News агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Өнгөрч буй долоо хоногт олны анхаарал татсан шүүх хуралдаанууд болж, шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, Оюутолгой болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал долдугаар сарын 16-ны 09.00 цагт эхэлж, бүтэн зургаан өдрийн турш үргэлжилсний эцэст долдугаар сарын 17-ны орой шийдвэрээ танилцууллаа.
Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноосон юм.
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байдаг. Шүүх хуралдаан долдугаар сарын 6-нд эхэлсэн өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм.
Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж, ажлаа хийсэн хүн" хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАВАА ГАРИГТ ҮРГЭЛЖИЛНЭ
Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан Төв аймгийн шүүхэд долдугаар сарын 17-ны 09.00 цагт эхэлсэн. Энэ өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгийг сонссоноор шүүх хуралдаан түр завсарлаж, долдугаар сарын 20-ны Даваа гаригт үргэлжлүүлэхээр болсон юм.
Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм. Тус хэрэгт Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна О.Бямбажав, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар холбогдоод байгаа юм. Өмнө нь буюу зургадугаар сарын 8-нд уг асуудлыг шийдвэрлэх шүүх хурал товлогдсон ч шүүгчдээс татгалзах улсын яллагчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хойшилсон юм.
ЖИ ТАЙМ СҮЛЖЭЭНИЙ Э.ОЮУНЧИМЭГТ 5 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ
11 мянга 389 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан Жи тайм сүлжээний бизнестэй холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 17-нд болж, тус хэрэгт холбоотой Э.Оюунчимэгт таван жилийн ял оноов.
Хэргийг сануулахад, Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ 2017 онд Монгол Улсад дэлгэрч, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн халаасыг ухаж, өөрсдийнхөө халаасыг зузааруулсан ч өдийг хүртэл залилуулсан иргэд мөнгөө авч чадаагүй байгаа юм.
“Жи тайм” сүлжээний бизнесийн захирал Казахстан улсын иргэн М.Маратын тухайд түүнийг 2017 онд нисэх буудлаас их хэмжээний мөнгөтэй байхад саатуулсан ч 2018 оны эхээр батлан даалтаар суллагдаж байв. Эх сурвалжийн мэдээлснээр М.Марат нь одоог хүртэл ор сураггүй хэвээр байгаа гэнэ. Харин хууль хяналтынхан түүний хүүгээс нь тайлбар авахад “2017 онд Монгол Улс руу ажлынхаа шугамаар явснаас хойш аавтайгаа уулзаагүй, сураггүй байгаа” гэжээ.
Иймээс М.Маратад холбогдох үйлдлийг нь тусгаарлаж, түүний хамжигч Э.Оюунчимэг тэргүүтэй хүмүүсийн гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлж, таван жилийн ял оноов.
ДЭД САЙДУУДЫГ ТОМИЛЛОО
Засгийн газар өнгөрч буй долоо хоногт ээлжит бус хуралдаан зарлаж, яамдын дэд сайдуудыг томилж, Соёлын яамны бүтцийг батлав. Тодруулбал,
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр
- Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр
- Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
- Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
- Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зульфикар
- Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо
- Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
- Соёлын дэд сайд М.Батбаяр
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь
- Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай
- Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нарыг тус тус дэд сайдаар томилов.
Үүний зэрэгцээ Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал нь БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсон тул түүний оронд ОБЕГ-ын даргын албан тушаалд Г.Ариунбуянг Засгийн газрын хуралдаанаар томиллоо.
Холбоотой мэдээ