Усан оргилуур маскгүй хүмүүсийн цугладаг газар болжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.22-нд нийтлэгдсэн

Усан оргилуур маскгүй хүмүүсийн цугладаг газар болжээ

Усан оргилуур маскгүй хүмүүсийн цугладаг газар болжээ.https://news.mn/r/2328837/

Posted by News.mn on Tuesday, July 21, 2020

Монгол Улс нь Covid-19-ийн халдварыг дотооддоо алдаагүй цөөн орны нэг. Эрүүл мэндийн салбарынхны хичээл зүтгэлээр гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 287 тохиолдлын 213-ыг нь эмчилсэн. Гэвч эмчлэгдсэн хүмүүсийн 23-аас нь дахин Covid-19 илрээд байна. Энэ нь халдвар дотооддоо тархах эрсдэл маш өндөр байгааг илтгэнэ. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэлийн байнга хэлдэгчлэн халдвар дотоодод тархах нь цаг хугацааны асуудал. Тиймээс иргэд өөрийгөө, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд тогтмол маск зүүж, гараа ариутган, хүн хоорондын зай баримтлахыг онцгойлон сануулдаг. Гэвч иргэд сонор сэрэмжээ алдаж, амны хаалт зүүлгүй явдаг болжээ.

Сүхбаатарын талбайн урд байрлах “Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур дээр өчигдөр /2020.7.21/ 19.30 цагт очиход тэнд цугласан хүмүүс дунд амны хаалт зүүсэн хүн нэг ч байсангүй. Хүүхэд, залуусгүй нэгнийгээ усаар булж жинхэнэ утгаараа бужигналдацгаах аж.

ДҮҮРГҮҮДЭД УСАН ОРГИЛУУР БАЙСАН БОЛ НЭГ ДОР ОЛОН ХҮН ЦУГЛАХГҮЙ

Нийслэлийн  хэмжээнд 130 гаруй усан оргилуур байдаг гэх тоон мэдээлэл байдаг ч тэднээс 10 хүрэхгүй нь л ажилладаг. Бүгд биш юм гэхэд ихэнх усан оргилуур ажилладаг байсан бол нэг дор ийм олон хүн цуглахгүй гэдгийг цугласан иргэд хэлж байлаа.

Иргэн Г.Эрдэнэтуул:

Хэрэв усан оргилуур олон байсан бол хүнгүй байх үед нь оччихоод буцна. Дүүрэг бүрт усан оргилуур байсан бол нэг дор ийм олон хүн цуглахгүй байсан. Орой болохоор хүүхдүүд усан оргилуур оръё гэж шалгаадаг болсон. Нэгэнт холоос зориод ирсэн болохоор хүүхдээ энд тоглуулахаас өөр арга алга. Халуунд бага зэрэг сэрүүцээд, энд байх уг нь их сайхан юм. Гадаа маш халуун байгаа болохоор масктай явахад хүндрэлтэй байна. Маск зүүсэн хүн энд бараг алга.

ХАЛУУЦААД, СЭРҮҮЦЭХЭЭР МАСК ЗҮҮДЭГГҮЙ

Иргэн Н.Нандинцэцэг:

Хоёр хүүхэд маань энэ усан оргилуур дээр очъё гэж шалгаагаад байхаар нь ирсэн юм. Миний хувьд анх удаа энэ оргилуурыг харж байна. Сонирхолтой, гоё санагдлаа. Энд хүмүүс маскгүй байгаа шалтгаан нь халууцаад, бага ч гэсэн сэрүүцэхийн тулд тэр юм болов уу.

МОТОРЫН ЧАДАЛ ХҮРЭХГҮЙГЭЭС УСАН ОРГИЛУУР 45 МИНУТ АЖИЛЛАЖ, АМАРЧ БАЙГАА

3.2 тэрбум төгрөгөөр баригдсан усан оргилуур цаасан дээр төсөл байх цагаасаа л шүүмжлэл дагуулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байгаа үед ийм их мөнгийг гуравхан сар ажиллах усан оргилуурт зарцуулах шаардлагагүй хэмээн иргэд эсэргүүцэж байв.

Дараа нь усан оргилуурын газар доорх байгууламжийг алдаатай хийснээс хотын төв хэсэг үерт автсан гэх асуудал ч яригдсан. Тухайлбал, Сүхбаатарын талбай дээр ажилладаг зурагчин залуугийн хэлснээр усан оргилуур моторын хүч нь дийлэхгүй байгаагаас 45 минут ажиллаад, 45 минут амарч байгаа аж. Гэхдээ усан оргилуур ашиглалтад орсноор Covid-19-ийн балгаар зогсолтод ороод байсан зурагчдын орлого сэргэсэн гэнэ. Тэрбээр “Усан оргилуур өглөө 10.00 цагаас эхлээд 45 минут ажиллаад, 45 минут амарч байгаа. Тасралтгүй ажиллахаар мотор нь дийлэхгүй байгаа гэж сонссон. Covid-19-ийн халдвараас хойш нам зогсоод байсан орлого усан оргилуур  ашиглалтад орсноос хойш бага зэрэг сэргэж байна. Өдөрт дунджаар 10-15 кадр зураг дарж байна” гэлээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал дотоодод халдварлах эрсдэл өндөр байгаа энэ эгзэгтэй үед халууцсан ч маск зүүж, гараа тогтмол ариутгаж, олон хүнтэй газраар явалгүй өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвараас хамгаалахад анхаарахгүй бол эрсдэл ойрхон байна шүү.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж