Өмнөд Солонгос улсад байнга байршуулсан цэргийн тоогоо танах саналыг АНУ-ын Пентагоноос Цагаан ордонд хүргүүлжээ. Солонгосын хойгийг хоёр хуваасан 1950-1953 оны дайнаас хойш АНУ-ын 28 мянга 500 цэрэг БНСУ-д үлдэн байнга байрших болсон юм. Гэвч сүүлийн жилд хойг дахь цэргүүдийн зардлыг төлөх асуудалд хоёр тал санал зөрөлджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хойг дахь цэргийн хамтын ажиллагаанд Өмнөд Солонгос улс энэ жилээс таван тэрбум ам.долларыг төлөхийг шаардсан юм. Харин Өмнөд Солонгосын талаас хэт өндөр дүнг хэлэлцээ хийснээр 1.3 тэрбум болгон бууруулж чаджээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард дууссан Тусгай ажиллагааны гэрээний дагуу Өмнөд Солонгосын талаас цэргийн зардалд 870 сая ам.долларыг төлсөөр ирсэн аж.
Пентагоноос өнгөрсөн гуравдугаар сард Ойрхи-Дорнод, Африк, Европ, Ази тив даяар тархаан байршуулсан цэргүүдээ эргүүлэн татах саналыг гаргасан аж. Үүний дунд Өмнөд Солонгос улс дахь цэргийн тоогоо бууруулах санал багтжээ. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр Герман улсад байршиж буй цэргийнхээ талыг эргүүлэн татах шийдвэр гаргасан юм. Харин Өмнөд Солонгосоос хэзээ, хэдэн тооны цэргийг эргүүлэн татахыг хараахан шийдээгүй байна.
Эх сурвалж: Yonhap
Холбоотой мэдээ