Д.СҮхбаатар: АНХ 1991 онд 50 сая төрөгөөр “бумба” банкийг байгуулж байлаа, ах нь

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Д.СҮхбаатар: АНХ 1991 онд 50 сая төрөгөөр “бумба” банкийг байгуулж байлаа, ах нь

Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт замын дэргэд нэгэн өвгөн сууна. Урд талдаа мэргэ төлөг үзэх тухай товчхон тайлагнасан бичиг тавьжээ. Өвгөнийг Д.Сүхбаатар гэдэг аж. Төрийн томчууд, урлагийнхантай дотно найзууд явлаа хэмээн ярих түүнээс найзуудаасаа тусламж авдаг эсэхийг асуухад “Яах юм бэ. Зүгээр ажлаа хийгээд амьдарч яваа хүнд би саад болох биз” хэмээн бардам хариулж, инээмсэглэнэ. Түүнийг “Ярилцах танхим”-даа урьж, амьдралынх нь талаар ярилцсан юм.

-Та хаана ингэж мэр­гэлж сурав?

-Болгарт. Тэнд Ванга эмгэнийхтэй хөрш байлаа. Болгарийн Софи хотод манай эгч амьдардаг байсан. Тэгээд тэднийхээр хааяа зочилж очно. Манай эгчийн хөрш нь Ванга хөгшнийх. Тэр үед түүний үйлчлэгч Анна гэдэг охин надад цыган мэргэ зааж өгсөн. Болгарт ирж очин 20-оод жил болсон. Тэр үед манай эгч “Дэвшил”-ийн агротехникч байсан. Өргөст хэмх тарьж ургуулна. Тухайн үед Болгараас манайд хүлэмжийн нөхцөлд хүнсний ногоо тарьж ургуулах талаар анх туршлага дэлгэрүүлэх зорилготойгоор хүмүүс ирж байсан. Тэднийг ахалж байсан хүнтэй эгч маань танилцаж, гэр бүл болоод Болгарт Хар далайн эрэгт очиж амьдарсан юм. Болгарт амьдрал их сонин шүү дээ. Нэг айл долоон хоньтой
Хамгийн ард яваагийнх нь хүзүүнд хонх уячихна. Малчин нь өөрөө сүргийнхээ урд мод бариад явна. Инээдтэй шүү.

-Ардчилал гарахаас өмнө та хаана ямар ажил хийж байсан бэ?

-Би МАХН-ын Үзэл суртлын хэлтсийн дарга С.Болд гэдэг хүний дэргэд 17 жил жолоочоор нь ажиллаа. Тухайн үед С.Болд дарга Аюулаас хамгаалахын Жигжид даргын орлогч байсан шүү дээ. Энэ их барилга, газар тариалан, спорт, сургалт бүгдийг нь хариуцдаг хүн байсан. Тусгай хувийн тэрэгтэй. Дараа нь дарга маань дэвшээд, төмөр замд очсон. Би ч төмөр замын бүх дарга нарын тэргийг барьдаг болсон. Хамгийн сүүлд Р.Раш даргын тэргийг барьдаг байсан. Би бол ардчиллыг их дэмжинэ. Гэтэл Р.Раш дарга улаан коммунист шүү дээ. Тэгээд үзэл бодлын зөрчлөөс болоод хэсэг ажиллаж байгаад больсон. Дарга нар тэргэндээ суухаараа янз бүрийн л юм ярина. Гэтэл тэр болгоныг өөр үзэл бодол, сонирхолтой хүн сонсоод суувал гадагшаа задрах вий гэсэн болгоомжлол үүснэ шүү дээ. Тийм болохоор л намайг ажлаас халсан байх даа. Дараа нь С.Болд дарга Олимпийн хорооны дарга Д.Загдсүрэнгийн жолооч болгож, долоон жил хэртэй ажилласан. Тэгж давхиж яваад осолд орж, хөлөө тайруулж, төмөр хөл хийлгэсэн. Үе үе гацна шүү. (инээв) Тэгээд яахав, хүний амьдралын төөрөг ийм л байна. Үхэх болоогүй. Эцгийн насыг авбал урт насална шүү. Манай эцэг 98 хүрсэн. Дандар баатрын 17 дугаар морьт хорооны сэлэмт сумангийн дарга Данзан гэж хүн байсан. Түүхэн баримтат кинон дээр яндан дурангаар харж байгаа дэлдэн чихтэй, морьтой хүний дүрс хальт гардаг. Тэр чинь миний эцэг. Тухайн үед тулалдааны үеэр Дандар баатар, миний эцэг хоёр бүслэлтийг сэтлэн гарч байсан түүхтэй. Би эцэг эхээсээ 13-уулаа. Гэтэл 90-ээд оны дундуур бүгд янз бүрийн шалтгаанаар нас барсан. Тэрнээс хойш сэтгэл жаахан тавгүйтээд, бас дээр нь мөнгө төгрөгний асуудалд орооцолдсон. Тэгээд байсан бүх юм, гэр орноо хүртэл зарсан. Одоо гэр орон гэх юм байхгүй, хаа таарсан газраа бор хоног төөрүүлж, сэнгэнэтэл исгэрээд явж байна даа.

-Та гоё дуулдаг уу?

-Гоё ч гэх нь  хаашаа юм. Гэхдээ дуулдаггүй монгол хүн гэж байхгүй. Би Автобус баазын “Үүрийн цуурай” гэдэг хамтлагт басс гитарчин байсан. Бага наснаасаа сонирхож, өөрөө оролдсоор байгаад сурсан. Тэрнээс хэн надад зааж өгөх вэ дээ. Хамгийн түрүүнд гарын тавилтаа зөв сурчих юм бол асуудал байхгүй шүү. Шүдтэй байхдаа үлээвэр хөгжим оролддог байлаа. Энэ алиалагч Галсантогтох бид хоёр Говьсүмбэр аймгийн Жанжинчойр гэдэг газар бага насаа цуг өнгөрөөсөн юм шүү. Би бас жаахан гарын дүйтэй. Ургамал, модны мөчир, боргоцойг харж байгаад янз бүрийн бүтээл туурвина шүү дээ (инээв). Нэг хэсэг баахан кукла хийж байсан. Минж булган малгайтай, эрэгтэй эмэгтэй модон хүүхэлдэйнүүд хийж байсан. Юм юм л оролддог байв. Хийморьтой ч байлаа, золбоотой ч явлаа. Одоо тэгээд хадан гэрт л ойртоод байх шиг байна даа.

-Танай гэр бүлийн хүн байдаг уу?

-Манай гэр бүлийн хүн байхгүй болчихсон. Түүнийхээ талаар яримааргүй байна. Тэр хүний амьдралын шугам түүгээр, минийх үүгээр явах тавилантай л байж. Дурсах гэхээр сэтгэл эмтрээд уйлчих гээд байдаг юм. Тиймээс их ярихыг боддоггүй.

-Намын төв хороонд ажиллахад ямар байсан бэ?

-Тэр үед Намын төв  хороонд есөн гишүүн, 21 хэлтсийн эрхлэгч ажилладаг байсан. Шударга ч хүмүүс байж. Болдог л байлаа. Гэтэл одоо яав. Гишүүдийн тоо нь 76 болчихсон хэрнээ удирдаж чадахгүй л байна. Бод идсэн боохой шиг бондойж, хоорондоо хөл, гараа жийлцээд л явж байна. Би Ж.Батмөнх даргыг их хүндэлдэг. Маш зөв хүн байсан. Ноён нуруутай, Эгзэгтэй үед нь зөв шийдвэр гаргасан. Тэгээгүй бол Тяньмины талбай дээрх цуст яргалал манай энэ Сүхбаатарын талбайд болох л байлаа.

-Та Ю.Цэдэнбал, Л.Ю.Фила­това нартай хэр дотно байв?

-Тэдэнтэй ярилцаж, уулзаж байснаас биш тийм дотно байгаагүй. Би Бал даргыг хүндэтгэдэг. Ажаа мам гэж Филатоваг нэрлэдэг байсан шүү дээ. Их дайчин, шударга хүн байж. Түүний хийсэн бүтээсэн юм Монгол оронд маш их бий. “Найрамдал” зуслан байна. С.Бережнев дарга Монголд ирэх гээд би “Найрамдал” зуслан руу явах замыг нь янзлалцаж, засмал болгож байлаа. Ажаа мам Монголын ард түмний хүүхдүүдийн төлөө их ч зүйлийг хийсэн. Тэр үед Филатовагийн оролцоотойгоор байгуулагдсан энэ хүүхдийн паркийг одоо юу болгох гээд байна. Харамсмаар юм шүү. Бал даргын хувьд Варшавын гэрээний төлөөлөгчөөр Польшид томилогдож очиж, амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн дээ.

-Хүү Ц.Зориг нь “Сүүлчийн долоон жил” номондоо эцгийнхээ амьдралын сүүлийн жилүүдийн тухай их л гомдолтой бичсэн байдаг даа?

-Тийм ээ. Үнэхээр хүүгийнх нь бичсэн шиг л юм болсон байх. Гэхдээ Бал даргын хүүхдүүдийн хувьд монголчуудад нөлөөлж чадахгүйд хүргэсэн ганц зүйл нь хэл. Тэд нар монгол хэлийг нэвтэрхий мэддэггүй байсан. Тухайн үед Филатова өөрөө ч хатуу чанга хүн байж. Гэхдээ Улс төрийн товчооны гишүүдийн цайг нь хүртэл шалгадаг тусгай хүн байсан тэр үед тэгэхээс өөр аргагүй л байсан байх л даа. Монголын төрийг 40 жил удирдсан хүн сүүлд тэгж доройтсон нь харамсмаар. Би ч гэсэн цагтаа сайхан ажил хийж л явсан хүн. Гэтэл одоо ингээд гудамжинд сууж байна. Хамгийн сонин зүйл энэ л байна. Зурж болохгүй төөрөг гэж байдаг юм байлгүй.

-Та ардчилал гарснаас хойш юу хийж амьдрав?

-Компани удирдаж, банк  байгуулж явлаа. Ер нь үзээгүй юм байхгүй. “Бумба” гэдэг банкийг анх хэдэн нөхдийн хамт үүсгэн байгуулж байв. Анх нөөцийн сандаа 50 сая төгрөгтэйгөөр байгуулсан. Гэтэл өдөр, цаг тутамд шинээр гарч байсан хуулиудаас болж чадваргүй болж эхэлсэн. Дараа нь “Монгол хоршоо”-той нэгтгэж үзлээ. Бас л болоогүй. Тухайн үед манай дүү гол ажлыг нь нугалдаг байсан. Гэтэл өнгөрчихсөн. Тэгээд банк ч үгүй, юу ч үгүй л болсон. Банк байгуулах гэхээр тэр үед эдийн засгийн хавчлага гэдэг юм байж, их ч дарамталсан. Банкны үндсэн хөрөнгийг 50 саяар тогтоосон. Тэгснээ долоохон хоногийн дараа эргэлтийн хөрөнгөтэйгөө нийлээд 100 сая байх ёстой гэнэ. Дахиад хэсэг хугацаа өнгөрсний дараа 500 сая байх ёстой гээд бажигадуулна шүү. Ардчилал эхэлж байсан 1991 оны үед юм шүү. Тэр хэсэг хугацаанд “Буян”-гийн Жагаагийн компани, манай “Бумба” хоёр л байсан даа.

-Тэр үед та болон таны ойр дотны хүмүүст хэцүү байж. Гэтэл тогтолцоо задрах үед хүмүүс яаж хөлжсөн юм бол?

-Овсгоо. Тэд овсгоотой байж чадсан. Тэр үед Хятадын бараа Орост маш өндөр үнэ хүрдэг байсан. Юмны үнэ 5-10 дахин нугардаг байлаа. Хятадын нэг савхин хүрмийг Орост аваачиж зарахад үнэ нь дөрөв дахин нугарч байсан. Хоёр том гүрний дунд оршиж байгаа жижигхэн гүрний хүмүүс тийм овсгоотой л байх хэрэгтэй. Би ч тийм наймаа хийж явлаа. Хятадад очиж, “Жүди жүди” гэж үнийг нь буулгаж авсан бараагаа хойшоо аваачиж, вагон дамжин зарна. Тэгж явахдаа гоймон идэж гоймонгийн хүүхэд нэртэй болж л байв. Социалист системтэй байх үед тийм дамын наймааг тас хориглодог байсан. Доллар барьж яваад хүнд харагдвал байцаагдана. Манай гадаад валютын нөөц ч бага байсан юм.

-Ардчилал бидэнд юу өгөв?

-Ардчилал гарснаас хойш бид Чингис хаанаа тахин шүтэх боломжтой болсон. Бүх юм чөлөөтэй. Монгол Улс далайн түвшнээс дээш 1500 гаруй метрийн өндөрт оршдог улс. Ийм өндөрлөг газар байгаа хүмүүс ихийг бүтээх байлгүй дээ. Ардчилал гэдэг юм гарцаагүй ирэх учиртай гэдгийг Ж.Батмөнх дарга хүлээн зөвшөөрсөн. Бал дарга тэр үед зохих албан тушаалдаа байсан бол бас дэмжих л байсан. Капитализмийг алгасч болохгүй гэдгийг өнөөх агуу их Оросын удирдагч Горбачев хүртэл дэмжсэн шүү дээ. Үнэхээр Орос 15 улсаа багцалж барьсаар байх нь боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Гэхдээ социалист систем нь задарсан гээд Орос дектатураа алдаагүй. Өмнөд хөрш Хятад ч  мөн адил, иргэдээ  нэгдсэн нэг гараар зангидаж байна. Хэрэв манай Монгол тогтолцоогоо хадгалсан хэвээр зах зээлийн эдийн засагт шилжсэн бол өдийд арай өөр байх л байсан.

-Та хэр олон оронд очиж байсан бэ. Сэтгэлд хамгийн ойр үлдсэн нь хаанах вэ?

-Социалист тогтолцоотой орнуудад очиж байлаа. Би өмнө нь Тяньжинд тогоочийн сургуульд сурч байсан. Хоол гэдэг юманд баргийн хүнийг гаргуулахгүй шүү. Надад хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нь Хойд Солонгос. Пхьенянд очиж байлаа. Гудамжинд нь ганц ширхэг шүдэнз ч байхгүй тийм л цэвэр цэмцгэр газар байсан юм. Хүмүүс нь “Ким Ир Сений төлөө!” гэж байгаад л өчүүхэн жижиг хогийг ч аваад хогийн сав руу хийчихнэ. Үзэл суртал гээч юм байсан л байх. Гэхдээ гол нь эх орноо гэх сэтгэл, ухамсар төлөвшинө гэдэг чухал. Гэтэл манай одоогийн залууст тийм юм байхгүй. Гудамжинд бие засна, хогоо  хаяна. Уг нь эх орон гэдэг зүйл хогийн савтай харьцаж сурахаас л эхлэх учиртай юм шүү дээ.

-Та яаж Хойд Солонгос руу явсан юм бэ?

-Тэр үед Филатовагийн зохион байгуулж байсны ачаар манайхаас Хойд Солонгост урлагийн тоглолт зохиохоор хүмүүс очдог байв. Тэнд нь манай Бүх цэргийн чуулгынхан ордог байсан юм. Тэднийхэн ч Монголд ирдэг байж.

-Хүмүүс мэргэлүүлэхдээ ихэвчлэн юу асууж байна?

-Залуу хүүхдүүд ямар сургуульд орох вэ, сургалтын төлбөрөө яаж олох вэ гэж асууна. Мэргэ зөв, буруу байх эсэх нь чухал биш. Гол нь итгэх итгэхгүй нь л чухал. Залуусын хувьд оюутан байх хугацаандаа сурсан шиг л сурах хэрэгтэй. Үзэл суртал хүчтэй байх үед хэлдэг байсан тэр үгийг дахиад хэлчихье. Эх орон залуус та нарыг хүлээж байна гэж.

-Та энд өдөрт хэр олон цаг суудаг вэ?

-Өглөө долоо, найман цагийн үеэс эхлээд оройны найман цаг хүртэл сууна. Оройхон тийшээ Сүх жанжины хөшөөний орчимд хүн их цугларах үед нь очно. Өдөрт дор хаяж 3000 төгрөг олно шүү. Тэрийгээ хоол ундандаа зарцуулчихна. Хүн уг  нь сайн хооллож байх хэрэгтэй. Хогийн пункер ухаад явбал би ч ходоодгүй болох байх. Группын 84 мянган төгрөгөө авна. Түүнийгээ бас л хоол ундандаа зарцуулна. Одоо мөнгө хурааж, цуглуулаад ч юу хийх юм билээ. Дараа жил 60 насыг зооглож, тэтгэвэр авч эхэлнэ шүү дээ.

-Та эмнэлэгт хэр их үзүүлдэг вэ. Нас дээр гарч байгаа болохоор бие тань өвдөх үе гарах уу?

-Эмнэлэгт бараг очдоггүй. Би ургамал түүж их иддэг. Зуны цагт уул хадаар их алхана. Биеийн эрүүл мэндэд сайн. Нохойн хошуу түүж, буцалгаж ууна. Дотор таван цулын эрхтэнд маш сайн. Зулзган халгай цавчиж аваад хуушуур хийгээд идчихнэ. Дотор халуун, хий, бадгана бүх юманд л сайн. Бор халзан туулайн зүрх аваад идчихнэ. Зүрхэнд их сайн. Манай Монгол орны байгаль маш баян. Үүнийгээ зөв ашиглах хэрэгтэй. Түүнээс туулайн зүрх сайн гээд хөөрхий хэдэн дэлдэн чихтээ бүгдийг нь бүлтэлзүүлээд байвал ямар хэрэг байх вэ дээ. Ер нь хүн өөртөө арчаатай явах хэрэгтэй. Гэтэл С2Н6 уугаад даналзаад явбал бие гэхээр юм үлдэхгүй шүү. Хэмжээгээ мэдэж байх нь чухал.

-Та наадмаар яаж баярласан бэ. Бөхийн барилдаан үзэв үү?

-Үзэлгүй яахав. Стадионд үзсэн. Билетгүй зүгээр л орчихно шүү. Шалгагч хүнтэй нь эвтэйхэн харьцаж, “Өвөө нь бөх үзэх гэсэн юм” гээд учирлахад “За та ор, ор” гэж хариулна. Олон газар явж их юм үзсэн хүн байна даа, хүнтэй яаж харьцахаа мэднэ шүү. Хүнд юу өгнө, түүнийгээ л буцааж авдаг. Эвтэй сайхан харьцахад буцах хариу нь мөн адил байна.

-Таныг энд сууж байхад дээрэлхэх хүн олон гарах уу?

-Байлгүй яах вэ. Өдрийн орлогыг минь авчихна. Тэр болгонд цагдаад хандах ямар ч хэрэггүй. Хандлаа ч тэд нар бүртгэж авчихаад мартчихна шүү дээ. Харин оронд нь өнөөх дээрлэхээд байгаа хүмүүстэйгээ тохиролцож, хааяа мөнгө өгдөг болчихвол хавьгүй илүү. Тэд нар архинд толгойгоо мэдүүлчихсэн улс л байдаг.

-Таны амьдралын хамгийн дурсамжтай үе хэзээ байсан бэ?

-Бүгдийг хийе, бүтээе гэж оролддог байсан залуу нас минь. Хамтлаг байгуулж үзлээ. Хөгжим дарж,  бүжиг дэглэж ч  явлаа. Одоо энэ урлагийн томчууд бо­лох  Д.Ухнаа, С.Сүхбаатартай найзууд байв шүү. Циркт алиалагч ч хийж байсан. Миний амьдрал сонин түүхтэй шүү. Нэг удаа Х.Чойбалсангийн хөшөө рүү найзтайгаа хамт явж байгаад будаг цацчихсан. Тэгсэн цагдаа хүрээд ирэнгүүт нь “Ямар бүтэлгүй нөхөр ингээд будаг цацдаг байна” гээд арчаад зогсч байв. Инээдтэй шүү. Манайх 1990 он гарснаас хойш социалист системийн төлөөлөл болсон хөшөөнүүдийг устгасан нь их буруу зүйл болсон. Хэрэв энэ Төв номын сангийн урд байсан Сталины хөшөөг унагаагүй байсан бол өдийд жуулчдын сонирхлыг татах нэг том зүйл болох л байж. Өнөөдөр гүржүүд тэр үеийн дурсгалаараа гадныхны анхаарлыг татаж байна шүү дээ.
 
-Ярилцсанд баярлалаа.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж