Вашингтон Чечений удирдагч Рамзан Кадыров болон түүний эхнэр, охидыг хэд хэдэн удаа хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн хориг тавьж, хар жагсаалтдаа нэмжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр/2020.07.20/ Кадыров болон түүний гэр бүлийг АНУ-д нэвтрэхийг хориглосон хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Чечений удирдагч арван хэдэн жилийн өмнөөс шүүхийн шийдвэргүй цааз зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэд хэдэн хэргийн ард буй талаар баттай мэдээлэл бий хэмээн ярьжээ.
Помпео энэ талаар цааш нь нарийн ширийнийг хэлээгүй ч Чеченд ЛБГТИК+ хүмүүсийн эрхийг байж боломгүйгээр зөрчиж байгааг дурьджээ. Харин Чечен үүнийг тууштай үгүйсгэж буй.
Мэдэгдэлд мөн “Бид Кадыров өдгөө коронавирусийн цар тахлыг ашиглан хүний эрхийг зөрчих үйлдлүүдээ улам ихэсгэж байгааг олж мэдсэн. Ийнхүү хориг тавьж байгаагаараа Кадыровт хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж байгаа нь эргээд өөрийх нь болон гэр бүлийх нь хувьд аюултай үйлдэл гэдгийг сануулахыг хүсч байна. Мөн Вашингтон хүний эрхийг зөрчсөн бүх хэргийн хариуцлагыг хүлээлгэхийн тулд боломжит бүх аргыг хэрэглэнэ” хэмээн ярьсан аж.
АНУ-ын эрх баригчид Кадыров болон түүний эхнэр Медни, том охид болох Айшат, Карина нарт ийнхүү хориг тавихдаа хугацаа заасангүй.
Харин хариуд нь Кадыров цахим хуудаснаа “Помпео, бид тулалдахад бэлэн. Үнэхээр сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээх тайлбартай, зэвсгийн агуулах дотор хоёр автомат хүнд буу барин зогсож буй зургаа нийтэлжээ.
Вашингтон ийнхүү Кадыровт хориг тавьж буй нь анхны удаа биш билээ. Тухайлбал 2017 онд АНУ-ын Сангийн яам Кадыровт эдийн засгийн хориг тавьсан юм. Харин жилийн дараа Кадыров АНУ-д хандан “Чечен дэх хүний эрхийн байдал АНУ-ынхаас хамаагүй дээр. Чеченд хүн амь, хулгай, дээрэм, хүчин, хүчирхийлэл, танхай зэрэг гудамжны гэмт хэргийн тоо маш багаас гадна үндэстэн, шашнаар ялгаварлан гадуурхах үзэл байдаггүй” хэмээн хэлж байжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ