БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавируст халдвар өдгөө дэлхийн 216 улсад “зөөвөрлөгдөөд” байна. Олон сая хүний амийг авч одсоноороо улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтооход хүргэсэн уг вирус сарьсан багваахайнаас хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэж дэлхий нийт үзэж буй. Вирусийн голомт далайн бүтээгдэхүүний захаас үүдэлтэй ба хүмүүс сарьсан багваахай идсэн тухай мэдээлэл дэлхий нийтэд дуулиан тарьсан нь саяхан. Аюулт өвчний дэгдэлт одоо ч намжаагүй энэ цаг үед тарваган тахал аюулын харанга дэлдэх вий хэмээн дэлхий дахин Монгол Улсыг анхааралдаа авч эхлэв. Учир нь коронавирусийн нас баралтын түвшинг дунджаар 2.3% гэж үзэж байгаа бол тарваган тахлынх 4.9% байгаа нь өндөр нас баралттай, аюултай өвчин гэж үздэгтэй холбоотой.
Монголд өнөөдөр тарваган тахлын 1 нас баралт бүртгэгдсэн нь коронавирусээс ч дутахааргүй хөрш зэргэлдээ улс орнуудын анхаарлыг татав. Энэ сарын эхээр Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахлаар өөд болсон. Түүнийг агнасан тарвага хүнсэндээ хэрэглэснээс болсон хэмээн үзэж буй. Үүнээс хойш Ховд аймагт 27 настай нэг иргэн мөн тус халдвараар өвчилсөн нь тогтоогдож, тусгаарлагдан эмчлүүлж буй. Тухайн иргэн цөөнгүй тооны хүнтэй ойр хавьтсаныг албаны хүмүүс илрүүлсэн.
Өөрөөр хэлбэл, бас нэгэн тахал дэгдэх эрсдэл үүсчихээд байхад монголчууд л тайван байна. Албаны хүмүүс тарваганы мах агнаж, идэж болохгүйг анхааруулсаар байтал хөдөө орон нутгийг зорьсон иргэд тарвага агнаж идэх нь багадаад эмчилгээний зориулалтаар гэж дур мэдэн түүхий эд эрхтнийг нь хэрэглэсээр байгаа нь цар тахлыг өөрсдөө далласнаас өөрцгүй. Гэтэл амьтны эд эрхтнийг түүхийгээр нь эмчилгээний зориулалтаар идэх нь аливаа өвчнийг анагаадаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй юм.
Нэг хүний тарваганы мах идэх хүсэл дотоодод цар тахлын аюул дагуулах эрсдэлтэйг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулсаар байгаа. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт нүүрлээд байна. Ялангуяа наймдугаар сар бол тарваган тахлын дэгдэлтийн оргил үе. Тиймээс Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд ханцуй шамлан ороод байна.
Халдвар авсан даруйд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахгүй бол амь насыг нь өршөөлгүй авч оддог болохыг ч 15 настай хүү амь насаараа нотолсон. Эмнэлгийн байгууллагад хандлаа ч нэг өдрийн эмчилгээний зардал 60-100 сая төгрөг. Гэтэл хүмүүс тарвага агнаж идчихээд түүнийгээ нуудаг, оношоо төөрөгдүүлж байгаа нь өнөөх л хэнэггүй зантай холбоотой юм.
Тарваган тахлын аюул зөвхөн энэ жил ч биш коронавируст халдвар дуулиан тарихаас ч өмнө аюул дагуулж байв. Хоёр жилийн өмнө буюу 2018 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр тарваганы махыг түүхийгээр нь идсэнээс тахлаар халдварлаж, амь насаа алдан бага насны гурван хүүхэд өнчирч хоцорсон харамсалтай жишээ ч бий.
Зоонозын өвчин судлалын төвөөс гаргасан мэдээллээр тарваган тахал нь 1970 онд албан ёсоор бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 210 хүн өвчилж 83 нь нас баржээ. Харамсалтай нь энэхүү бодит аюул сургамж болж чадсангүй, өнөө жил ч дахин нэг амь эрсэдлээ. Тарваганы мах идлээ гэхэд зөвхөн өөрөө төдийгүй өрөөл бусдад ч аюултай гэдгийг хүн бүр ухамсарлах нь иргэний үүрэг, нийтийн өмнө хүлээсэн хариуцлага. Судалгаагаар халдвар авсан 10 хүний 3-10 нь амь насаа алдах эрсдэлтэй. Муугаар бодоход нэг хүний хариуцлагагүй үйлдэл нийтийг ч донсолгох аюул бидний өмнө байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ