Коронавируст цар тахлын дараах эдийн засгийг сэргээх томоохон төлөвлөгөөг гаргах гэж цугларсан Европын Холбооны /EX/ удирдагчид баасан гаригт /2020.07.17/ Брюссель хотод чуулжээ. Харамсалтай нь, тэдний уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж буй ч ямар нэгэн тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Уг уулзалт хоёр өдөр болох ёстой байсан ч удирдагчид ийнхүү зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа учир уулзалтыг сунгажээ.
Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй ЕХ-ны улсууд болон хамтын нийгэмлэгийн байгууллагын нийт 27 удирдагч энэ удаад чуулж байна. Энэ бол гуравдугаар сараас хойш хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ЕХ-ны удирдагчдийн хувьд анх удаа нүүр тулан уулзаж буй уулзалт юм.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эдийн засгийн болон эрүүл мэндийн хамгийн хүнд сорилттой тулгараад буй ЕХ-ны удирдагчид тахал өвчинтэй тэмцэхэд 750 тэрбум евро буюу 857 тэрбум ам.долларын сэргээн босгох санг бий болгохоор зорин уулзаж байгаа юм. Түүнчлэн ЕХ-ны ирэх долоон жилийн төсөв болох нэг тэрбум еврогийн талаар хэлэлцэж байгаа аж.
Зарим улсууд хэрэв уг сангийн төсөв бүрдчихвэл улс орнуудад зүгээр тараах нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим гишүүн орнууд санал болгож буй 750 тэрбум евро нь хэтэрхий их мөнгө тул зүгээр буцалтгүй тусламж бус харин зээл хэлбэрээр олгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Нидерланд, Австри, Дани, Швед зэрэг чинээлэг мөртлөө санхүүгийн хувьд хэт үрэлгэн биш улс орнууд энэ мөнгийг их гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Эдгээр улсууд дээрх мөнгийг зээл хэлбэрээр улс орнуудад олгохоос гадна, олгосон зээлийг хэрхэн зарцуулж байгааг сайтар хянах нь зүйтэй гэж мэдэгдсэн байна. Мөн сэргээн босгох багцийн хэмжээг 450-500 тэрбум евро болгож танах хэрэгтэй гэж үзжээ.
Итали, Испани зэрэг улсууд уналтад орсон эдийн засгаа аль болох хурдан сэргээхийг хүсч байгаа бөгөөд цар тахлын эсрэг хангалттай ажиллаж чадахгүй байна гэж Европын Холбоог буруутгаж байна. Тэр дундаа Итали нь Европын орнуудаас цар тахалд хамгийн түрүүнд нэрвэгдэж, 35 мянган хүнээ алдаж, дэлхийд коронавирусийн улмаас хамгийн их хохирсон улсуудын нэг болоод байгаа. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте Европыг " хэтэрхий хэмнэлттэй" хүмүүс удирдаж байгаа учир байдал өнөөг хүртэл сайжрахгүй байна гэж мэдэгджээ.
Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Голландын Ерөнхий сайд Марк Рюттийг санхүүгийн тусламжийн багцыг улс төржүүллээ хэмээн буруутгаж, Орбан болон түүний холбоотон Польш улс нь ардчилсан зарчмаар хуваарилалт хийхгүй бол энэхүү санхүүгийн багц арга хэмжээнд хориг тавих болно гэж сүрдүүлэв.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ”Нидерландын Ерөнхий сайд намайг эсвэл Унгарыг үзэн ядаж байгаагийн цаад шалтгаан юу болохыг би мэдэхгүй, гэхдээ тэр над руу маш ширүүн дайрч байна. Би ийм зүйлд дургүй. Тэр энэ уулзалтын хамгийн бүдүүлэг нь байна" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Мөн уулзалтыг даргалагч Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель коронавирусийн улмаас дэлхий даяар нас барагсдын тоо 600 мянга даваад буйг сануулж, аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг уриалав.
Гэсэн ч чуулга уулзалтыг тэргүүлж буй Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Емануэль Макрон нар ням гаригийн орой /2020.07.19/ уулзалтыг орхин гарч, бусад улс орнуудтай үзэл бодол нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Ийнхүү хоёр өдөр болох ёстой байсан уулзалт дахин нэг өдөр сунгагдсан ч тэд шийдэлд хүрч чадаагүй учир уулзалт өнөөдөр /2020.07.20/ дөрөв дэх өдрөө үргэлжлэх эсвэл дахин өөр өдөр товлон уулзах гэсэн сонголттой үлдлээ.
Эх сурвалж: BBC, DW
Холбоотой мэдээ