Бэлтэсийн голд живсэн машинтай иргэдээс нэг нь л амьд үлджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Бэлтэсийн голд живсэн машинтай иргэдээс нэг нь л амьд үлджээ

Бэлтэсийн голд живсэн машинтай иргэдээс нэг нь л амьд үлджээ

Ойрын өдрүүдэд бороо ихээр орж, голын усны түвшин нэмэгдэж байгааг холбогдох байгууллагаас тогтмол анхааруулсаар буй. Аялал зугаалгын сар дундаа орсон ч Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдэж буй дуудлага мэдээллийн дийлэнх нь үер усны осол байна. Тус газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.


БЭЛТЭСИЙН ГОЛД  4-49 НАСНЫ ТАВАН ИРГЭН ЭНДЭВ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг, Бэлтэсийн ам дахь Бөштигийн рашаанаас сумын төв рүү автомашинаар зорчиж явсан иргэд өнгөрсөн лхагва гаригт Бэлтэсийн голын усанд живсэн. Живсэн “Ланд круйзер-80” автомашинд 4-49 насны зургаан хүн сууж явсан байна. Автомашин урсах явцад 26 настай, хөл хүндтэй бүсгүй зориг гарган бууж, явганаар гол гатлан нөгөө эрэгт нь гарсан гэнэ. Улмаар Хатгал тосгоны Онцгой байдлын хэлтэст дуудлага өгсөн аж. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын болон Цагдаагийн газрын алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнууд долдугаар сарын 17-нд ослын газарт очжээ. Ингээд тухайн өдрийнхөө 09.40 цагт дөрвөн настай Т-ын цогцсыг автомашины тээшнээс гарган авсан гэнэ. Мөн ослын цэгээс 6-13 км-ийн зайтай газраас 49-тэй Б, 48-тай С, 20-той Б, 10 настай Б-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГОЛ ГАТАЛЖ ЯВААД ЖИВСЭН ИРГЭНИЙГ ХАЙЖ БАЙНА

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гаталж, сураггүй болсон иргэнийг дөрөв дэх өдрөө эрэн хайж байна. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат 34 настай, эрэгтэй Г нь  Дэлгэрмөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлага энэ сарын 17-нд Онцгой байдлын газарт бүртгэгдэж, эрэн хайх ажлыг эхлүүлээд байна. Одоогоор эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй байгаа юм.

ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН БАЙЖЭЭ

Нүхэн жорлонд гурван настай хүүхэд унасныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Дорнод аймгийн Хэрлэн суманд иргэн Г-ын хашаанд  3 настай эмэгтэй  Г нь гурван метрийн гүнтэй жорлонд унасан байж. Хүүхэд жорлонд унасан тухай дуудлага өчигдөр орой 20:35 цагийн үед Онцгой байдлын газарт ирснээр аврах ангийнхан 20:42 цагт очиж хүүхдийг гарган авсан байна.

ХҮЧТЭЙ САЛХИНД ХОЁР АЙЛЫН ГЭР НУРЖ 5 ХҮН БЭРТЖЭЭ

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд  хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нурж таван хүн бэртсэн байна. Өчигдөр өглөө 10:30 цагийн орчимд салхины хурд 20 м/с хүрч иргэн З, С нарын 6 ханатай гэр нурж насанд хүрсэн 5 хүн бэртжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж