Оросын харъяат иргэд Арктикийн бүс нутагт газрыг үнэ төлбөргүй эзэмших боломжийг хуулийн шинэ зохицуулалт олголоо. Энэ эрхийг нээхийн тулд шинэ хууль батлаагүй бөгөөд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Юрий Трутневийн санаачилгаар Алс Дорнодын гектар хуульд өөрчлөлт оруулах замаар шийдсэн байна.
Хуульд зааснаар Арктикийн бүсэд хамаарч байгаа бүс нутгийн удирдлага хаана, ямар газрыг иргэдэд эзэмшүүлж болохыг шийдэх юм. “Ингэхдээ тухайн бүс нутгийн уугуул цөөнх иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байх ёстой. Тийм учраас орон нутгийн удирдлага эзэмшүүлэх газрын хил хязгаарыг тогтоох юм” хэмээн Алс Дорнод, Арктикийн бүс нутгийн Хүний хөгжлийн агентлагийн захирал Сергей Ховрат РИА Новости-д ярьсан байна.
Газрыг эхний ээлжинд таван жилийн хугацаатай иргэнд ашиглуулах бөгөөд хугацаа нь дууссаны дараа эзэмших, эсвэл урт хугацаанд түрээслэх эрх үүсэх юм. Иргэн газар дээрээ байшин барих, эдийн засгийн аливаа үйл ажиллагаа эрхлэх бүрэн эрхтэй.
Хуульд зааснаар Арктикийн бүсэд хамаардаг Мурманск муж, Ненецийн автономит тойрог, Ямало-Ненецийн автономит тойрог, Красноярскийн хязгаарын 23 дүүрэг, Архангельск муж, Коми болон Карели улсын хуурай газарт иргэд газар эзэмших боломжтой. Харин Арктикийн бүсэд хамаардаг Чукотский автономит тойрог, Якутад газар эзэмшихгүй юм.
Эхний хагас жилд Арктикийн бүсэд оршин суудаг иргэд газар эзэмших хүсэлтээ илэрхийлнэ, харин зургаан сарын дараагаас ОХУ-ын иргэн хэн ч гэсэн газар эзэмших эрхээ нээлгэж болох ажээ.
Оросын Арктикийн бүс нутагт 2,5 сая хүн оршин суудаг.
Холбоотой мэдээ