Хаа таарсан газраа хогоо хаядаг дотоодын аялагчдын зохисгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа талаарх мэдээлэл чих халууцуулах болсон. Иймээс дотоодын аялагчдын зорин очдог газруудын нэг Хар зүрхний хөх нуураас энэхүү сурвалжлагаа бэлтгэлээ.
Цэцэг дэвссэн цэлгэр тал, ногоорон дуниартах хөдөө нутаг цэлэлзэх нь хэн бүхний сэтгэлийг баясгана. Гэвч хаа нэгтээ ууттай, уутгүй хэсэг хог хөглөрөх нь бухимдал төрүүлнэ.
Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум тийш 200 км орчим засмал замаар яваад үргэлжлүүлэн 35 км шороон замаар явсны эцэст зорьсон газартаа хүрэв. Очих зам тийм ч бартаатай биш тул саадгүй явсаар ирсэн юм. Тус бүсэд ороход байгаль хамгаалагчид жолооч бүрд хогийн хоёр ширхэг уут тараагаад “Хогоо энэ уутанд хийгээд, явахдаа хүлээлгэж өгөөрэй” гэж байлаа. Мөн газар ус хөндөхгүй, ургамал ногоо таслахгүй, мод бут тайрахгүй, хугалахгүй хүндэтгэлтэй хандахыг захина.
Жуулчид хашааны гадна машинаа үлдээгээд дотогш ороход өнө эртний түүхийг өөртөө шингээж, хүмүүний харааг баясгасан нуур цэлэлзсээр угтана.
Хар зүрхний хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилж байжээ.
Аялагчид нуурыг тойрон байршсан амралтын газруудаас сонгон гэр эсвэл байшинд мөн зөвхөн байгаль хамгаалагчийн зөвшөөрсөн газарт майхантай хонож болох юм. Харин хоноглох газартаа төвхнөөд амжсан хэсэг нь нуурыг тольдохоор алхана.
Хар зүрхний хөх нуурын эрэгт ойртох амаргүй. Нуурын усанд орох, сэлэх, загас барих, нуурын эргээр алхах талаар санах ч хэрэггүй. Нуур намаг балчгаар хүрээлэгдсэн болохоор дээрх зүйлсийг хийх ер боломжгүй. Зөвхөн хажуугаас нь ханатлаа харах л боломжтой. Тиймээс жуулчид нуурыг хажуугаас нь хараад дараа нь нуурын эрэг дээр байрлах Чингис хаанд зориулсан хөшөө дурсгалын зүйлсийг үзнэ. Тус хөшөөг Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон бөгөөд түүнийг тойруулан хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байх аж. Хүүхдүүд “Энэ хэн гэдэг хаан бэ” гэж асуухад ээж, аав нь “Урд нь байгаа самбар дээрх тайлбарыг унш” гэж байсан бол зарим нь самбар дээрх гандаж, баларсан тайлбарыг хичээнгүйлэн уншиж өгч байв. Мөн хаадыг модон дээр сийлсэн тул модтой цуг хаадын дүрс хагарч, өнгө зүс нь гунджээ.
Эдгээрийг үзэж байхдаа ч хогийн уут барьж яваа аялагчтай таарсан юм. Хог үлдээгээд явж байгаа нэг ч хүнтэй таарсангүй. Амралтын газруудын үүдээр, нуурын хөвөөгөөр, модны хажууд ил харагдах нэг ч хог байсангүй. Харин модон дотор цагаан идээ болон чихрээр таваг засч үлдээсэн байв. Үүнийг эс тооцвол дотоодын аялагчид татсан тамхиныхаа ишийг ч үлдээхгүйг зорьдог болжээ. Үүнд байгаль хамгаалагч болон амралтын газар ажиллуулж байгаа хүмүүсийн шаардлага, иргэдийн санаачилга ч нөлөөлж байгаа биз.
Нуурын гоо үзэсгэлэнг тольдсон аялагчид хэсэг хэсгээрээ нэгдэн гар бөмбөг, хүүхдүүд дээс, бөмбөг тоглож, Хар зүрхний нөх нуурын хөвөө жаргалтай хүмүүсийн дуу хөөрөөр халгина. Ингээд 00.00 цагт мотор унтарч, гэрэлгүй болохтой зэрэгцэн хүн бүр унтаж амрахаар тарцгаав. Саяхан дуу хөөрөөр халгиж байсан хүмүүс дүнгэр дүнгэр ярилцаж, аажмаар тэр хавьд салхинаас өөр чимээгүй болов.
Гэхдээ хүмүүсийг амарч, тоглож байхад салхины аясаар модон “00”-ийн үнэр тамтаггүй үнэртэж, ая тух алдагдуулж байлаа.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жил Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын төв” болгосон. Хар зүрхний хөх нуурыг зорин очих аялагчдад үзүүлж буй үйлчилгээг ч сайжруулах шаардлага тулгарчээ. Тухайлбал, Хар зүрхний хөх нуур хүрэх зам харьцангуй бартаа багатай ч нэгэнт түүхэн аялал жуулчлалын төв болгох гэж байгаа бол нуур хүрэх замыг хатуу хучилттай болгох шаардлагатай байна. Нууранд найдвартай, бат бөх гүүр хийж, зорьж очсон хүмүүсийг нууртай илүү ойртуулах боломжоор хангах шаардлага ч байна.
Мөн Алтан ургийн хаадыг модон дээр сийлсэн нь хагарч үзэмжээ алдсан тул чулуун дээр сийлэх зэргээр үзэмжийг нь сайжруулж, алтан ургийн хааддаа хүндэтгэлтэй хандах. Жуулчдыг үргээж, тав тух алдагдуулдаг нүхэн жорлонгоос салж, шинээр боловсон "00"-той болох шаардлага байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ