Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийг Бээжин баталснаар олон улсын санхүүгийн фирмүүд эрсдэлээ тооцон тус хотыг орхиж эхэлжээ. Хятадтай зөрчилдсөнөөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь Хонгконгод олгож байсан эдийн засгийн тусгай эрхийг хүчингүй болгосон юм. Ингэснээр Хонгконг нь Азийн санхүүгийн төв гэх статусаа алдахад хүрч байна. Харин дараагийн санхүүгийн төв болох өрсөлдөөн Тайвань, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад орнууд өрсөлдөж эхэлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын Засгийн газраас тус улсад салбараа нээж буй гадаадын фирмүүдэд оффисын түрээсийг тэглэх санал тавьж байгаа аж. Санхүүгийн хяналтын үйлчилгээний агентлагаас мэдээлснээр Сөүлийн “Parc1” цогцолборт гадаадын фирмүүд оффисыг үнэгүй түрээслүүлж байна. Харин татварын талаар ямар таатай нөхцөл боломж олгох талаар Сөүлийн албаныхан хараахан мэдэгдээгүй байна. Сөүлээс гадна Бусанд ч гадаадын фирмүүдийг татахын тулд үүнтэй төстэй арга хэмжээг авч эхэлжээ. Бусаны Олон улсын санхүүгийн төвд оффис түрээсэлбэл ирэх 25 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ. Түүнчлэн байгууллагын татварыг бууруулахаа ч амласан байна.
Сөүл, Бусан хотууд нь олон улсын өрсөлдөх чадварын судалгаагаар 108 орноос 33 ба 51-т эрэмбэлэгддэг. Өмнө нь гадаадын фирмүүд Өмнөд Солонгосыг сонгохоос татгалздаг шалтгаан нь хууль дүрмийн ил тод бус байдал дутмаг, өндөр байгууллагын татвар зэргээс шалтгаалдаг байжээ. Өмнөд Солонгосын Засгийн газраас санхүүгийн төв болох зорилтыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн, шийдвэрлэжээ. Ингэснээр гадаадын фирмүүдийг үргээж буй хууль дүрмийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд анхаарахаар болжээ. Түүнчлэн Өмнөд Солонгос нь гадаадын фирмүүдийг татахын тулд юун түрүүнд татварын хөнгөлөлт, ажиллах хүчний дүрмийг шинэчлэх шаардлагатай. Өмнөд Солонгост байгууллагын татвар 25 хувь байхад Японд 23, Сингапурт 17 хувь байдаг аж. Харин Ерөнхийлөгч Мун Жэ Ин нь 2018 онд тус татварыг 22 хувь болгон бууруулжээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост гадаадын 163 фирм үйл ажиллагаа явуулдаг байна.
Нөгөө талд Япон нь Хятадын нийлүүлэлтээс хараат байдлыг өөрчлөхөөр хичээж буй. Японы Засгийн газраас хувийн маск үйлдвэрлэлийн Ирис Охяма, Шарф зэрэг нийт 57 хувийн компанид тус улсад үйлдвэрлэл явуулсны төлөө 57,4 тэрбум иений хөрөнгө оруулалт олгохоо мэдэгджээ. Түүнчлэн Хонгконг, Вьетнам, Мьянмар, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг компаниуд Японд үйлдвэрлэлээ нээвэл хөрөнгө оруулалт авах боломжтой. Японы Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр ойролцоогоор 30 гаруй гадаадын фирм хөрөнгө оруулалт авах боломжтойг тооцоолжээ. АНУ, Хятадын хооронд худалдааны дайн, улс төрийн зөрчил гүнзгийрч буйгаас сэрэмжлэн Япон улс нь дээрх арга хэмжээг авч байгаа аж. Учир нь дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд үүссэн зөрчил нь олон улсын санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна.
Өмнө нь 2019 онд Тайвань нь Хятадаас үйлдвэрлэлээ татах, хөрөнгө оруулалтыг эргүүлэхийн тулд Японтой төстэй аргыг хэрэглэж байжээ. Бээжин нь Токиогийн хувьд хамгийн том худалдааны хамтрагч орон бөгөөд Японы олон компани, фирмүүд Хятадад үйл ажиллагаа явуулдаг. Гэвч өнгөрсөн оны сүүлээр Хятадад гарсан коронавирусийн цар тахлаас болж Японы фирмүүд их хэмжээний алдагдал хүлээжээ.
Холбоотой мэдээ