Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноолоо

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноолоо

НЭМЭЛТ: 23.24 цагт

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь, мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган, шүүсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, Э.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн юм.


Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг,

шүүгдэгч О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж,

шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгож

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Өлзийбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.Бямбажавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялуудыг,

Шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,

Шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус хянан шийдвэрлэлээ.

Жич: 2002 оны Эрүүгийн хуулиас…

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

Шүүгч шийтгэх болон цагаатгах тогтоолыг танилцуулж байна

НЭМЭЛТ: 23.15 цагт

Завсарлага дуусч шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. Яг одоо шүүгч шүүгдэгчид, өмгөөлөгч нарт шийтгэх болон цагаатгах тогтоолыг уншиж танилцуулж байна.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна

НЭМЭЛТ: 

Шүүх хуралдааныг завсарлуулав. Шүүх бүрэлдэхүүн эрүүгийн хариуцлагын талаар шийдвэр гаргахаар зөвлөлдөж байгаа юм.

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар тайлбар хэлж байна

НЭМЭЛТ:

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурал 12.55  цагт завсарлаж, шүүхийн бүрэлдэхүүн долоон цаг гаруй зөвлөлдсөний эцэст 20.26 цагийн орчимд Б.Хурц нарыг гэм буруутай хэмээн үзжээ.

Одоо шүүх хуралд улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, хохирогч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбар хэлж буй юм байна.

 

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

НЭМЭЛТ: 

Шүүх хуралдааныг 12.55 цагийн орчимд түр завсарлуулсан байна. Завсарлагын хугацаанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх аж. Шүүх хуралдаанд шүүгчээр  Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа, прокуророор Б.Батсайхан, Б.Мөнх-Од нар ажиллаж байгаа бол өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг, Ц.Баярмаа нар оролцож  байна.

Шүүгдэгч нарын үгийг сонсч байна

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь, мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.22/ 09.06 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна.

Шүүх хурлаар яг одоо шүүгдэгч нарын эцсийн үгийг сонсч буй ажээ. Шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байгаа нь энэ бөгөөд өнөөдөр шийдвэрээ гаргах юм.

Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.

Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу долдугаар сарын 16-нд эхэлсэн. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж