Улсын хэмжээнд он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 6, батлагдсан 3 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийтдээ 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байна. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд тавьж буй хяналт шалгалтын талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2020.07.20/ мэдээлэл хийлээ.
ТАРВАГАНЫ МАХ ИДСЭНЭЭ НУУН ОНОШОО ТӨӨРӨГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлсээр байгаа ч тарваганы мах идэх, хууль бусаар агнах тохиолдол гарсаар байгааг ЗӨСҮТ-өөс анхааруулав. Тус төвийн мэдээлснээр Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд, Булган аймгийн Хишиг өндөр суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Тухайлбал, өчигдөр дахин тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Булган аймгийн Хишиг өндөр суманд тарваганы мах идсэн иргэн замдаа цайны газраар орж Улаанбаатар хотод ирснийхээ дараа нь 103-т дуудлага өгч ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Тус төвийн мэдээлснээр зэрлэг амьтнаас өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг анхааруулав.
Сүүлийн жилүүдэд гарч буй тарваганы мах агнасан тохиолдлууд хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглаж байгаад амь насаа алдсан тохиолдол олон бүртгэгдснийг анхааруулав. Тиймээс иргэд тарваганы мах идсэн бол нууж, оношоо төөрөгдүүлэхгүй байхыг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах сэрэмжлүүллээ. Тэрбээр "Тарваганы мах идсэнээ нуун, оношоо төөрөгдүүлж, эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлд оруулсан тохиолдол гарсан. Иргэд хайхрамжгүй байдлаасаа болж тарваган тахлаар өвдөж байна. Улмаар эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Тарваган тахлын эрсдэлд өртсөн тохиолдлууд илэрч байна.Тарваганы махыг хүнсэнд хэрэглэхээс гадна эрүүл мэндэд сайн гэх ташаа мэдээлэлд итгэж болохгүй" гэлээ.
ТАРВАГАНЫ НОЙТОН ТУЛАМ ХОТ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН 120 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЭВ
Нийслэлийн цагдаагийн газраас тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байгаа юм. Ингэхдээ жолооч нарын тээшинд шалгалт хийж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 120 нойтон тарвага нэвтрүүлэх зөрчил бүртгэгдсэн байна.
НЭН ХОВОР АМЬТАД АГНАХ ТОХИОЛДОЛ ГАРСААР БАЙНА
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн онд хууль бус ан агнууртай холбоотой 100 гаруй зөрчил илрүүлжээ. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 30 орчим зөрчил гарч, холбогдох хуулийн хариуцлага тооцжээ. Тухайлбал, саарал чоно, бор туулай, зэрлэг гахай, хойлог шувуу, тул загас зэрэг нэн ховор амьтан хууль бусаар агнасан байна.
ТУУЛ ГОЛД ОСОЛДСОН 11 НАСТАЙ ХҮҮГ 7 ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА
НОБГ-аас тарваган тахлаас урьдчилан сэргийлэхээс гадна үер усны аюулаас болгоомжлохыг сануулав. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд усанд осолдсон 20 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс бага насны хүүхэд усанд осолдох тохиолдол их байгааг анхааруулав. Тухайлбал, Туул голд осолдсон 11 настай хүүхдийг эрэн хайх ажил долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тухайн хүүхэд эцэг эхтэйгээ голын эргээр амарч байхдаа осолджээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ