Ашиглалтад ороод нэг жил ч болоогүй зам борооны дараа эвдэрч улсад хэдэн тэрбум төгрөгийн хохирол учирдаг болжээ. Нэг удаагийн бороонд цаас мэт ховхрон урсаж буй замын чанарын асуудлаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд профессор, зөвлөх инженер Р.Болормаатай ярилцлаа.
-Автозамын чанар тухайн улсын хөгжлийн илэрхийлэл болдог. Гэтэл Монголд тавьсан зам нэг жил ч болохгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Монголд автозамын чанар хангалтгүй байгаа үндсэн шалтгаан бол хариуцлагын тогтолцоо муу байгаа асуудал юм. Автозамын байгууламжийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл болон чанарт хяналт тавих, зөвлөх, эцэст нь ашиглалтад хүлээх гээд энэ бүх үе шатанд хариуцлагын тогтолцоо алга. Монголын автозамын салбар эрчимтэй хөгжиж, шинэ техник, технологийг үндэсний компаниуд хангалттай сайн эзэмшиж, нэвтрүүлж байна.
Гэхдээ чанарын хариуцлагын тогтолцоо байхгүйгээс чанартай зам барьсан компанид ямар ч урамшуулал, дэмжлэг байхгүй, түүнчлэн чанаргүй зам барьсан компанид ч ямар хариуцлага торгууль ногдуулдаггүй. Энэ нь зам барилгын ажлын чанар буурах хандлагыг хавтгайруулж байна.
Чанар, гүйцэтгэлийг зохих ёсоор хянаснаар тухайн ажил цаг хугацаандаа, чанартай, зураг төслийнхөө дагуу хийгддэг. Барилгын ажлын үе шат бүхэнд хяналт тавьж, зөвлөгөө өгч чанарыг хангуулах ёстой. Энэ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох хэрэгтэй байна.
-Тэгэхээр Улсын комисс зам тавигдсаны дараа биш, өмнө нь шалгалт явуулдаг байх шаардлагатай байх нь тийм үү?
-Замын төсөл нь зохих үе шат, шат дараалалтайгаар явагдаж хэрэгждэг. Төсөл хэрэгжүүлэх техник-эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажил, арчлалт ашиглалтын ажил – энэ бүх үе шатанд хяналт шалгалт явуулдаг. Хяналт шалгалт эхний шатнаас эхлээд чанартай, зүй зохистой явахгүй байгаагаас гүйцэтгэлийн шатанд алдаа нь гарч байна. Тэгэхээр зөвхөн зам-барилгын гүйцэтгэгч компани буруутай мэтээр ойлгогддог. Алдаатай хийсэн энэ бүх ажлыг засч сайжруулахад дахиад их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгааг ойлгох хэрэгтэй. Чанар, хариуцлагын менежментийн асуудлыг үе шат бүрд хэрэгжүүлснээр энэ хөрөнгө оруулалтын мөнгө үр ашигтай зарцуулагдах болно.
-Зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оролгүй уддаг, чанаргүй тавигддаг зэрэг нь санхүүжилттэй холбоотой юу?
– Зарчмын хувьд ярихад, тухайн төслийг төлөвлөх үе шатанд санхүүжилтийг шийдэж баталсан байдаг. Төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх үйл ажиллагаа цаг хугацаандаа явагдах ёстой. Дахин хэлэхэд замын төслийн үе шат бүхэнд хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Санхүүжилттэй холбоотойгоор зам ашиглалтад орох хугацаа хойшлох, чанаргүй баригдах асуудал үүсгэсний хариуцлагыг холбогдох шатанд тавих хэрэгтэй. Харин замын барилгын ажлыг төсөв, өртөг бага байгаа асуудал бол бий.
2010-аад оны үед явагдсан их бүтээн байгуулалтын үед оролцож байсан замын компаниуд дунд өөрийн санхүүгийн чадавхаа сайжруулж чадсан компани тийм олон биш байдаг. Ихэнх нь шатахуун түгээх компаниуд, банканд өртэй байдаг юм билээ.
Учир нь, замыг өндөр өртгөөр барьж байгаа мэт боловч хүнд машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээний зардал өндөр байдаг ба төсвийн үнэлгээнд энэ зардал хангалттай тооцогдоогүй байдаг. Тиймээс зам барилгын ажлын төсвийн үнэлгээг шинэчлэх, шинээр нэвтэрч буй техник технологийн төсвийн үнэлгээ нэмж оруулах шаардлагатай байгаа.
-Үер ус, уур амьсгалын өөрчлөлт зэргийг тооцоолоод, өртгийг нь хангалттай гаргаад барилаа гэхэд Монголд хамгийн дээд тал нь хэдэн жилийн настай зам барих боломжтой вэ?
-Олон улсад асфальт бетон хучилттай замын ашиглалтын хугацааг 20 жил хүртэл, цемент бетон хучилттай зам – 30 жилээр төлөвлөдөг. Монголд ч бас замын ашиглалтын хугацааг олон улсын жишгээр төлөвлөдөг. Замын барилгын ажлын өртөг тухайн замын ангилал, уур амьсгал, геологи-гидрологийн нөхцөлөөс хамаарч ихсэж багасна.
-Одоо Монголд барьж байгаа зам хэдэн жилийн настай вэ?
-Монголд ихэвчлэн 12-20 жил ашиглах зам барьж байна.
-Гэвч нэг жил ч бололгүй эвдэрч байгаа нь ихэвчлэн аль шатанд алдаа гарч байгаатай холбоотой вэ?
-Орон нутгийн замуудын хувьд нэг жил ч бололгүй эвдэрч байгаа нь зураг төсөлд болон барилгын ажилд алдаа гарсантай холбоотой. Дахин дурдахад бүх үе шатанд хариуцлага тооцдог байх хэрэгтэй.
-Хотын замд хүнд даацын машин явдаггүй хэсэг ч удалгүй эвдэрч байгаа нь юутай холбоотой вэ?
-Хотын зам нь хот төлөвлөлттэй шууд холбоотой. Уг нь хотыг байгуулахдаа шугаман дэд бүтцээ бүрэн гүйцэт төлөвлөж байгуулдаг. Үүнд гудамж зам, үер борооны ус зайлуулах байгууламж, инженерийн шугам сүлжээ багтдаг. Гадаадын ихэнх хотуудад жижиг гэлтгүй бүх хотуудад инженерийн шугам сүлжээ, үер борооны усны далд хонгил байгуулсан байдаг. Улаанбаатар хотод энэ зарчмыг баримтлахгүй байна. Жишээлбэл нэг хотхоны төлөвлөлтийг гудамж зам, гадаргуун ус зайлуулах суваг шуудуугүйгээр төлөвлөж барьсны дараа барилга байшингуудын үлдсэн зай засвараар орхигдуулсан зүйлсээ оромдуулсан маягтай хийж байна. Тэгэхээр энэ инженерийн шугам байгууламжууд зүй зохистой ажиллахгүй, зориулалтын үүрэг функцээрээ хангалттай ажиллахгүй байх магадлал өндөр.
Өнөөдөр Улаанбаатар хотод үер борооны ус зайлуулах шуудуу сувгийн үүрэг функцийг автозам гүйцэтгэж байна. Гэтэл авто замын элементүүдийн материал нь ус чийгийн нөлөөгөөр физик-механик шинж чанараа өөрчилдөг, даацын чадвараа алддаг, бат бэх нь буурдаг, усанд угаагддаг шинж чанартай байдаг. Жишээлбэл авто замын суурь, даац хүлээн авах үүрэг гүйцэтгэдэг далан, ул хөрс нь ус чийгийн нөлөөгөөр даац даах чадвараа их хэмжээгээр алддаг бол асфальт бетоны барьцалдуулагч материал дахь давирхай усанд угаагддаг байх жишээтэй. Ус бол замын дайсан. Гэтэл гадаргуун ус замын зорчих хэсэгт хуримтлагдаж, зайлуулагдахаар шийдэж хот, хорооллоо төлөвлөчхөөд зам борооноор эвдрээд байгааг гайхах хэрэггүй юм.
-Замын засвар, арчилгааг хэрхэн сайжруулах вэ?
-Монголын автозамын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг шинэ бүтээн байгуулалтад зарцуулдаг. Замын арчилгаа, засвар ажилд маш бага хөрөнгө оруулалт хуваарилдгаас засвар арчлалтын ажил зохих хэмжээгээр хийгддэггүй. Засвар арчилгааг орхигдуулснаар, замын эвдрэл даамжирч, ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагддаг.
-Мэргэжлийн хүний хувьд Монголын автозамыг хэрхэн зөв хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Энэ томоохон салбарыг хөгжүүлэхэд нэг хоёр асуудлыг шийдээд хөгжүүлчихгүй л дээ. Салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хоорондын уялдаа холбоотой хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Нэн тэргүүнд хөрөнгө оруулалтыг оновчтой үр дүнтэй болгоход л анхаарах хэрэгтэй. Тэгээд миний өмнө ярьсанчлан хариуцлагын тогтолцоо, чанарын хяналтыг сайжруулах, боловсон хүнийг хөгжүүлэх шаардлагатай гэж би хувьдаа харж байна.
-Автозамын салбарт боловсон хүчний хүрэлцээ хангалттай байна уу?
-Автозамын чиглэлээр үндэсний инженер техникийн боловсон хүчин бэлтгэж байгаа. Үйлдвэрлэл дээр байгаа инженерүүдийн чадавхыг дээшлүүлэх шаардлагатай байгаа. Мөн замын салбарт гүүрийн инженер, мэргэшсэн ажилчдын эрэлт хэрэгцээ байгаа, энэ чиглэлээр автозамын салбар боловсролын салбартай хамтран ажиллах шаардлагатай байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ