МАН-ын олонх олонхийн эсрэг байгаагаа харууллаа

Хуучирсан мэдээ: 2020.07.20-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын олонх олонхийн эсрэг байгаагаа харууллаа

МАН-ын олонх олонхийн эсрэг байгаагаа харууллаа

Монголын төр “ухаалаг” болж, төрд ажиллах хүнийг далд оюун ухаанаараа таниад сонгодог болжээ гэсэн супер онигоо өнгөрсөн долоо хоногийн дуулианы нэг байлаа.

 У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн Пүрэв гаригт (2020.07.16) ээлжит бусаар хуралдаж, яамдуудын дэд сайдуудыг томилсон бөгөөд эдгээр сайд дотор Ө.Энхтүвшингийн хүү Золбоо багтсан нь төрийн алба төрлийн алба болсныг дахин нотолсон.

Харин энэ яриаг цайруулах гэж Ө.Энхтүвшин “намайг мэдээгүй байхад миний хүүг томилсон байна лээ, Монголын төр хүнээ таньдаг болж” хэмээн илүү үг хэлж хүзүүгээ ороосон.  УИХ-д тавантаа сонгогдсон Ө.Энхтүвшин Монголын төрд ойр байхгүй л бол амьдрах чадваргүй гэдгээ харуулсан гэж ойлгож болно. Харамсалтай нь төрөөс төлжихгүйгээр бие даан амьдрах чадваргүй улстөрч нэртэй сүрэг паразитуудыг бий болгосон нь гашуун үнэн.

Төр “ухаалаг” болсныг нотлох хоёр дахь жишээ мөн өнгөрсөн долоо хоногт тохиолоо.

Ардчиллын үзэл санаа, суурь зарчмуудыг тээж явдаг, улс орны эдийн засгийн хөгжлийг толгойдоо харж чаддаг Ардчилсан намын угшилтай хүмүүст шүүхээс ял оноов.

УИХ-ын сонгууль угтуулан эхэлсэн шүүх ажиллагаа өнгөрсөн Баасан гаригт эцэслэж ял оноолоо. УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханд тус бүр дөрвөн жил, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан болон түүний удирдлагад ажиллаж байсан Б.Бадрал нарт тус бүр 1,6 жилийн ял оноолоо. Эдгээр хүнийг 2009 онд зурагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд Дубайд зурагдсан Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан албан тушаал, авлигын хэрэгт буруутган Монголын шүүх ял оноов.

Монголын анхны ардчилсан Ерөнхий сайд М.Энхсайханд сонгуулийн өмнө буюу 2020 оны тавдугаар сарын 7-нд 4.6 жилийн ялыг мөн оноосон.

Энэ хоёр кэйс Монгол улсад буруутныг шийтгэх үйл явц хуулийн дагуу хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа учраас нийгэмд талцал үүсгээд байна. Төрийн эрх барих болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын шийдвэрийг гүйцэтгэснийхээ төлөө эдгээр хүнд ял оноосон. Оюутолгойн гэрээг УИХ дэмжиж, С.Баяр Ерөнхий сайдын үед зурагдсан гэрээ бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан хүний нэг нь С.Баярцогт, Дубайд зурагдсан санхүүжилтийн төлөвлөгөөг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед зурсан бөгөөд Б.Бямбасайхан нь тухайн үед стратегийн ордуудын үйл ажиллагааг төрөөс зохицуулах үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан, М.Энхсайханыг Тавантолгойн төмөр замын гэрээтэй холбогдуулан хэрэгт татсан ч эцэстээ албан тушаалаа урвуулан төсвийн мөнгөөр өндөр үнэтэй машин худалдан авсан хэрэгт буруутган ял оноосон бөгөөд Тавантолгойн төмөр замын гэрээ нь цаасан дээр л үлдсэн болохоос хэрэгжиж улсад хохирол учруулаагүй. Өөрөөр хэлбэл, гэм буруутай болгохыг ихэд хичээсэн. Хоёрдугаарт, эдгээр хүн бүгд Ардчилсан намын угшилтай. С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлийн /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 2 дахь хэсэгт /Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ зааснаар прокурор яллах дүгнэлт гаргасан.

2016-2020 оны МАН-ын үнэмлэхүй олонх парламентын гишүүдийн үйлдсэн ЖДҮ-гийн хэрэг Эрүүгийн хуулийн 22.1-ийн 2 дахь заалттай яв цав таарч байхад энэ хуулийн заалт яагаад тэдэнд үйлчилсэнгүй вэ?

ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдэд УИХ-д дахин нэр дэвших эрхийг олгоогүй учраас тэд хариуцлагаа хүлээсэн гэсэн үг хэмээн намын дарга нь хэлснийг бүгд санаж байгаа байх. Хууль зөрчсөн хүнд шүүх ял оноох ёстой болохоос биш нам гэм бурууг нь шүүх эрхгүй нийгэмд бид амьдарч байгаа биш гэж үү.

Тэгэхээр Ардчилсан намын угшилтай эдгээр хүмүүст ял оноосон үйл явц нь Эрүүгийн хуулийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэсэнтэй харшилж байна.Хууль тэгш үйлчлэхгүй нийгэмд хүн ямар итгэл үнэмшилтэй, ямар ирээдүйг төсөөлж амьдрах вэ? Гахай хуулиас дээгүүр байж, бусад нь хуульд захирагдах нийгмийг МАН бий болголоо гэж ойлгох нь бодит үнэн болж байна. Төрийн дээр нам байлгахгүй гэдэг сонголтыг бид 30 жилийн өмнө хийсэн. Энэ сонголтыг үгүйсгэж байна гэж ойлгож болох нь. Ардчиллын үзэл санаа тээгчдийг намнадаг “ухаалаг” төр, албан тушаал наймаалдаг “ухаалаг” төр, төрийн эрх барих байгууллагын шийдвэрийг гүйцэтгэснийхээ төлөө ял авдаг “ухаалаг” төр бий болсон юм байна.

Гэхдээ энэ “ухаалаг” төрийн эздэд Монголын сонгогчдын тал хувь нь санал өгөөгүй. Зургадугаар сарын 24-нд болсон санал хураалтаар нийт сонгогчдын 44,95 хувь нь МАН-ын төлөө саналаа өгсөн.

Үлдсэн 55 хувийн санал “ухаалаг” төрийн эсрэг байсан гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Сонгогчдын 55 хувь нь коммунист угшилтай МАН-ыг ухаалаг гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Ардчиллын үзэл санааг тээгчдийг онилон ял оноож байгаа нь зургадугаар сарын 24-нд МАН-ын эсрэг санал өгсөн 55 хувийг онилж байгаа хэрэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
41
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж