“Хилээ хаачихаад авлига авч иргэдээ оруулдаг улс Монголоос өөр байна уу” гэдэг асуудлыг гадаадад гацсан иргэд хөндөж тавьсаар байгаа ч энэ асуудлыг шалгадаг газар нь таг.
Улсын Онцгой комисс /УОК/-ын нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг тусгай үүргийн онгоцоор гадаад орноос иргэдийг татахдаа танил талдаа үйлчилж, авлига хээл хахуульд холбогдсон байж болзошгүй асуудлыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл сарын өмнө хэвлэлээр цацагдсан ч одоо хэр нь үнэн худал нь эцэслэгдсэнгүй.
Гэтэл энэ хооронд хилийн чанадад гацсан иргэд дунд “Мөнгөтэй, хэл амтай, танил талтай нь УОК-иос тавьсан таван шалгуурын өмнүүр гишгэж, эх орондоо очиж байна” гэдэг яриа газар авах нь тэр.
Хууль бус зүйлтэй хугаршгүй нугаршгүй тэмцэх амлалт өгсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхдээ өнгөрсөн өвөл тусгай үүргийн эхний нислэгээр эх орондоо ирсэн, Шадар сайд асан, УОК-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон нь гал дээр тос асгасан хэрэг болов. Эрх мэдэлтэй нь эх орондоо очоод албан тушаалд хүрч болдог, энгийн ард нь харийн оронд Элчин сайдын яамаа бараадан гадаа нь хоноглодог хоёр ертөнц бий болж буй тухай шуугицгааж байна.
УОК-ынхон нислэгийн тоогоо нэмэгдүүлж, эх орондоо ирэх хүсэлтэй 13 мянган иргэнээ бүгдийг татан авахаа мэдэгдсэн ч олон сараар хилийн гадна гацсан иргэдийг тайвшруулсангүй.
Уг нь АТГ энэ мэт асуудлыг шалгаад ташаарсан бол нэр төрийг нь цэвэрлээд өгвөл УОК-ын бүрэлдэхүүнд багтсан гишүүдэд ч нэмэртэйсэн. Үнэн худал нь батлагдахгүй дуулианаас болж, Монгол өнөөдөр "Covid-19" цар тахлаар авлига цэцэглүүлдэг орон болж, дэлхийд алдаршиж байна. Худлаа гэвэл АНУ дахь Монголын Элчин сайдын яам, БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны гадаа лоозон бариад жагсаж байгаа иргэдийнхээ цөхрөлөөс харж болно.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан будилаантай болж өнгөрсөн тухай яриа өнөөдөр ч хуучраагүй сэдэв хэвээр байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороонд Монголын Морин спорт уяачдын холбооны төлөөллийг оролцуулаагүй. Наадам болохоос нэг хоногийн өмнө Шадар сайд Я.Содбаатар эрлийз морьдыг наадамд уралдуулах шийдвэр гаргасан нь Баяр наадмыг зохион байгуулах хорооны хамтын шийдвэр үү, дан ганц Шадар сайдын санаачлага байв уу. Яагаад нэг хоногийн өмнө гэнэтийн шийдвэр гаргав.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгийг долдугаар сарын 11-нд АТГ-аас саатуулан, шалгасан асуудал яагаад нам дарагдав гээд дуулиан үргэлжилсээр…
Уяачид гомдолтой, унаач хүүхдүүд нь нулимстай байгаа хурдан морины уралдаантай холбоотой таагүй мэдээ дээрх асуудлаар дуусахгүй.
Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэг “Өмнөх жилүүдэд улсын наадамд зүв зүгээр уралддаг байсан хүлгүүдийг энэ жил уралдуулсангүй. Манай хурдан морины хүүхдүүд надад хэлсэн. Морьдоо унаад шүдлүүлэхээр очиход нь Хурдан морины комиссынхон “Ононгийн уяаны морьд байна. Бүгдийг нь шууд хас” гэсэн гэнэ лээ. Бүр манай уяаны морьдтай хамт очсон өөр уяачийн хүлгийг бас хамт хасчихсан байна лээ. Хэд хэдэн уяач надтай уулзсан. Танай морьдтой хамт явуулснаас болж морьдыг маань хасчихлаа, хэлмэгдчихлээ гэсэн. Би Хурдан морины комиссынхонтой очиж уулзсан. Нэг нь ч дуугараагүй. Юм асуухаар юу ч хэлж чаддаггүй юм билээ” хэмээн энэ жилийн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан ямар маапаан дундуур болж өнгөрснийг ийн ярьжээ.
Мөн уяачдын тайлбараар бол азарганы 40.6 , их насны 32.5, соёолонгийн 42.3 хувь, дааганы 82.6 хувь хасагдсан нь нийтдээ 600 гаруй хүлэг Хурдан морины салбар комиссынхны үзэмжид нийцэлгүй, Хүй мандлын дэвжэээнээс буцжээ. Нэг үгээр хэлбэл, малын зах ч эргүүлж үзээгүй, эрлийз морь уу, монгол морь уу гэдгээ ч ялгахгүй хэдэн нөхөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбарт нь багтаж, уралдах морьдыг шилж сонгосон болж таарч буй юм.
Харин энэ олон хурдан морьдыг уралдуулаагүй, уяачдаас илүү морь шинжсэн албан тушаалтнууд үнэн зөвөөр ажилласан эсэхийг АТГ хэзээ тогтоох вэ. Ямааны мах халуун дээрээ гэж үгтэй. Асуудлыг тэр даруйд нь шалгаж тогтоож байхгүй бол наадмаараа хурдан морио ч уралдуулж чаддаггүй боллоо.
Зарим уяач морио уралдуулахын тулд Хурдан морины салбар комиссынхонд 5 сая төгрөгийн хахууль өгөхийг оролдсон тухай яриа ч байна. Энэ бол асуудал хүндэрч байна гэсэн үг. Хааж боож, хавчиж хясан боогдуулах тусам бизнес эрхлэгчид аргаа бараад төрийн албаныхан руу сая, саяар нь авлига бариад гүйдэг шиг үзэгдэл уяач дунд халдварлах нь. Бага дээр нь дарж авахгүй бол Монгол түмний эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаанд авлига шингэх болж байна.
Төрийн өмчит компанийн дэд захирлаар томилогдсон дарга 400 саяын байранд орж, 160 сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөж, шалгагдаад ирэхээрээ хуулийнханд хахууль гардуулаад хэргээ “таг даруулчихдаг” моод дэлгэрсэн тухай яригдаж байна. Хэрвээ өнөө жилийн үндэсний их баяр наадмаар хурдан морьдыг хасалт хийхэд албан тушаалтнууд авлигаас ангид ажиллаж чадсан юм бол уяачдын хар сэрийг нь дараад шалгалтын дүнгээ мэдээл… Наадамчин олон "Өнөө жилийн наадмаар хурдан морийг уралдуулахгүйн тулд хасалт хийхэд авлигынх нь ханш хэдэн төгрөгт хүрсэн юм бэ, АТГ-ынхнаас асууж өгөөч” гэж утас цохиж байна шүү.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ