элементээс 14 төрлийн баялгийн хомсдол үүсэх нь тодорхой болсон аж. Эндээс Европын холбоо Хятадыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орных нь хувьд дарамт үзүүлж, зах зээлээ тэлэх боломжийг нь хязгаарлах замаар хоригийг нь цуцалж болох ч тус улсын удирдагчид “Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд гишүүн улс байгалийн нөөцөө хамгаалах эрхтэй” гэдэг заалтаар хариу барьж буй гэнэ. Иймд газрын ховор элементтэй холбоотой Хятадын эрх баригчдын шийдвэрийг хэн ч цуцлах эрхгүй гэдэг нь тодорхой болжээ.

Гэтэл Монголд нөхцөл байдал ямар байгааг Улааны холимог металлийн ордын жишээгээр тайлбарласан. Түүнчлэн ураны салбарыг ид сэргэн мандуулахаа амлаад байгаа манай Засгийн газрын хувьд энэ төрлийн ордод үүссэн газрын ховор элементийг хэрхэх вэ гэдэг нь мөн л асуултын тэмдэг төдийхнөөр илэрхийлэгдэж буй. Өөрөөр хэлбэл энэ цагаас эхлэн манайх газрын ховор элементээ судлаагүй гэдэг үгээр ам таглах бус харин “Үндсэн баялгийг дагаж илэрч буй хавсарга элементүүдийг хэрхэх вэ” гэдгээ хатуухан болзлоор хүлээн зөвшөөрүүлэх цаг иржээ. Нэг бус удаа газрын ховор элементийн илэрлийг тэмдэглэсэн газрын зургийг хил давуулах гэж байсныг илрүүлсэн мэдээг ор нэр төдий мэдээлдэг шигээ асуудлыг нам гүмхэн өнгөрөөх хэрэггүй болов уу. Учир нь газрын ховор элементийн агууламж алт, зэс, нүүрсний нэгэн адил тонн, тонноор хэмжигддэггүй ч хэрэглээ нь зэвсэгтэй дүйцэх хэмжээний чухал аж.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж