Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2020.07.21-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг завсарлуулав

Б.Хурц нарт холбогдох шүүх хурлыг завсарлуулав

НЭМЭЛТ: 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 22.00 цаг болсон тул завсарлаж, маргааш 09.00 цагаас үргэлжлэхээр болжээ. Шүүх хуралдаанд нотлох баримтыг танилцуулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нэмэлт тайлбар хэлсэн бол хохирогчоор оролцож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гэм буруугийн асуудлаар мөн тайлбараа хэлжээ.

Эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусчээ

НЭМЭЛТ: 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусаад 13.00 цаг өнгөрч байхад түр завсарлуулжээ. Шүүх хуралдаан 14.00 цаг өнгөрч байхад эхэлж,  дүгнэлт танилцуулж эхэлсэн байна.

Эд мөрийн баримтыг шинжлэн судалж байна

НЭМЭЛТ: 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.11 цагт ирц бүртгэснээр эхэлсэн байна. Шүүх хурлаар одоо эд мөрийн болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судалж байгаа аж.

Гурван жил гаруйн хугацаанд сунжирсны эцэст болж буй энэхүү шүүх хурлын процесс олон нийтийн анхаарлын төвд байна.

Учир нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Г.Батбаяр “С.Зоригийн хэргийн захиалагчийг олж илрүүлэх, хэрэг мөрдөн шалгалтын ажиллагаа дуусч, шүүх рүү шилжих гэж байхад эрүүдэн шүүх гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энд ганцхан зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрүүдэн шүүх гэдэг үг хэллэг маань Эрүүгийн хуулийн 251 буюу одоогийн Эрүүгийн хуулийн 21.12-оор шийдэгддэг. Энэ нь эрүүдэн шүүх гэдгийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэсэн тусгай сүбьектүүд хэрэгжүүлдэг. Гэтэл энэ нөхцөлд хүнийг эрүүдэн шүүх буюу зодож, тамлаж байгаа хүмүүс нь хоригдолууд. Тухайн хоригдолууд энэ үйлдэлдээ ял шийтгэл хүлээж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан юмуу, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай хуулиа зөрчөөд хүний биед гэмтэл учруулаагүй зодсон байх юм бол сахилгын арга хэмжээ авагдана. Өөрөөр хэлбэл дээр дурдсан зүйлчлэлээр бусад хүмүүсийн үйлдсэн үйлдэлийг шалгах ёстой байтал манай үйлчлүүлэгчдийг үйлдсэн хэмээн оруулж ирээд байгаа нь өөрөө зориуд яллах, эсвэл захиалагчдын зүгээс  хийгдэж байгаа С.Зоригийн хэргийг эзэнгүй болгох, замхруулах, ял завшуулах гэсэн оролдлого гэж ойлгож байна” хэмээн өмнө нь хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлж байв.

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.21/ 09.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ.

Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.

Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу долдугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж