“Цар тахлын дараах Монгол Улсын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ” хэлэлцүүлэг өнөөдөр /2020.7.21/ боллоо. Монгол Улс нь цар тахлын тун чухал үед ирсэн бөгөөд нөхцөл байдалтай уялдуулж нийгэм, эдийн засгийн хөгжлийг бодлогын хүрээнд хэрхэн авч явах нь одоогоор тодорхойгүй байгаа. Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс (НҮБХХ) цар тахлын дараах Монгол Улсын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ, цаашлаад ямар шинэ боломж байгаа вэ гэдэг асуултуудын хариултыг эрэлхийлэх аян эхлүүлээд байгаа бөгөөд энэ хүрээнд дээрх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ хүрээнд мэргэжилтнүүдийг багтаасан Зөвлөлийн баг бүрдүүлж, цар тахлын үр дагавар болон хариу арга хэмжээг судлан “Стратегийн бодлого” баримт бичгийн эхний хувилбарыг боловсруулжээ.
Зөвлөлийн баг нь нөхцөл байдалтай уялдсан шинэ системийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн цар тахал нь тэгш бус байдлыг улам хурцатгаж, өнөөгийн Монгол Улсын үнэ цэнийн эмзэг байдлыг илчилж байна гэж үзсэн байна.
COVID-19 ЭМЗЭГ БҮЛЭГ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДҮҮДЭД МАШ ХҮНДЭЭР ТУСЧ БАЙГАА
Хэлэлцүүлгийн үеэр НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Илейн Конкиевичээс цар тахлын дараах хөгжлийн чиг хандлагын талаар тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-Цар тахлаас бий болсон сөрөг үзүүлэлтийг сайжруулах ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Covid-19-ийн халдвар Монгол Улсад дотооддоо тархаагүй байгаа нь маш авууштай зүйл. Гэхдээ Covid-19 нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Нэн ялангуяа эмзэг бүлэг, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хүндээр тусч байгаа. Тиймээс НҮБХХ Монгол Улсын Засгийн газартай хамтран системийн тогтолцооны өөрчлөлт хийх, цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хамтран ажиллах болно.
-Тухайлбал, ямар ажил хийх вэ?
-Эдийн засгийг сэргээх стратегийг боловсруулж байгаа. Энэ стратегийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах зорилготой байна. Covid-19 нь нийгэм, эдийн засаг, эмзэг бүлгийн тэгш бус байдлыг хурцатгаж байна. Энэ мэт маш олон сөрөг нөөлөөтэй. Энэ нь зөвхөн нэгхэн хэсэг. Үүнээс цаашлаад олон сөрөг нөлөөлөл бий. Тиймээс НҮБХХ-өөс үр дүнтэй шинэ системийг бий болгох тал дээр шинэ Засгийн газартай хамтран ажиллаж байна.
ХӨЛ ХОРИО ОЛОН АСУУДЛЫГ АРДААСАА ДАГУУЛСАН
Төрийн албаны зөвлөлийн ажилтан, “Стратеги бодлого”-ын зөвлөх Д.Дэмчигсүрэн
-Аливаа зүйл дандаа хоёр талтай байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар Covid-19-ийн дараах шинэ үе, хэм хэмжээ гэдэг зүйл бий болно гэж үзэж байгаа. Тиймээс тав хоног, таван сарын дараа бий болох зүйл дээр бэлтгэлтэй байх талаар өнөөдөр ярилаа. Ирээдүйд болох зүйл өнөөдрийнхөөс өөр байна гэдэг нь тодорхой. Тиймээс урьдчилан төлөвлөсөн байх хэрэгтэй. Монголд тогтоосон хөл хорио бусад орноос огт өөр. Энэ хөл хорио нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан чухал алхам байсны хажуугаар эдийн засаг, нийгмийн олон асуудлыг ардаасаа дагуулсан. Тиймээс энэ асуудлуудыг шийдэх төлөвлөгөө боловсруулж, урагшлах ёстой гэж бодож байна.
Уг уулзалтаас ирүүлсэн санал хүсэлтийг Зөвлөлийн багт хэлэлцээд дараагийн шатны хэлэлцүүлгийг хийх юм байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ