Ж.Золзаяа: Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж болдог санг Монголд анх удаа байгуулахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

Ж.Золзаяа: Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж болдог санг Монголд анх удаа байгуулахаар ажиллаж байна

Ж.Золзаяа: Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж болдог санг Монголд анх удаа байгуулахаар ажиллаж байна

“Ард Секюритиз үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Ж.Золзаяатай ярилцлаа. Брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үндэсний ууган компанийн нэгийг удирдаж яваа түүнтэй “Ард Секюритиз”-ийнхний сүүлийн үед хийж, төлөвлөж буй ажлынх нь талаар сонирхсон юм. 1997 онд байгуулагдсан, 2013 оноос Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болсон “Ард Секюритиз” харилцагчдадаа олон улсын жишигт нийцсэн, шинэ, дэвшилт үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэдгийг харилцагчид болон салбарынхан нь андахгүй. Өдгөө тэд 83 мянга гаруй иргэнд үнэт цаасны арилжаанд оролцох дансыг нээж, 20 гаруй аж ахуй нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт босгох болон нэгдэх, нийлэх үйл ажиллагаанд зуучлагчаар оролцоод буй.

Мөн Ж.Золзаяа хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүмүүст хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.     

Ард Санхүүгийн Нэгдлийн нээлттэй бондыг гаргана

“Ард Секюритиз”-ийн хамт олон яг одоо ямар ажилд төвлөрч, хэрэгжүүлж байна вэ?

-Одоо манайх андеррайтерын тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн нээлттэй бондыг гаргахаар ажиллаж байна. Бид шаардлагатай бүх материал, бичиг баримтаа бэлдээд Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд өгчихсөн. Нээлттэй бонд нь биржээр арилжигдах учир хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн юм. Түүнээс гадна хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж болдог санг Монголд анх удаа байгуулахаар манай Ард Менежментийн багийнхан маань ажиллаж байгаа.

Манай компани энэ он гараад гадаад арилжаанд харилцагчдыг зуучлах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монголын хөрөнгийн бирж бус, гадны, Хонконг, Лондон, Нью-Йорк гээд хаанаас ч хамаагүй хүссэн компанийнхаа хувьцааг авах боломж нээсэн. 8 сарын 1-нээс энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, харилцагчдаа татахаар ажиллаж байна. Судалгаа  авч, сургалтад сууж байсан хүмүүсийн хувьд ирэх сарын 1-нээс шууд арилжаанд орох боломжтой гэсэн үг. Коронавирусийн улмаас эрсдэлээ тооцож, холбогдох тооцоо, судалгаанд түлхүү төвлөрөн ажиллалаа. Гадаад арилжаанд зуучлах тусгай зөвшөөрөлтэй зургаа, долоон компани л бий.

Мөн энэ оны дөрөвдүгээр сараас Монголын хөрөнгийн биржийн арилжаа нь өөр горимд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор манай компани ч төлбөр, тооцооны системдээ өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, манай харилцагчид эскроу дансны шаардлагагүйгээр арилжаа хийх боломжийг салбартаа анхдагч болгон бүрдүүлээд буй. Өнөөдөр үнэт цаасны 52 компани үйл ажиллагаа явуулж байгаагаас ингэж номинал дансаараа харилцах боломжтой нь 10 орчим л байгаа. Өмнө нь манай харилцагч банканд эскроу буюу гурвалсан данс заавал нээдэг байсан. Тэр данснаас мөнгөө авахын тулд брокер, банк болон харилцагчийн өөрийнх нь зөвшөөрөл шаардлагатай. Хувьцааны арилжаанд орох бол тэр данс руугаа мөнгө хийдэг байсан. Одоо харилцагчид маань номинал буюу манай данс руу мөнгөө хийж, арилжаанд орох боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, заавал банкан дээр очилгүй, зайнаас номинал дансаараа дамжуулан оролцож болно. Түүнчлэн, “Ард Аппликейшн”-д үүсгэсэн харилцах данс руу мөнгөө хийгээд л  харилцагч өөрөө  “Үнэт цаас” цэсээр нэвтрэн, хүссэн компанийнхаа хувьцааг шууд авах боломжтой болсон байгаа. Харилцах дансаа цэнэглээд, захиалгаа өгөхөд л хангалттай. Таны худалдан авах арилжааны захиалга биелбэл мөнгө нь хасагдана. Хэрэв зарах захиалга өгсөн бол шууд тэр данс руу мөнгө нь орох юм. Ногдол ашгаа ч хянах боломжтой.

-Хөрөнгө оруулалтын сангийнхаа талаар тодруулахгүй юу?

-Ийм төрлийн сангийн менежмент, удирдлага гээд ярихаар гадаадын улс, оронд байгаа хүмүүс андахгүй. Ядаж л тэтгэврийн сангийн тогтолцоо бүрдчихсэн байдаг. Аль компанийн, ямар хувьцаа сонгохоо мэдэхгүй, чадахгүй байгаа хүмүүс уг сангийн хувиас эзэмшээд, мөнгөөрөө хөрөнгө оруулна гэсэн үг. Сангийн менежментийг туршлагатай сангийн менежерүүд нь зөв зохистой удирдаж, арвижуулаад, ашгаа тараагаад явна. Сан маань энэ жилдээ гарчихна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд сан үүсгэн байгуулахтай холбоотойгоор аль аль талдаа суралцаад явж байна. Хөрөнгийн бирж журмуудаа саяхан шинэчлэн баталсан. Бид санг 10 жилийн хугацаатай байгуулах гэж байгаа. Улмаар жил бүр төдөн хувийн өгөөж хүртээнэ гэдгээ амлаад явна гэсэн үг. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд харьцангуй эрсдэл багатай гэж хэлж болно.  Сан бол шалгарсан бүтээгдэхүүн. Жирийн ард иргэд, цаг зав байхгүй, хөрөнгийн зах зээлд оръё гэсэн ч хаашаа гэдгийг нь мэдэхгүй хүмүүсийн хувьд уг санд хөрөнгө оруулах боломжтой. Минут тутамд хөрөнгийн биржийн самбарыг хараад сууж байдаг хүмүүс нь брокер, дилерүүд шүү дээ. Сангийн хувьд бирж дээр хувьцаат компани шиг арилжигддаг учраас хүссэн үедээ аваад зарж болно. Гэхдээ сан учраас урт хугацаанд хөрөнгө оруулах нь зүйтэй.

Хүний зан төлөвт суурилсан хөрөнгө оруулалтын санал тавьж эхэлсэн

-Хувьцаа худалдан авахаар хошуурч байгаа хүмүүсийн нэлээд нь богино хугацаанд өндөр ашиг олохыг зорьж байгаа учраас тогтвортой байж чадахгүй байна уу?

-IPO хийхээр гарангуутаа л өсөөд байна гэх хүлээлт хүмүүст хэсэг үүссэн байсан. Гэтэл тодорхой хэмжээнд хүрээд паниканд ороод бүгд зараад эхлэнгүүт ханш нь унадаг. Тэр үед богино хугацааны ашиг харж байсан хүмүүс алдана. Ер нь сүүлийн үед IPO хийх үеэр богино хугацааны ашиг хайсан хүмүүс орж байгаа нь ажиглагдсан. Тиймээс ч бид хүмүүст зөвлөдөг. Жишээ нь, одоо манайх хөрөнгө оруулалтын багцын үйлчилгээг тухайн хүний зан төлөвт суурилж санал болгож байгаа. IPO-ны талаар гэнэт сонсоод, хүмүүсийг дагаад орчихсон хүмүүсийн хувьд богино хугацааны ашиг хайгаад байгаа юм. Хувьцаа гэдэг бол урт хугацааны үнэ цэнийн хөрөнгө оруулалт гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Сонирхолтой сонсогдож байна. Зан төлөвт нь суурилж үйлчилгээ үзүүлнэ гэдгээ тодруулахгүй юу?

Жишээ нь, хэдий хугацаанд, хэр их хэмжээний хөрөнгө оруулмаар байгааг нь асуулгаар тодруулаад багц санал болгож байгаа. Ингэснээр харилцагчид маань илүү бэлтгэгдэж байгаа юм. Асуулгатай нь манай ips.ard.mn цахим хуудсаар танилцаарай. Харилцагчийн нас, хүйс, эрсдэл даах чадвар, хувьцааны ханш унахаар зарах уу, эсвэл бариад сууж байх уу гэх мэт сонирхолтой асуулт тавьдаг. Мөн өөрийнх нь хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бүтээгдэхүүний талаар асууна. Улмаар зөвлөхтэй арилжаанд оролцмоор байгаа, эсэхийг нь тодруулна. Ингэхдээ хөрөнгө оруулалтын зорилгыг нь асуудаг. Урт хугацаанд хөрөнгө оруулах гээд байна уу, эсвэл 3-5 жил буюу дунд хугацаанд сонирхож байна уу гэх мэт асуулт бий. Магадгүй зүгээр л нэмэлт орлого  олмоор байгаа юм уу. Эсвэл бүр тэтгэврийнхээ хуримтлалыг бэлдээд байна уу. Цаашлаад сар, улирал бүр хөрөнгө оруулж чадах уу гэж асуухаас гадна хөрөнгө оруулалтын мэдлэгийг бас шалгадаг. Түүнчлэн хөрөнгө оруулах үед хөрөнгө оруулалт нь үнэ цэнээ алдаж байна уу гэдэгт илүү санаа зовоод байна уу гэдгийг ч анзаарах асуулт бий. Энэ нь эрсдэл даах чадварыг нь тодруулах зорилготой. Гадаадын хөрөнгийн зах зээл дээр байгаа хувьцаануудад хөрөнгө оруулахаар байна уу, эсвэл зөвхөн дотооддоо, тэтгэврийн хуримтлал үүсгээд, бонд, хадгаламж аваад явж байсан нь зүгээр үү гэдгийг нь тооцдог. Ингээд асуулгыг бөглөсний дараа өөрийнх нь цахим шуудангаар тухайн харилцагчид тохирсон багцын талаарх мэдээлэл очих юм.

-“Ирээдүйн эзэд” хүүхдийн хувьцааны багц танай онцлох бүтээгдэхүүн болсон байна лээ.

Тийм ээ, эцэг, эхчүүд хувьцааны үнэ цэнийг ойлгож, хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулж багаас нь хөрөнгө оруулж, санхүүгийн мэдлэгтэй болгож байгаа нь сайн хэрэг. Үүний хүрээнд “Ард Санхүүгийн Нэгдэл”, “Ард Даатгал”, “Ард Кредит” гэсэн гурван компанийн хувьцааг багцлаад авах боломжтой. Уг багцдаа тулгуурлан “Хувьцаатай хүүхэд” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд аян маань Хүүхдийн баярыг тохиолдуулан 10 орчим хоног үргэлжлэхэд 200 гаруй хүүхэд хамрагдсан. Энэ гурван компанийн хувьцаа эзэмшигчид 200 гаруй хүүхдээр нэмэгдсэн гэсэн үг. Тэдний дунд өлгийтэй хүүхэд ч байсан. Хөдөө, орон нутаг, гадаадаас ч эцэг, эхчүүд холбогдож, хүүхдүүддээ хувьцааны багц авч өгсөн. Тэд 18 нас хүрэхдээ тэрбумтан болох ч боломжтой. Зөвхөн манай хувьцаа эзэмшигчдийн хүүхэд гэлтгүй янз бүрийн хүмүүс хандсан. Багц маань хэдийд ч авахад нээлттэй байгаа тул хоцорсон гэж бодолгүй манай дээр ирэн мэдээлэл авах боломжтой.

Хувьцаа аваад мартчихна гэж үзэж байгаа бол одоо яг авдаг цаг нь

-Үнэт цаасны компани чухам ямар үйл ажиллагаа явуулдгийг та мэргэжлийн хүний хувьд тайлбарлахгүй юу. Брокер, андеррайтер гэх мэт ойлголтын агуулга, ялгааг ойлгохгүй хүн байж болох юм.  

-Анхлан сонирхож буй хүмүүст энгийнээр тайлбарлахыг хичээе. Брокерын үйлчилгээ гэдэг нь хөрөнгийн зах зээл, биржээс хувьцаа болон бонд авч, хөрөнгө оруулалт хийхэд нь зуучлахыг хэлж байгаа юм. Жишээ нь, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар манай харилцагчийн тоо 83 мянга болсон нь өмнөх жилээс 20 мянга гаруй хүнээр нэмэгдсэн гэсэн үг. Тэдгээрийн дийлэнх нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаатай холбоотойгоор брокерын данс нээлгэсэн. Уг дансаар дамжуулан хувьцаа авч, зарахаас гадна ногдол ашгаа авдаг.

Бид хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээнийхээ хүрээнд харилцагч нартаа хааш нь хөрөнгө оруулалт хийвэл зохимжтой талаар судалгаа, шинжилгээ хийж, түүнийгээ танилцуулан, тайлбарлан таниулахын тулд сургалтууд явуулдаг. Сургалтууд маань төлбөртэй ч маш бага. Сургалтад суусан хүмүүст үнэт цаасны дансыг нь үнэгүй нээж өгдөг учраас бараг л төлбөргүй гэсэн үг. Долоо хоног бүр “Сентрал тауэр” салбарт бондын сургалт болдог. Мягмар гараг бүр “Ухаалаг хөрөнгө оруулагч” сэдвээр анхан шатны, суурь ойлголтуудыг цахимаар тайлбарладаг. Үүнд хамрагдахын тулд манай пэйж хуудсанд хандахад л хангалттай. Зөвлөгөө авъя гэвэл манай шинжээч нартай уулзаж, хувьцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг хоёр салбар дээр хүрч ирээд авах боломжтой.

Андеррайтер гэдэг нь нэг талдаа санхүүжилт хэрэгтэй байгаа компаниудад хөрөнгө босгоход нь тусалдаг, нөгөө талдаа хөрөнгийн илүүдэлтэй олон нийтэд тухайн компанийн тухай мэдээллийг өгөн хөрөнгө оруулахыг санал болгох үйл ажиллагааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ компани хөрөнгө босгох гэж байна гээд ийм үйл ажиллагаа явуулдаг, бонд гаргаж байгаа нь төдөн хувийн өгөөжтэй, тийм бүтээгдэхүүн байна гэх мэтээр манайд ирж байгаа харилцагч нарт санал болгодог юм. Андеррайтерыг ерөнхийд нь зуучийн компани гээд ойлгочхож болно. Гол нь хөрөнгө оруулагч нарыг хөрөнгө шаардлагатай байгаа компани, ААН-д зуучилж өгдөг.

-Тэгвэл хувьцаа, бонд гэж юу вэ? 1072 хувьцаа, “Чингис”, “Самурай” бонд гээд ярихаар хүмүүс мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй. Нөгөө талаас хувьцаа болон бондоос ашиг, өгөөж хүртэх боломжтойг хүмүүс мэддэг болчихсон юм шиг ээ.

-Хувьцаатай байна гэдэг нь компанид хувь эзэмшиж буй хэрэг. “Ард Санхүүгийн Нэгдэл” гэхэд л 4,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Тэдгээрээс хамгийн дээд тал нь 10 хувийг л эзэмшдэг, тархсан бүтэцтэй. Нэг ширхгээс сая хүртэл хувьцаатай олон хүн байна. Хувьцаатай болсноор тухайн компанийнхаа эзэн нь болж, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь эзэмшин, тэр хэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд саналын эрхтэй байна. Компани нь ашигтай ажиллаж, ногдол ашиг тараавал оруулсан хөрөнгийнхөө хэмжээнд тааруулан хувиа авах боломжтой. Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцаат компаниуд жилд нэг удаа буюу тайлант 12-р сар дууссаны дараа ногдол ашиг тараах, эсэхээ шийддэг.

Хувьцаанаас ашиг хүртэх өөр нэг арга бий. Хувьцааг хямдхан байхад нь авч, үнэтэй үед нь зарж, ханшийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой. Жишээ нь, одоо коронавирусийн улмаас ихэнх компанийн хувьцааны ханш унаж байна. Өмнөх онд буюу цар тахлаас өмнө үнэ нь гайгүй байхад аваад одоо зарвал алдагдалтай. Гэхдээ удаан хугацаанд барьж, үнэ нь өндөр болсон үед зарвал ашиг хүртэж чадна. Ханшийн зөрүүнээс ашиг хүртэхэд хугацаа нэлээд шаардагдана. Ерөнхийдөө хувьцааг урт хугацаанд, үнэ цэнийн хөрөнгө оруулалт байдлаар авдаг. Ингэхдээ хувьцааг нь сонирхож байгаа компанийн үйл ажиллагааны чиглэл, салбар, холбоотой бүх мэдээллийг нь байнга олж харж, өөриймсөг хандах хэрэгтэй. Жишээ нь, Ард Санхүүгийн Нэгдэл олон охин компанитай. Хувьцаат компани учраас охин компаниуд нь ашигтай ажиллахын хэрээр толгой нь ашигтай байж, үйл ажиллагаа нь сайжирна. Иймд Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч бол охин компаниудынх нь бүтээгдэхүүнийг авч, үйлчлүүлэхийг илүүд үзэх болдог. Өөрөө өөртөө хөрөнгө оруулж, хувьцааг нь эзэмшдэг өөрийнхөө компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгох нь зүйн хэрэг биз дээ.

Хувьцаагаа компаниуд хэрхэн бирж дээр гаргадаг вэ гэвэл, тухайн компани өөрийнхөө тодорхой хувийг зарж, ингэхдээ IPO байдлаар буюу хаалттай ХХК-аас хувьцаат компани болж, бирж дээр олон нийтэд өөрийн компанийн хувиа санал болгодог. Хэдийн хувьцаагаа санал болгосон компаниуд нэмэлт хувьцаа гаргаж болно. Ингэж компани талаасаа өөрийнхөө тодорхой хувийг зарахаас гадна бондоор буюу өрийн бичгээр хөрөнгө босгож болно. Тухайн компани эх үүсвэр татмаар байгаа ч хувиа зарах бодолгүй байж болно шүү дээ. Зээл авъя гэхээр банкны хүү жилийн 24 хувийн хүүтэй байдаг. Үүнээс арай бага хүүтэйгээр хөрөнгө босгох арга нь бонд. Одоогоор хаалттай бондын хүү дунджаар 18 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй байгаа мөнгөө ард иргэд, олон нийтээс зээлж байгаа юм. Компанийн хувьд хавьгүй хямд эх үүсвэр болно шүү дээ. Нөгөө талаас тухайн бондыг худалдаж авч байгаа хүний хувьд мөнгөө банканд 13 хувийн хүүтэй хадгалуулснаас 18 хувийн зээлүүлэх нь илүү өгөөжтэй. Жишээ нь, 2017 онд “Сүү” компани нэг жилийн хугацаатай 17 хувийн хүүтэй зургаан тэрбум төгрөгийн бонд гаргаад дууссан. Энэ мөнгийг ард нийтээс босгоод буцаагаад жилийн дотор төлчихсөн. Бонд нь нэг талд байгаа хөрөнгө оруулалт буюу мөнгөний илүүдэлтэй хүмүүс, нөгөө талд буй хөрөнгийн дутагдалтай компанийг хооронд нь уулзуулж байгаа хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн юм. Бондыг компаниас гадна Засгийн газар гаргаж болно. Компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэж бонд гаргадаг бол Засгийн газрын хувьд томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, өрийг өрөөр дарах зорилготой байж болно.

Бонд нь нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрөл бий. Нээлттэйг нь биржээр арилжаалдаг. Дээр дурдсан, удахгүй гаргах гэж буй Ард санхүүгийн нэгдлийн бонд бол нээлттэй. Харин хаалттай бонд биржээр дамждаггүй. Андеррайтер нь хаалттай хүрээнд, олон нийтэд зарлахгүйгээр буюу харилцагч нартаа л санал болгодог гэсэн үг. Хаалттай бондын хүү нээлттэйг бодвол арай өндөр байдаг. Мөн бонд нь ихэвчлэн гурван сараас хоёр жил хүртэл хугацаатай байна. Банканд хүү төлдөг шиг купон төлөлт гэж бий. Бондын хүүг купон гэж нэрлээд байгаа юм.

-Та энэ чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр дөрвөн жил ажиллаж байна.

-Энэ хугацаанд ямар өөрчлөлт ажигласнаа мэргэжлийн хүний хувьд хэлбэл?

-Дөрвөн жилийн өмнө манайх анхдагч болон сургалт зохион байгуулж байлаа. Тэр үед хүмүүс хөрөнгийн зах зээлээс ашиг олох боломжтойг хараад манай сургалтуудад маш идэвхтэй оролцдог байсан. Тэр үед сургалт хийдэг газар ч цөөхөн байж. Тухайн үед манай сургалтад суусан хүмүүсээс ашигтай хөрөнгө оруулалт хийсэн хүн цөөнгүй бий. Энэ хугацаанд 1072 хувьцаа, шинээр олон IPO хийж, маш олон бүтээгдэхүүн бирж дээр гарсан. IPO болох бүрт оролцогчийн тоо нэмэгдэж, 1072 хувьцаатай холбоотойгоор хоёр сая иргэн дансаа нээлгэчихсэн байна. Тухайн үед сая орчим иргэн л данстай байсан болов уу. Өөрөөр хэлбэл, сонирхож байгаа хүмүүсийн тоо, мэдлэг, ядаж нэг удаа ч болов хувьцаа, бондын талаар сонссон хүний тоо нэмэгдсэн, илүү идэвхтэй болсон.

Гэхдээ арилжааны хувьд одоохондоо дөнгөж хөгжиж байгаа учраас, шинээр орж ирж буй хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалтын зан төлөв нь хараахандаа тогтоогүй байна. Үндсэндээ сүүлийн таван жилд л манай компаниуд идэвхтэй IPO гаргаж, тэр хэрээр хөрөнгө оруулагчид нь алдаж, онож яваа. Цаашид хөрөнгийн зах зээл хөгжих боломж асар их бий. Хөрөнгө оруулалтын сан, компаниуд банкнаас зээл авалгүй, нээлттэй бондууд байнга гаргаад явбал хөрөнгө оруулагчид зөвхөн банк, хадгаламжаас хамааралгүйгээр хөгжих, тэлэх, ашиг хүртэх боломжтой.

-Цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байна. Яг ийм үед та юу гэж зөвлөх вэ?

-Одоо нэлээд компанийн хувьцаа уналттай байна. Зөв компаниа олоод хувьцааг нь хямд байгаа дээр нь авах боломжтой. Хувьцаа бол үнэ цэнийн, урт хугацааны хөрөнгө оруулалт гэж дээр хэлсэн. Хувьцаа аваад мартчихна гэж үзэж байгаа бол одоо яг авдаг цаг нь мөн. Гэхдээ ашигтай ажиллана гэж бодож байгаа компанидаа хөрөнгө оруулах ёстой. Технологийн, интернэтэд суурилсан, эсвэл өдөр тутмын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд цаашид өсөх боломжтой. Салбар нь маш чухал. Бонд авч үзээгүй бол сонирхоход гэмгүй.

Ташрамд дурдахад, “Ард Секюритиз”-ээс зохион байгуулж ирсэн “Шинжээчийн цаг”-аар “Ард Санхүүгийн Нэгдэл”, “Ард Даатгал”, “Ард Кредит”, “Ард Лайф” болон “Ард Актив” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны тайланг энэ долоо хоногийн турш өдөр бүр 15.00 цагаас ярилцаж, шинжлэхээр төлөвлөжээ.

 Б.Номин

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж