НЭМЭЛТ:
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд эхлээд байна.
Ерөнхий сайд асан С.Баяр нарыг шүүнэ
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.22/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Оюутолгой төсөлтэй холбогдуулан тэднийг шүүх юм.
Таван жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга “2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д долоон хаустай болсон. Хаус нь охиных нь бүртгэлд байдаг” гэх мэдээлэл хийж байв.
Харин Ерөнхий сайд асан С.Баяр “Эрүүл ухаантай хүнд нэг газар долоон байшин авах хэрэг байна уу. Ганц биеэ долоо хуваагаад энд тэнд суултай нь биш. Угтаа бол нэгхэн биед нэг газар л байх хэрэгтэй баймаар. Энэ тухай би нэг бус удаа ярьж байсан. Одоо дахин давтан хэлье, надад АНУ-д эсвэл өөр ямар нэг улс гүрэнд эзэмшдэг байшин, хаус нэг ширхэг ч байхгүй. Байшин сав байтугай гадас шаагаад босгосон майхан ч үгүй. Гэхдээ асуудал тэр байшин саванд байгаа юм биш. Тийм томоохон байшингуудыг маш их мөнгөөр, олон сая ам.доллараар авсан байж таарна гэж хардахад байгаа юм. Тиймээс энэ бүх яриа яагаад гардаг, юутай холбоотой нь тодорхой.
Энэ гэрээ эхнээсээ цэвэр бизнесийн гэхээсээ геополитик, гео эдийн засгийн ач холбогдол, үр дагавар ихтэй хийгдсэн. Дотоод гадаадын том жижиг, эсрэг тэсрэг сонирхлууд энд хэрээстэй хэвээр. Оюутолгойн гэрээний нэг эгзэгтэй үе яг одоо таарч байна. Энэ гэрээний дараагийн үе шат далд уурхайн асуудал дээр очоод хоёр тал учраа сайн олохгүй тулчихаад байгаа юм. Одоо цаашдаа хоёр зам л бий. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэж болно. Аль эсвэл хэрүүлийн аргаар бүр мөсөн унагаж бас болно. Тэр хэрүүлдээ намайг татан оруулах, элдэв долоон юм наах гэж байнга оролддог. Би тэвчээртэй байхыг хичээн хэдэн жил муу хэлүүлж явлаа. Одоо болсон байлгүй дээ. Одоо яс шалгуулна. Монгол улсын хууль хяналтын зохих байгууллагад албан ёсоор хандахаар шийдээд хүсэлт өргөдлөө цаасан дээр буулгаж байна. Намайг яллаад буруутгаад байдаг Оюутолгойн гэрээгээр далимдуулан авилга авсан эсэхээ шалгуулна. Өөр бас бус юм байдаг гэж үздэг бол тэр бүхийг бүгдийг нь шалгуулна гэсэн бодолтой байна” хэмээн мэдэгдэж байв.
Авлигатай тэмцэх газар /АТГ/ энэ асуудлыг шалгаж, улмаар 2018 онд Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулж байсан бол энэ хэрэгт хамааруулж, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг мөн баривчлан саатуулж байв.
Улмаар АТГ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гардаж ажилласан Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд байгуулсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Да.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг нэгтгэн, шүүхэд шилжүүлсэн.
Хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 6-наас хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч П.Баасанжав, Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг зарлахаар болж шийдвэрлээд байсан билээ.
Сануулахад, анхан шатны Эрүүгийн хэргийн шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд хийсэн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулж Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн үндэслэлээр Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Холбоотой мэдээ