Наадмын дараа намар гэгчээр аялал зугаалгын сар дундаа орж, хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгдэж, тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцэн наймдугаар сар гармагц эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базаах том ажил бий. Харин цар тахлаас үүдэн сурагчид дахин теле хичээлээ үзэх үү гэх асуудал олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байна. Хэрэв теле хичээлийг үргэлжлүүлэхээр болбол есдүгээр сарын 1-нд сурагчид анги танхимдаа биш гэрээсээ багштайгаа уулзах уу гэдэг асуулт дагуулж байгаа юм.
БШУЯ: ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ЭСЭХ НЬ УОК-ЫН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛНА
Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг долдугаар сарын 31-нийг дуустал сунгаад байна. Харин цаашид өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгавал есдүгээр сард хичээл цахимаар орж магадгүй. Манай улс халдварыг дотооддоо алдаагүй ч коронавируст халдварын тархалт дэлхийн улс орнуудад буурахгүй, эрчимтэй тархаж байвал УОК-ын шийдвэрээр сурагчид дахин цахимаар хичээллэнэ. Энэ талаар өнөөдрийн байдлаар тодорхой шийдвэр гараагүй ч Боловсрол, шинжлэх ухааны яам хичээлийн шинэ жилийг угтсан бэлтгэл ажлаа хангаж байна. Салбарын яамны зүгээс цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сурагчид есдүгээр сарын 1-нд цахимаар хичээллэх эсэх нь УОК-ын шийдвэрээс шалтгаална гэх тайлбар өгөөд байна.
Цар тахлаас үүдэн энэ оны нэгдүгээр сараас хойш гэртээ зайнаас суралцсан сурагчид ч бас есдүгээр сарыг догдлол дүүрэн хүлээж байгаа биз ээ. Эцэг эхчүүдийн зүгээс халдварыг дотооддоо алдаагүй нөхцөлд танхимаар хичээллэх нь зүйтэй гэх байр суурьтай байна. Харин цар тахал аюултай нөхцөлд хүрвэл теле хичээлийг дэмжинэ гэдгийг ч илэрхийлж байв.
ЦАР ТАХЛЫГ ДОТООДОД АЛДААГҮЙ НӨХЦӨЛД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХИЙГ ДЭМЖИНЭ
Иргэн И.БАТТУЯА:
-Цар тахал аюултай нөхцөлд хүрвэл цахимаар хичээллэхийг дэмжинэ. Хэдийгээр танхимаар олгох боловсрол хоцрогдож байгаа ч теле хичээл дэмжлэг болж байгаа. Гэхдээ төгсөх ангийн хүүхдүүдэд илүүтэй санаа зовж байна. Бид цаг ямагт хичээлд нь анхаарч дэмжлэг болж амжихгүй тул танхимаар хичээлээ үзэж, багшаасаа мэдэхгүй зүйлээ асуух нь хүүхдүүдэд маань хэрэгтэй. Дээр нь теле хичээлээ нэмж үзвэл тухайн үзсэн хичээл нь илүү үр дүнтэй. Харин халдварын тархалт аюултай нөхцөлд хүрвэл би танхимаар хичээллүүлэхийг дэмжихгүй.
Иргэн Н.БАЯРЧИМЭГ:
-Есдүгээр сард дахин цахимаар хичээллэхийг дэмжихгүй байна. Хүүхдүүд танхимаар хичээлээ үзэх хэрэгтэй. Цар тахлын үед Япон улс гэхэд л хүүхдүүд нэг хоног хичээллээд нэг хоног амрах байдлаар танхимын сургалтыг явуулж байхад манай улс халдварыг дотооддоо алдаагүй нөхцөлд гадаадын улс орнуудын туршлагыг судалж танхимаар хичээлээ явуулах нь зүйтэй. Онц шаардлагатай үед зайнаас суралцахыг дэмжинэ. Теле хичээлийн хувьд бид хүүхдүүддээ цаг үргэлж анхаарч чаддаггүй.
Иргэн Б.БАТСҮРЭН:
-Манай улс халдварыг дотоодод алдаагүй нөхцөлд есдүгээр сард хичээлийн шинэ жил эхэлдгээрээ эхэлж, танхимын сургалтаа явуулах хэрэгтэй. Гэхдээ аравдугаар сард коронавирусийн халдварын хамгийн оргил үе нь гэдгийг Эрүүл мэндийн яам анхааруулж байгаа. Иймд тухайн үед нь л Улсын онцгой комисс шийдвэрээ гаргах хэрэгтэй болохоос биш эрт арга хэмжээ аваад хэрэггүй болов уу. Жишээ татахад, нэгдүгээр ангид орж байгаа зургаан настнууд танхимд сууж хичээлээ үзэж сурна уу гэхээс гэртээ теле хичээл үзээд ойлгохгүй, сурахгүй шүү дээ. Тиймээс есдүгээр сарын 1-нд л хичээлийн шинэ жил эхэлдгээрээ эхлэх хэрэгтэй. Би ч бас хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэнэ дээ.
СУРАГЧИД: ЕСДҮГЭЭР САРД ХИЧЭЭЛ ЭХЛЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА
“Ирээдүй цогцолбор” сургуулийн есдүгээр ангийн сурагч Н.БУРМАА:
-Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхийг хүлээж байна. Теле хичээлээс илүү танхимд хичээллэх нь үр дүнтэй бас хичээлээ их ойлгодог санагдсан. Цахимаар хичээллэхэд багш нараасаа тэр бүр мэдэхгүй зүйлээ асууж чаддаггүй, зарим хичээлээ ч ойлгодоггүй. Сургуулиа санаж байгаа ч цар тахал аюул дагуулбал цахимаар хичээллэсэн нь дээр байх.
Төв аймгийн Баянхангай сумын ЕБС-ийн сурагч О.АЛИМАА:
-Есдүгээр сард хичээлдээ явна гэж бодохоор их догдолж байна. Удаан хугацаанд цахимаар хичээллэсэн болохоор танхимаар хичээллээсэй л гэж бодож байна. Зайнаас суралцахад багш нараасаа тухайн хичээл дээр ойлгоогүй зүйлээ асууж чаддаггүй нь жаахан бэрхшээлтэй байсан. Ялангуяа орос хэл, англи хэл, математикийн хичээлд ойлгомжгүй зүйл их байсан ч асууж чадалгүй өнгөрдөг юм билээ. Тиймээс манай улс халдварыг дотоодод алдаагүй нөхцөлд танхимаар хичээллэхийг дэмжиж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ