Гацууртын ордыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Гацууртын ордыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Гацууртын алтны орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм.

Засгийн газрын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай ярилцсаны үндсэн дээр Гацууртын орд дахь төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах шийдэлд хүрсэн юм.

Уул уурхайн сайдын тайлбараар уг ордыг ашигласан нөхцөлд Монгол Улс рояльтын 3 хувийн татвар авна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Мөн жилдээ 5 тонн алтыг төв банкинд тушаана. Своп нөхцөлөөр тушаасан нөхцөлд 189 сая ам долларын орлого бүрдэх юм байна.

Мөн ордоос 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдана. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоо байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Гацууртын ордыг ашиглахад хүнцэл гэдэг хорт бодис хүн амьтныг хордуулж болзошгүй. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ гэдгийг тодруулж байна. Уул уурхайн сайдын тайлбараар бол Гацууртын ордыг ашиглахад хүнцэл хортой нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж