"Ирээдүйгээ гэрэлтүүлэх нь “М-Кор” ток шоуны зорилго" | News.MN

"Ирээдүйгээ гэрэлтүүлэх нь “М-Кор” ток шоуны зорилго"

"Ирээдүйгээ гэрэлтүүлэх нь “М-Кор” ток шоуны зорилго"

"Ирээдүйгээ гэрэлтүүлэх нь “М-Кор” ток шоуны зорилго"

Амьдрал хурдалж, амт нь тодорч, үнэр нь ханхийдэг газар гэж Солонгос орныг тодорхойлмоор. Цаг, нартай уралдан босч, хүн хүнээс түрүүлж алхахгүй бол хоцорчих гээд ч байгаа юм шиг мэдрэмж…

Монголчуудын нэг хэсгийг хооллож, хөдөлмөрлүүлж, хөгжүүлж, төлөвшүүлсэн газрын нэг бол энэ улс билээ. Тэр дунд унаж, босож, өсөн өндийгөөд үеийнхнээ манлайлж, тодоор гэрэлтэж байгаа залуусыг онцлон танилцуулдаг “М-Кор” ток шоу хоёр дахь дугаараа үзэгчдэд хүргээд байна.  Тулааны спортоор түүчээлж буй М.Нандин-Эрдэнэ анхны дугаарын зочин байсан бол “Юниверсал балет” компанийн гоцлооч О.Ганцоож, гэргий М.Мөнхтуяагийн хамт хоёр дахь дугаарыг өнгөлжээ. Хийц, чанар, агуулгаараа анхаарал татаж буй энэ контентын тухай шоуны хөтлөгч Б.Уран-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр БНСУ-д аялал жуулчлалын менежер мэргэжлээр суралцдаг юм.


-“М-кор” ток шоу хоёр дахь дугаараа үзэгчдэд хүргэлээ. Солонгост амжилттай ажиллаж амьдарч яваа монголчуудынхаа түүхийг үзэгчдэд хүргэж илүү ойроос мэдээлж байгаа танай баг хамт олонд баяр хүргэе. Ток шоу бүтсэн түүхээс яриагаа эхэлье.

-Анхны дугаар алдаа, оноотой байсан ч бид бусдаас суралцаж, ахиж дэвшихийг хичээн ажиллаж байгаа. Хоёр дахь дугаар маань ч бас авьяаслаг нэгэн гэр бүлийн халуун дотно яриа, чин сэтгэлийн үгсийг дэлгэхийг зорьж ажилласан байгаа.

Энэ шоуг санаачлагч “МКОР ХӨТӨЧ” компанийн захирал Ү.Ихмандал ах маань Солонгос улсад анх удаа монголчууддаа зориулсан зар, лавлах мэдээллийн Мкор аппликейшныг 2019 оны гуравдугаар сард нээлтээ хийснээс хойш одоогийн байдлаар 11,500 орчим хүн татаж аваад өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг апп болгож чадсан.

Апплекейшнийхаа нэг жилийн ой дээр Солонгост байгаа монголчууддаа зориулан энд өрнөж буй цаг үеийн мэдээллийг үнэн бодит эх сурвалжаас нь цаг алдалгүй хүргэх зорилгоор мэдээ мэдээллийн  www.mkor.mn вебсайтыг 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс ажиллуулж эхлээд байгаа юм.

Мэдээ мэдээллийн энэхүү шинэхэн суваг маань цаашид Солонгос улсад ажиллаж амьдарч буй болон тус орныг зорин ирэгсдэд зориулж маш олон сонирхолтой контентуудыг бэлтгэн хүргэхээр төлөвлөн ажиллаж багаа. Үүний эхлэл болгон “МКор ток шоу”-г хийхээр болж хөтлөгчөөр ажиллах санал тавьсан юм.

Миний хувьд энэ саналыг их талархан хүлээн авч, хичээнгүйлэн ажиллаж эхлээд байна.

-Хөтлөгч хийх, ярих ур чадвартай байх, оролцогчоо хөтлөн яриулах гээд сэтгүүл зүйд шаардагдах ур чадварыг өөртөө сайхан төлөвшүүлжээ. Багадаа энэ чиглэлд авьяастай байсан уу?

-Намайг магтаж, урамшуулж байгаа танд баярлалаа. Би хувьдаа хөтлөгч хийх ур чадвар дутуу, суралцах зүйл маш их байгаа хэмээн бодож хичээж явж байна. Долоон жилийн өмнө тайзны үйл ажиллагаа хөтлөх боломж олдож тэрнээс хойш Солонгос улсад болж буй олон арга хэмжээг хөтөлсөөр ирсэн. Энэ хугацаанд чамгүй их зүйл сурлаа, гэхдээ бас зөндөө л зүйлс гарч ирсээр л байна. Цаашид ч гэсэн хичээсээр суралцсаар байх болно.

-Өөрийнхөө хийж байгаа ажлын юугаар нь хамгийн их бахархдаг вэ?

-Би яг одоо Солонгос улсад амьдарч, эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгаа авьяас, чадвартай, дайчин залуусыг олон хүнд таниулж, түүгээр дамжуулан залуу үедээ урам зориг өгөхийг зорьж байгаа “МКОР” ток шоуны төслийн багаараа болон өөрөө түүнийхээ нэг эд эс нь болон ажиллаж байгаадаа маш их бахархаж байна.

-Монголчууд хаа ч сайхан амьдарч, авьяас чадвараа тодруулах хүчтэй байдаг. Таны хувьд Солонгосыг анх ямар зорилгоор зорьсон бэ?

-Анх зуны амралтаараа ээж, аав дээрээ ирж байлаа. Тэгээд энд өөрөө хөдөлмөрлөж, тэр үр шимээрээ суралцах боломжтойг харж, эндээ үлдсэн. Арван жил болж байгаа.

-Левел ахиад хийдэг ажил гэж бодвол та амьдралдаа ямар хэмжээний амжилт үзүүлээд байна вэ?

-Ингэж бодоод 10 оноогоор үнэлвэл тав хавьцаа байгаа болов уу. Маш их дутуу дулимаг зүйл байдаг. Суралцсаар яваа болохоор цаашид ахиж, үүнээс илүү дэвшил гаргана гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Та хэнээс үлгэрлэн дуурайж, ямар ямар ур чадварыг өөртөө бий болгохыг зорьдог вэ?

-Долоон жилийн өмнөөс тайзан дээр гарч хөтөлж эхэлсэн гэж дээр хэлсэн шүү дээ. Ер нь тэр үеэс л нөхрөөсөө суралцдаг байсан. Надаас илүү ур чадвартай, авьяаслаг залуу.

Бас сэтгүүлч, нэвтрүүлэгч С.Чимгээ эгчийг үлгэр дууриалаа болгож суралцахыг зорьдог. Мөн Гавьяат жүжигчин И.Одончимэг эгчийн ток шоуг хараад хүмүүсийн яриаг чин сэтгэлээсээ сонсож, хамтдаа догдолж, уйлж, инээж байгааг нь бас үлгэр болгохсон гэж хичээсэн. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг хөтлөгч байхын төлөө хичээж, ярилцах сэдэвтээ чухалчлан анхаарч байгаа.

-БНСУ-д гэр бүлээрээ амьдардаг уу. Гэр бүлийнхээ хүний тухай ярьж өгнө үү. Бас л авьяастай залуу байгаа юм байна.

-БНСУ-д арван жил амьдарч байна. Нөхөртэйгээ учраад бараг найман жил болж байна. Нөхөр маань энд дуулаачаар суралцаад одоо төгсөж байна. Авьяаслаг, хөдөлмөрч, тэмүүлэлтэй залуу. Н.Идэрмөнх гэдэг.

-Цаашдаа мэргэжлээрээ ажиллах, бизнес эрхлэх эсвэл одоо хийж байгаа ажлаа хийх үү?

-Мэргэжлээрээ ажиллах хүсэл мөрөөдөл бий. Нөхөртэйгээ хамт энтертайнмент компани үүсгэн байгуулаад энд байгаа залуу үеийг төлөөлөн Монгол Улсынхаа нэрийг Солонгост таниулсан олон зүйлсийг хийхийг хүсч байгаа.

-Таныг юу хамгийн их аз жаргалтай болгодог вэ?

-Миний гэр бүл, миний хүү бол энэ амьдралын минь хамгийн том баяр баясгалан, аз жаргал. Хоёрдугаарт, эндээ үйл ажиллагаа зохион байгуулж, солонгос дахь монголчуудынхаа нэрийг бага ч атугай ахиулаад, тэр зүйлдээ зорьж бэлдээд явдаг цаг үе минь маш их хөгжилтэй, дурсамж дүүрэн байдаг.

-Ток шоу гарснаас хойш хүмүүсээс сонссон хамгийн сайхан урмын үг юу вэ?

-Олон сайхан хүн урам зориг өгч, дэмжсэн дотроос манай баг хамт олныг магтсан нэг сэтгэгдэл маш их таалагдсан. Нэвтрүүлгийн найруулга, санаа сайн байна гээд олон түмэн хүлээж үздэг сайхан нэвтрүүлэг болох нь ээ гэсэн байсан. Бид ч яг үүний төлөө зорьж байгаа. Олон нийтэд сайхан эерэг энерги түгээж, түүгээрээ хойч үеэ гэрэлтүүлэхийг хүсч байгаа учраас түүнийг олж харсан үзэгчдэдээ маш их баярлалаа.

-Монгол хүн эх орондоо байх мэдээж дуртай, хайртай л байгаа. Гэхдээ аж төрөн амьдран сууж байгаа Солонгос орных нь хамгийн сайхан нь юундаа байдаг вэ?

-Монголын бүх зүйл сайхан. Үндэсний өв соёл, тал хээр, ургамал ус гээд л… ингээд ярихад л эх орноо маш их санаж байна. Монголдоо очоод ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл бий.

Солонгос орны хувьд монголчуудад үр өгөөжөө өгч, монголд байгаа ар гэрийнхнийх нь санхүүд дэм, тус болдог орон шүү дээ.

Эндээс суралцах зүйл их бий. Энгийн зүйлсээс жишээлбэл харилцааны соёл, тэр дундаа үйлчилгээний газрын харилцааны соёл маш өндөр. Бас интернетийн хурдаараа дэлхийд тэргүүлнэ. Ийм технологийн дэвшил, өндөр хурдны интернет сүлжээ улс орны хөгжилд түлхэц үзүүлдэг болов уу.

-Солонгост анх очоод хамгийн хэцүү нь юу байсан бэ?

-Хэлний бэрхшээл хамгийн хэцүү байсан. Хэлгүй учраас олон хүнд ажил хийж үзсэн. Хүнд ажлаасаа болж ядраад ганцаараа уйлж ч байлаа. Өмнө нь ээж ааваасаа мөнгө аваад эрхэлдэг байсан бол ажлын хүндийг, бэрхшээлийг үзэж, туулсан. Ямартай ч тэр үеэ давж гараад өөртөө сэтгэлийн хат бага ч атугай суулгасан байх хэмээн боддог доо.

-Монголчууд маань мэдээж сурахын зэрэгцээ зөвшөөрөгдсөн хэмжээгээр янз бүрийн ажил хийдэг. Чи ямар ямар ажил хийж үзсэн бэ?

-Төмрийн үйлдвэр, газар  тариалан, зочид буудал, оёдлын үйлдвэр, хэвлэлийн үйлдвэр гээд нэрлэвэл хийж үзээгүй цагийн ажил байхгүй ээ. Солонгост байгаа олон монгол оюутан ингэж ажиллаж, амьдардаг. Энэ бүхэн биднийг тэсвэр тэвчээртэй болгож, илүү том боломж нээж өгдөг. Ямар ч ажлыг гололгүй хийгээд сурчихвал хойшдын олон бэрхшээлийг давах хүчтэй болно оо.

-Танай ток шоуг дэлхийн өнцөг булан бүрээс мэдээж үзэх боломжтой. Энэ шоугаа хийхдээ ямар зүйлийг хүмүүс ойлгоосой гэж хамгийн их хүсч байгаа вэ?

-БНСУ-д ажиллаж амьдарч яваа залуу үеийн төлөөллийг илүү олон хүмүүст үзүүлж, түүгээр дамжуулан та ч бас энэ хэмжээнд хүрч чадна гэдэг урмыг илгээхийг хүсч байгаа. Хүн болгонд авьяас, чадвар бий. Түүнийгээ нээгээд үзээрэй. Дараа манай ток шоуны зочин болон уригдах боломж танд ч бас бий шүү.

Ярилцсанд баярлалаа.  

Тулааны спортын тамирчин М.Нандин-Эрдэнэ, “Юниверсал балет” компанийн гоцлооч О.Ганцоож, гэргий М.Мөнхтуяагийн хамт оролцсон “М-Кор” ток шоуг дараах холбоосоор үзнэ үү.

https://www.facebook.com/watch/?v=1158377074524119

 https://www.facebook.com/watch/?v=2851025195020284

Ж.СОЛОНГО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Chimeg 2020-07-20 117.111.5.117

Mkor talk show-nii dugaar buriig huleen uzdeg bolson. Hutlugch ohin sain hutulj bailee. TV-n salbart sain hutlugch, nevtruulegch boloh nee. Tsaashid olon saihan nevtruuleg hiigeerei. Ajild ni amjilt husey. Bayrlalaa MKOR

Avatar

Наран 2020-07-20 211.36.159.167

Үнэхээр сайхан контент болсон байна лээ. Дугаар болгоныг нь үздэг шүү. Цаашдаа илүү мундаг хүмүүсийг танилцуулаарай

Avatar

Болд 2020-07-20 112.152.56.125

Их сайхан ток шоу болсон байна лээ. Солонгос дахь Монголчууд үнэхээр амьдралын төлөө цаг нартай уралдан байдаг ертөнц шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж